Санхүүгийн гэмт бүлэглэл хамар дор чинь тэлээд байна, Т.Сүхболд хурандаа!!!

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т үүрлэсэн бүлэглэл нүдний чинь өмнө хуурамч падаан үйлдэж, төсвөөс хумсалсан байна, эрхэм Эрүүгийн цагдаагийн албаны дарга аа…

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа, У.Хүрэлсүхийг Төрийн тэргүүнээр сонгогдоод удаагүй байхад Их тэнгэрийн ам орчмын авто замд тохижилтын ажил хийгдсэн.

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын шилэн дансанд 2021.06.24-ний өдөр “Ялгуусан” компанийн Капитрон банкин дахь дансанд 6.1 сая төгрөгийг Их тэнгэрийн аманд асфалт дэвсэгч түрээслэв гэх утгаар шилжүүлсэн баримт бий.

Энэ нь асфалтын зузаанаас “завшиж”, гүйцэтгэлийн мөнгөнөөс дэлссэн дүн гэдгийг эх сурвалжаас өгч байна. 

Асфалтын үйлдвэрийн нярав хуурамч падаан үйлдэж, нягтлан нь баталгаажуулаад мөнгө шамшигдуулсан гэх эл гэмт үйлдлийн баримт бөгөөд энэ нь ганц хоёр удаагийн үйлдэл ч биш гэнэ. Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын нярав, нягтлангууд 15-20 тонноор ачсан ачаагаа 25-30 тонн болгон нэмэгдүүлж бичүүлээд, зөрүү мөнгийг нь өөрсөд рүүгээ авдаг гэдгийг жолооч нар нь хэлж байгаа юм.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4-т үнэн зөв байх зарчмын талаар тодорхой заасан. Анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэх нь Эрүүгийн гэмт хэрэг. Хуурамч баримт үйлдсэн нярав, түүнийг хүлээн зөвшөөрч тайландаа тусгаад хөрөнгө гаргасан нягтлан бодогч нар Эрүүгийн ялаас мултрах аргагүй гэсэн үг.

Улаанбаатар зам засвар арчлалтын газарт санхүүгийн сахилга бат хаягдаж дарга цэрэг, дээр доргүй идэж шамшигдуулдаг болсон талаарх баримтуудыг өмнөх нийтлэлүүдээс уншаарай, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд оо!!!

Гар утас хулгайлаад цаашаа зарахыг ч мөнгө угаасан гэмт хэрэг гэж үзнэ гэх таны үгийг олон нийт мартах болоогүй байна.

Гэтэл хамар дор чинь гар утас байтугай юм “хулгайлагдаад” байна…

Их тэнгэрийн амны авто замын тохижилтын ажлын үеэр тухайн байгууллагын Санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан Н.Лхавгасүрэн гэгч өөртөө мөнгө цохож, бетон зуурмагны үнэ хэмээн 2021.06.21-нд 15.3 сая төгрөг гаргаж авсан ичгүүртэй фактыг Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээрээ шалгуулаад үзээч. Энэ хэлтэс, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын чинь ажил хангалтгүйгээс төрийн өмчит, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд дэх хулгай, мөнгө угаалт гаарлаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан болох энэ нөхөр өөртөө мөнгө цохож, өөрөө хүлээж авдаг болсоор удлаа гэдгийг тус газрын захын ажилтан гэрчлээд өгөхөөр болчихож.

Тэрбээр ахлах нягтлан Б.Болормаатайгаа бэлэн мөнгө барьж гүйлдэхдээ хүрсэн хамтрагчид болсон гэдгийг ч өмнөх нийтлэлүүд дэх фактууд хэрэг үүсгэн шалгах хангалттай үндэслэл болно.

Санхүүгийн албаны дарга Н.Лхавгасүрэн “Молор-Эрдэнэ констракшн”-ийн 50 хувийн эзэмшигч. Гэтэл 2021.07.21-ний өдөр “Молор-Эрдэнэ констракшн” компанидаа дайрганы үнэ хэмээн 20 сая төгрөг шилжүүлсэн нь шилэн дансанд бий бөгөөд энэ мөнгийг хүлээн авагч нь ахлах нягтлан бодогч Б.Болормаа байсан гэх мэдээллийг ч шалгаад үзээрэй.

Хамар дор нь өөрсдийнхөө нэрээр цохон кассаар гаргаад авчихдаг, түүнээ юунд зарцуулсан нь тодорхойгүй энэ мэт мөнгөн урсгал цадиг замбараагүй урсч байхад Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын Б.Галхүү дарга мэдэхгүй сууна гэдэг гайхмаар.

Санхүүгийн албаны дарга Н.Лхавгасүрэн нь өөрийн төрсөн ах Нарангэрэлийн Бямбарэнчингийн захирлаар нь ажилладаг “Баясгалант Охь” компанийн данс руу байсгээд шилжүүлдэг мөнгөн гүйлгээний тоо түүгээд барамгүй их болчихоод байхад эрхэм дарга Б.Галхүү жишим ч үгүй суугаа нь сэжигтэй гэдгийг тус газрын ажилтнууд хэлж байна.

Тэдний эл үйлдэлд замын даамлаас инженер, ахлах, албаны дарга хүртэл дэвшиж байгаад шинэ байгуулагдсан Баянзүрх эко, тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит газрын даргаар томилогдон очсон Ж.Батболд ч холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг анхаарлын гадна үлдээж болохгүй.

Учир нь Ж.Батболд, Н.Лхавгасүрэн нар багын найзууд бөгөөд Ж.Батболд нь шинээр байгуулагдсан Баянзүрх эко, тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит газрын няраваар Н.Лхавгасүрэнгийн төрсөн ах, “Баясгалант Охь” компанийн захирал Н.Бямбарэнчинг саяхнаас авчихсан байгаа нь Төрийн болоод Орон нутгийн өмчит газруудад шигсэн өргөн хүрээтэй санхүүгийн гэмт хэргийн бүлэглэл юм биш байгаа гэх хардлагыг эрхгүй төрүүлж байгаа юм, Т.Сүхболд хурандаа!!!

Мань нөхдийн Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын данснаас урсгадаг урсгал багадаад Баянзүрх эко, тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит газрын төсвийг ч өргөтгөн цөлмөх санаархал гэж үзэхэд болохгүй гэх газаргүй.

Тэд нэг ч өдөр бизнес эрхэлж үзээгүй атлаа бүгд өртөг өндөр орон сууц, үнэтэй автомашинтай байгаа нь тэдгээрийг худалдан авсан санхүүгийн эх үүсвэрийг ч мөн адил шалгах цаг болсон гэдгийг харуулж байна.

Ашиг сонирхол, албан тушаалын асар том сүлжээг бий болгосон санхүүгийн гэмт бүлэглэл байж болох эл нэгдэлд Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер н.Баатархүү, Захиргааны хэлтсийн дарга н.Ариунболд болон бидний өмнөх цувралд баримт факттайгаа бичигдсан тус газрын орлогч дарга Б.Алгаа, ахлах нягтлан Б.Болормаа, Хөдөлмөр аюулгүй байдлын ахлах гэх н.Даваасамбуу, Асфальт үйлдвэрийн нярав М.Дэлгэрцэцэг, асфальт хариуцсан нягтлан Б.Сүрэнцэцэг нар гарцаагүй холбоотой гэдгийг эх сурвалжаас хэлж байгаа юм.

Цаг өөр болж, улс нийслэлийн хөгжилд иргэн бүр сэтгэл зовнидог болсон нь гайхалтай.

Нийслэлийн замыг засч, тохижуул хэмээн оноогдсон төсвөөс дээрх бүлэглэл эрээ цээргүйгээр таллан зувчуулж, багахаан мөнгөөр нимгэн, нарийн, чанар муутай замууд тавьж байгаа нь жил бүр дахин дахин төсвийн мөнгө үрэх ноцтой үйлдэл болж байгаад давчдан бухимдсан ажилтнууд тэсэрч, санхүүгийн “гэмт бүлэглэл”-ийн увайгүй үйлдэлд цэг тавьж өгөөч хэмээн бидэнд хандсаар байна.

Гэтэл эх сурвалжуудаас гарган өгч буй хангалттай нотлох баримт байсаар байхад нүдэн балай, чихэн дүлий суусаар байгаа нь Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд таны удирдлага, чиглүүлэлтийн бодлого дэндүү сул дорой байгаагийн илрэл үү?!

Орлогч дарга Б.Алгаагийн найз Б.Ариунбаатар Энхтайваны гүүрний засвараас хумсалж, Улаанбаатар зам засвар арчлалтын газарт хэрхэн богино хугацаанд хөлжиж болохын бодит жишээг харуулж ажилд орохдоо унаж байсан Приус30 маркийн автомашинаа 14-14УНЧ “4 Runner” машинаар солин, хамар дор чинь гангарч байна, Т.Сүхболд хурандаа!!!

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээрээ тухайн байгууллагын шилэн дансны бүртгэлд 2021.04.15-ны өдөр Б.Ариунбаатарын данс руу 9.5 сая төгрөгийг хайс будах будаг шингэлэгч гэх утгаар шилжүүлчихсэн баримтаас эхлээд шалгуулчихаач…

Энхтайваны гүүрний дугуй цохигчийн эвдрэлийг засварлах, будаг, явган хайсны ширмэн хэсгийг өнгөлж будах ажлыг “Дөлгөөн холболт” гэх компани гүйцэтгэхээр ажил авсан ч зөвхөн цаасан дээр байдаг эл компанийн өмнөөс бүх ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын албан хаагч ажиллаад, мөнгө нь “Дөлгөөн холболт” гээч газрын данс руу орсон ноцтой баримт ч байна.

Эл ажлыг хийж гүйцэтгэн, зам дээр зогсч буй ажилтнуудын гэрэл зураг үүнийг нотолно…

Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ажилтнуудын зургийг авч гүйцэтгэлийн тайланд хавсарган хотын дарга Д.Сумъяабазарыг өлхөн хулхидаад хөрөнгө гаргуулчихаж байгаа нь Засаг, Төрийг доромжлон, басамжилсан увайгүй үйлдэл биш үү…

Ингэтэл цагаандаа гарсан санхүүгийн “гэмт бүлэглэл”-ийг таслан зогсоож, боож баглаад хууль цааз сахиулчихаж чадахгүй бол Эрүүгийн цагдаагийн албанд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэх сүржин нэртэй даржин газар байхын хэрэг байна уу, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Ж.Болд генерал аа!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!