Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төр хариуцна

2022-06-16
1 min read


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ.
Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. Мөн, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай хагалгаанд орох хүүхдийн асуудлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх, эмчилгээний арга технологийг нутагшуулах замаар эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах,
Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, сэргээн засахад шаардлагатай хүний нөөц, оношилгооны лаборатори, тоног төхөөрөмж, эм хэрэгслийн тооцоо судалгааг гаргаж, хөрөнгийг шийдвэрлэх,
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг эмнэлгийн мэргэжилтэнд олгох цалин, урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх,
Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажил хөдөлмөр эрхлээгүй эх эсхүл эцэг, хууль ёсны асран хамгаалагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, улсын төсвөөс төлөх талаар холбогдох хуульд тусган, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх,
Нийгмийн халамжийн тэтгэврийг 288 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийх, 2023 оны төсөвт тусгах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх,
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг, тохируулгын тогтолцоог хөгжүүлэх,
Тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтний зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган хэрэгжилтийг хангах,
Боловсролын сургалтын байгууллагын гадна, дотно орчныг хөгжлийн бэрхшээлтэй суралцагч сурах нөхцөлөөр бүрэн хангах зэрэг салбар бүрт цогц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр тус хуралдаанаас шийдвэрлэлээ.

Орчуулах »
error: Content is protected !!