Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр өр шир, өгөө аваатайгаа хувьчлагдсан ч хувьчилж авсан нөхөд нь нойтон аргын технологиор үргэлжлүүлэхийг хүсээгүй тул үйлдвэрийн дэргэдэх хогийн цэг дээр хуурай аргын шинэ үйлдвэр барьж ашиглалтад оруулсан байдаг.
Ингэснээр Эрээнээс хараат байсан цементийг дотооддоо үйлдвэрлэн 100 хувь хангадаг болоод ирэх үед төрийн эрхэнд гарсан улстөрчдийн шунал асч төдийгөөс өдийг хүртэлх бүхий л менежмэнтийг хийн өөд нь татаж ирсэн “сахал” хочит Д.Эрдэнэбилэг гэж хүнийг буруутган шүүж байгаа.
Аль ч улс орон үйлдвэрлэгч болж, эдийн засгаа хүчирхэг байлгахын тулд томоохон татвар төлөгч, том группийн эздийнхээ үгийг сонсч, бодлогодоо тусгаж, тэднийхээ бизнес эрхлэх орчинг таатай болгон дэмждэг байтал манайх эсрэгээрээ авирлан, эргүү тэнэгээ гайхуулан гадны хөрөнгө оруулагчдыг ч үргээж байна.
Өөрсдөд нь түй ч хамаагүй хуурай аргын үйлдвэрийг булаан авч “оймс” хочит поп нөхрийг захирлаар томилтол өнөөх нь үйлдвэр авч явах хэцүү байна, гадна дотнын хөрөнгө оруулагчдыг урьж байна гэж сошиал орчинд хашгичсаар байгаа.
Гадна дотны бизнесмэн, хөрөнгө оруулагчид нэгдүгээрт, тус үйлдвэр төрийн өмч биш гэдгийг мэднэ, хоёрдугаарт хөрөнгө оруулчихаад хоёр жилийн дараа луйварчингаар дуудуулаад хөөгдөж мэдэх аюулыг бүр ч сайн мэдэрч байгаа тулд юу гэж л мөнгөө тэврээд Л.Наранбаатарын зүг гүйх билээ.
Их хэлмэгдүүлэлтийн үе шиг иргэдийнхээ эд хөрөнгөд эрээ цээргүйгээр халдаж, аюулгүй байдал, амь насанд нь заналхийлэх болсон Засгийн газрыг “Кью Эс Си” компани ашгүй шүүхэд дууджээ.
ЗӨВ, ингэх цаг нэгэнт болсон.
Бүх юм ТӨР нэрийн халхавч дор бүгсэн хэдэн лойдор нөхдийн зөв байх ёсгүй юм.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаанд “Кью Си Эс” компани эзэмшихээр болж Засгийн газартай 2014.04.04-нд концессийн гэрээ байгуулж байв. Хоёр ч Засгийн газар дамнан хэлэлцэгдсэний эцэст үндэсний компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийхээр болсон хэрэг.
Концесс гэдэг худалдан авалт, хувьчлал биш. “Кью Си Эс” компани онцгой эрхтэйгээр бүтээн байгуулалтад оролцох үүрэг хүлээж буй эрх зүйн зохицуулалт бөгөөд гэрээний дагуу 30 жил, өнөөдрөөс 22 жилийн дараа төрд үнэ төлбөргүй хүлээлгэн өгнө гэсэн үг.
Улсын гэх шошготой бүхэн алдагдалтай ажилладаг гунигт зарчмаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч 134 тэрбум төгрөгийн урт болон богино хугацааны өртэй байсныг тухайн үеийн баримт материалаас харж болно.
Аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг хамгаас чухал байдаг.
Харамсалтай нь Монголд, тэр дундаа МАН Засгийн эрхэнд байх он жилүүдэд энэ зарчим үргэлж эсрэгээрээ эргэдгийн бодит жишээ нь “Кью Си Эс” компанид үзүүлж буй төрийн төмөр нүүр!!!
Хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг Хөгжлийн банкнаас босгосон нь өнөөдөр тэдэнд гай дуудаж байна.
“Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015.12 сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.доллар буюу 133 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн гаргахад ашигласан нийт зардлын ердөө 14 хувь… ЕРДӨӨ шүү!!!
Улмаар зээлийг хуваарь ёсоор тухай бүрт төлсөөр 2018 оныг хүртэл 88 тэрбумыг нь барагдуулчихсан. 2016 оны эдийн засгийн хямрал болон гадна, дотны хүчин зүйлээс улбаатай зээл төлөлтөд бэрхшээл тулгарч байсан ч тэд төлсөөр байв.
Ингэсээр 2020 оны цар тахлын үед тулж ирсэн. Бизнес эрхлэгчдэд Монгол битгий хэл, дэлхий хаалттай болсон онуудын эргэн төлөлт, алдагдлыг Монголын төр уян хатан тооцох бус эсрэгээрээ чичлэн хашгичсаар 191.2 тэрбумыг нэхэмжлэн “Кью Си Эс” компанийн дансыг битүүмжилчихээд байгаа. Шүүхээс эд хөрөнгө хураах тогтоол гараагүй ч Засгийн газар дур мэдэн концессийн гэрээг цуцалж, компанийн эд хөрөнгийг хураав.
Ямар аймшигтай харгислал, ичгүүр сонжуургүй үйлдэл вэ… Энэ хугацаанд буюу МАН эрх барьсан сүүлийн жилүүдэд валютийн ханш хэрхэн савалж, хэдээс хэд хүртэл өсчихөөд байгаа билээ!!!
Эргэн төл гэж тулгасан 191.2 тэрбум төгрөгийн зөвхөн ханшийн зөрүү гэхэд 80 тэрбум төгрөг байгаа.
Төгрөгийн худалдан авалттай аж үйлдвэрийн төсөлд богино хугацааны валютын зээл олгосноос эхлээд Засгийн газрын, Хөгжлийн банкны бодлогын алдаа тоологдож эхэлнэ.
Хөгжлийн банк бол Монгол Улсын нэрийн хуудас. Монгол Улсыг хөгжилд хүргэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харамсалтай нь улсаа хөгжүүлэх бус, томоохон бизнес эрхлэгч, татвар төлөгчдийнхөө амийг барих өгөөшийн бодлого боловсруулж ирсэн бололтой.
Хөгжлийн банкны зээл нь Засгийн газарт ердөө шалтаг болж байгаа!!!
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэрийн хувьчлалыг дээрэмдэж дадсан аргаараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг цуцлах өө хайж байсан МАН-д Хөгжлийн банк зөвхөн шалтаг болов.
Эцэст нь цар тахлын хатуу хөл хорио, валютын ханшийн савалгааг эс тооцон концессийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэмээн дэвсэлж байна. Үүнд нь өөрөөсөө өнгөтэй өөдтэй, илүүдүү яваа нэгнээ татаж унагадаг монголчуудын тамын тогооны үлгэр нэмэр болж, дээрмийн “гэмт хэрэг”-ээ аз жаргалтайгаар хийж байх шиг байгаа юм. Томоохон татвар төлөгч, бизнесмэнүүдээ ингэтэл цавчих юм бол улсын эдийн засаг, төсөв цаашид хэрхэн бүрдэх вэ… Хамтран дэвсэлж буй масс хэрхэн халамж хүртэх вэ?!
“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төсөл нийт 11 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ. Үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөн техник, технологийн шинэчлэл хийх, төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх хуурай соронзон сепаратор, нойтон аргаар баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр шинээр барих, дэд бүтцийн хувьд 33.4 км төмөр зам, ачиж буулгах терминал байгуулах, уурхай хүртэл 110кВт-ын цахилгаан дамжуулах 50 км агаарын шугам, өргөтгөл, дэд станц барих гэхчлэн дотроо 20 гаруй дэд төсөлтэй. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд тодорхой хувийг бий болгон босгочихсон. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэртэй яг ижил зарчмаар буюу цоо шинээр барьж байгуулж байгаа. Ингэхдээ импортоор оруулж ирж угсрахаас илүүтэй дотооддоо бүхнийг үйлдвэрлэх том зорилготой яваа.
2014 оноос хойш Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ямар бүтээн байгуулалт өрнөснийг Л.Оюун-Эрдэнэ дэндүү сайн мэднэ.
Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тус үйлдвэрт зочилж, бүтээн байгуулалтын үйл явцтай танилцаж байв.
2020.09.17-ны тэр өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг түшиглэн хэрэгжүүлж байгаа Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг цаашид дэмжиж ажиллана” гэсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаас арчигдчихаагүй байна. Харамсалтай нь энэ худал хуурмаг үгийн цаана хэрхэн дээрэмдэх шуналын сэтгэл, адын бодол төрж яваа юу гэмээр бүх зүйл эсрэгээрээ эргэчихээд байгаа.
Тухайн үед төслийг хэрэгжүүлж байгаа үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан. Тэр үед үйлдвэрийн ган хайлуулах хэсэгт анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулсан тухай Засгийн газрын албан мэдээнд бичигдсэн байдгаас бус дампуурч, өр зээлээ өгөхгүйдээ тулсан муу мэдээ байгаагүй юм.
Тэрбайтугай нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанарын өндөр шаардлага хангасан ган бөмбөлөг, барилгын арматур төмөр үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа сайн мэдээгээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын сонорыг мялааж, үзүүлж харуулж байв.
Энэ үеэр “Дарханы төмөрлийн үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр, “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир нар “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлууд болох эрчим хүчний найдвартай эх үүсвэр, орон нутгийн газрын асуудал зэргийг шийдвэрлэж өгөхийг л хүссэн болохоос валютын зээлийн зовлон тоочиж байсангүй. Харамсалтай, энэ асуудлыг нь шийдвэрлэх боломжтой хэмээн ам гарч байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар амлалтаа ажил хэрэг болгох бус ашигтай, ирээдүйтэй ажиллаж байсан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоочихоод хэрхэн эрээгүйгээр аашилж байгааг бид харж байна.
2010 оны байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 800 гаруй ажилтан ажиллаж 700.5 мянган төгрөгийн дундаж цалинтай байсан бол 2014 онд концессын гэрээ байгуулах үед 1400 гаруй ажилтантай болж, цалин 1.2 төгрөг болж нэмэгдсэн. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг үйлдвэр дээр очиж танилцах үеэр 1450 гаруй ажилтантай болж, цалингийн дундаж 1.7 сая төгрөг болсон байсныг албаны бичиг баримтууд гэрчилнэ.
Энэ бол 30 жилийн хугацаат концессийн гэрээний эхний 8 жилд хийгдсэн бүтээн байгуулалт, дэвшил байв.
Монголчууд гангийн цогцолбортой болох гэж 1990 оноос хойш мөрөөдсөн. Энэ мөрөөдлийг 3, 4-хөн жилийн дотор бүтээж чадсангүй хэмээн үндэсний компаниа яллаж, буруутгах нь хэрхэвч зөв харагдахгүй байна, Л.Оюун-Эрдэнэ ээ.
Хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжих гэж 2-3 жил гацсан. Л.Оюун-Эрдэнэ таныг Засгийн эрхэнд гарснаар цар тахал, хилийн боомтуудын хаалт гээд олон бэрхшээл тулгарч буй нь үнэн.
МАН Засгийн эрхэнд дангаараа 20 гаруй жил жаалахад Монгол Улс гангийн үйлдвэртэй болж чадаагүй нь бодит факт. Цаашид ч чадахгүй нь мэлзэх аргагүй үнэн!!!
“Эрдэнэт” үйлдвэрийг Оросууд, “Оюутолгой”-г Австраличууд байгуулсан. Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг үндэсний компани, монголчууд бүтээхээр зүтгэсэн ч ийнхүү эрх баригч намын 100 жилийн ой дээр амиа таслуулж байх шиг байна…
Өнөөдөр Д.Эрдэнэбилэг, маргааш өөр нэгэн бүтээн байгуулагчийг “нугаслана”.
Төрийн нэр дор шүүхийн шийдвэрийг ч үл харгалзан Засгийн газрын тогтоол гээч хэзээ ч хүчингүй болгож чадах хуудас цаасаар үндэсний хөрөнгөтнүүдээ яллаж, үйлдвэрлэгч орон болохыг хүссэн ард түмнийхээ хүслийг нугачин дарах эрх хэнд ч үгүй.
Монгол Улс хууль, цаазтай орон.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар бүх насаараа хаан, заан байхгүй нь ҮНЭН!!!
Тэд дотоодын гангийн хэрэгцээг 100 хувь хангаж, гадаад валютын гадагшлах урсгалыг зогсоох агуу том мөрөөдөлд, бүтээн байгуулалтад иймэрхүү байдлаар саад хийж чадахгүй.
Тэд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад валютын тогтвортой эх үүсвэрийг бий болгох асар том амбицад чөдөр тушаа болж дөнгөхгүй.
Тэд ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, татварын орлого бүрдүүлж, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж яваа үндэсний компаниудаа бүгдийг “цаазалж” чадахгүй.
Ялангуяа, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн дэргэд байж хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчихээд эцэст нь Л.Оюун-Эрдэнийн дэргэд зөвлөх нэрээр суун, эргээд хооллосон тогоо руугаа нулимж, хамт олныхоо зовлонгоор зоолж буй Э.Долгион гээч нөхөр бүр барахгүй юм.
Бид үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч, татвар төлөгчид гээд ҮНДЭСНИЙ бүхнээ хамгаалж, тэдний талд дуу хоолой нь болсоор байх болно!!!
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо