Байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэв

2022-06-20
1 min read

Монгол Улсын Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг 2022 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дүгээр хурлын 6 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгэн баталгаажууллаа.

Монгол Улс нь Их говийн дархан цаазат газрыг 1991 онд, Богд-Хан уулыг 1997 онд, Увс нуурын ай сав газар нь 1997 онд, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг 2002 онд , Дорнод Монголыг 2005 онд, Монгол Дагуурыг 2007 онд, Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 онд тус тус ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангиллаар тус тус бүртгүүлсэн. Мөн 2021 онд Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газрын ангилалд бүртгүүлсэн.

Хөвсгөлийн БЦГ нь Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг дангаараа эзэлдэг байгалийн хосгүй үзэсгэлэнт нутаг юм. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг зорин ирэх жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор тус сав газрын бохирдол ихсэж байна. Мөн дэлхийн цаг уурын дулааралд өртөж тус нутгийн агаарын дундаж температур сүүлийн 40 гаруй жилд 1.7°С–ээр нэмэгдсэн байна. Мөн цэвдэг гэсэж, мөнх цас хайлах үйл явц эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан Хөвсгөл нуурын талбайн хэмжээ нь нэмэгдэж байна.

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тус газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах ач холбогдолтой юм.

Орчуулах »
error: Content is protected !!