Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, тус эмнэлгийн комиссийн шийдвэрийг үндэслэл болгон Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргав. Гэхдээ хилээр гарах эрхийг нь хязгаарласан хэвээр. Оросын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчирснаас хойш Д.Эрдэнэбилэгт хилийн хориг тавигдсан гэхэд ташаарсан болохгүй.
Д.Эрдэнэбилэгийн биеийн байдал хүнд, Монголд эмчлэгдэх боломжгүйгээр дордсон гэдгийг эрх баригчид мэдэж байгаа.
Тэд түүнийг шоронд үхүүлчихээс өмнө гаргасан нь энэ биз.
“Алтжин групп”-ийн захирал агсан Г.Алтан яг ийм байдалтайгаар, хил давж эмнэлгийн үйлчилгээ хөгжсөн орнуудад очиж эмчлүүлэх, амьд явах эрх нь хаалттай байсаар энэ Монголоос үүрд явсан.
Тэрбээр шалгагдаж байх явцдаа биеийн байдал нь эрс дордож, гадаадад эмчлүүлэх шаардлага тулгарснаа учирлан хилийн хоригийг цуцалж өгөхийг түмэнтээ хүссээр хорвоог орхисон. Монголын ТӨР түүнийг алгуураар “цаазалсан” нь үнэн.
Энэ процесс Д.Эрдэнэбилэг дээр давтагдаж байна. Тэр гэмт хэрэгтэн, ялтан биш.
Хэдэнтээ цагдан хорьж, эд хөрөнгийг нь хураан даапаалж байгаа ч түүнийг буруутгах үндэслэл нь олдохгүй байгаа.
Үйлдвэрлэгч орон болж хөгжсөн олон улс орны жишгээр тухайн үеийн эрх баригчид бизнес эрхлэгчдээ дэмжсэн, устаж алга болж байсан үйлдвэрүүдээ босгох, аврах аргаа олж ядахдаа концессийн гэрээгээр зарим нэг үйлдвэрүүдээ хатуу гэрээ хэлцэл дор даатган, хариуцуулсан. Үүнд Д.Эрдэнэбилэгийн, түүний гэгдэх Кью Эс Си компанийн буруу гэж үгүй.
Тэр Оросын талд байсан 49 хувийн эзэмшлийг олж ирсэн. Түүний буянаар цар тахлын үеийн ядуурал, хүндрэл бэрхшээлийг чадан ядаж туулж явна.
Нэгэн иргэнийг 478 хоног цагдан хорьж, эцэст нь гэм буруугүй гээд сулласан гашуун түүх Монголын ТӨР-д бий… Түүний машиныг нь хурааж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хашаанд орхисон байх үед юу ч үгүй тоногдон төмрийн сэг болсон. Цагдан хоригдох хугацаанд сургуулиас хассан, найз нөхөд, гэр бүлийнхэн нь итгэл алдарсан гээд хөрөнгө, эд материалаас гадна сэтгэл санаа, бие махбодийн үнэлж баршгүй хохирол амссан. Тэр 478 хоногийн дараа эрүүл мэндийн хувьд эргэж нөхөшгүйгээр өвчилсөн байсан ч шүүхээс ердөө 9.2 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаад гудманд хаясан новшийн жишээ Хүний эрхийн комиссын баримтад бий.
Бид амьд явах, аюулгүй, тайван орчинд амьдрах эрхтэй. Бидний зорчих эрхийг ч Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тав зургаан жил тасралтгүй шалгаад гэм буруутайг нь тогтоож чадаагүй байж зорчих, шаардлагатай эмнэлгийн үйлчилгээ авах эрхийг нь ийм олон жилээр хаан тамлах эрх хэнд ч үгүй. Энэ эрхээ эдлэхэд ялгарлан үзэхгүй байх заалт ч бий.
Харамсалтай нь МАН-ын эрх барьж буй цаг үеүдэд эцэг хуулийн үндсэн зарчим алдагдаж, хүний эрх хөсөр хаягдан цаазын ял алгуураар гүйцэтгэгдэж байна гэчихэд хилсдүүлсэн болохгүй.
Д.Эрдэнэбилэг гэдэг хүний тухайд улстөрчдийн нэгэн адил, оноож нэрлэвэл С.Баяр даргын адил хилийн чинадад худалдаад авчихсан үл хөдлөх алга. Оффшор бүсэд нуучихсан амбаар, данс тооцоо алга… Түүнийг шалгаж цагдсан зургаан жилийн хугацаанд ямар нэг сэжигтэй зүйл илрүүлж олсон гэх баримтгүй л байна.
Түүний бизнес, түүний гэр бүл, түүний гэх бүх зүйл энд бий. Эх орноо гэх, үндэстнээ гэх сэтгэлгүйдээ л Оросын талаас 49 хувийг нь чирч ирж үйл лайгаа эдэлж суув гэж…
Тэр элэгний архаг циррозтой, цагаан бөөмийн дутагдалтай. Олон жил энэ оношоороо эмчийн хяналтад явааг адаглаад л хорих ангийн эмнэлэг, эмч нар гэрчлэх биз. Дотуур цус алдан амь насаа алдах өндөр эрсдэлтэй гэдгийг мэдсээр байж эмнэлгийн үйлчилгээ авах эрхийг нь хааж боосоор байгаа эрх баригчид түүнд цаазын ял оноочихсон байгаатай адилхан харагдаж байна.
Түүний гэх бүгдийг нөхөн олговоргүйгээр дээрэмдчихээд амьд явах эрхийг нь дээрэмдэн тонох эрх Монголын ТӨР-д үгүй.
Томоохон татвар төлөгчид, бизнес эрхлэгчдэдээ ингэтэл хатуурхаж буй Монголоос хөрөнгө оруулагчид дайжиж, айж, сонсохыг ч хүсэхгүй байгаа нь ҮНЭН.
Хөрөнгө оруулалтууд зогсч, хөрөнгө оруулагчид зугтсан фактыг хөдөлшгүй судалгаатайгаар тусад нь хүргэнэ.
Ямартай ч эрх баригчдын эзэрхийлэл иргэдийнхээ эрүүл, амьд явах эрхийг боомилох, алгуураар “цаазлах” аймшигт хэлбэрээр үргэлжлэх ёсгүй. Манайхны иргэдээ 30 хоног баривчлан саатуулах хугацаанд гадныхан гэм буруутай эсэхийг тогтоогоод аль хэдийнэ нэг тийш нь шийдчихэж байна. Гэтэл Монголын төр, Монголын шүүх, прокурорууд хичнээн хоног, хичнээн он жилээр тамлан зовоож, эрүүл мэнд амь насыг нь харх мэт мэрж байна.
Шалгаж цагдаж байгаа гэх нэр дор хичнээн хүний эрүүл мэнд, амь насыг үгүй хийсэн жишээ фактуудыг бид цувралаар хүргэх болно.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо