Хувийн хэвшлийн ААН-үүд Хөгжлийн банкны зээлээ хамгийн идэвхтэй төлж байна

2022-06-20
1 min read

Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт, авч буй хариу арга хэмжээ, банкны өнөөгийн байдлын талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хөгжлийн Банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна. “Самурай” бондын эргэн төлөлтийн 248.9 орчим сая ам.доллар нь шийдвэрлэх боломжтой тоо.

Хөгжлийн Банкны зээлийн өр барагдуулалт 2022 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна” гэлээ.

Мөн зургаадугаар сарын 16-нд нэг зээлдэгч нэмж 20 тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж байгаа ажээ.

Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж байгаа бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зээлээ хамгийн идэвхтэй төлж эхэлсэн байна. Харин төрийн өмчит компаниудад хамаарах өрийг барагдуулах Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл явц үргэлжилж байгаа ажээ.

Орчуулах »
error: Content is protected !!