Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн түүх 1980 оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 1983 онд байгуулагдаж байсан ч нойтон аргын үйлдвэр өртөг өндөр, зардал ихтэйгээс алдагдал хүлээж, цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн байдаг.
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр төрийн өмчит байх хугацаанд захирлаар нь ажиллаж байсан А.Шоовдор эхнэр болон дэд захирал, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нартайгаа үгсэн хөрөнгө шамшигдуулсан нь илэрч, саатуулагдан хэсэгтээ бужигналдаж байв.
Яг л МИАТ шиг…
“Хөтөл-Занар” гэх компанийн нэрээр “Цемент, шохойн үйлдвэр”-ээс хаягдал гэгдсэн бүтээгдэхүүн авч боловсруулдаг, боловсруулснаа буцаагаад үйлдвэрт шахдаг. Энэ нь эцэстээ их хэмжээний мөнгө угаалт болж Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг дампууруулж, хаалга үүдээ барихад хүргэсэн гэдэг.
Эцэстээ удирдлагууд нь ял сонсч, өрөнд баригдан өтөнд идэгдээд сэргэхээсээ өнгөрсөн үйлдвэрийг 2015 онд хувьчлах шийдвэр гарч байв.
Тухайн үеийн эрх баригчид хувьд шилжүүлж худалдахдаа А.Шоовдор захирлын үүсгэсэн өр төлбөртэй, юутай нь зарах шийдвэр гарган, үүнийгээ 2015.10.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээнд
- “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн 28 тэрбум 566 сая 747 мянга 900 төгрөгийн богино хугацаат өр
- Барилгын салбарыг дэмжих зорилгоор орон сууцны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон 10 тэрбум төгрөгийн зээл
- Банкны зээлийн 1 тэрбум 139 сая 546 мянга 330 төгрөг нийт 39 тэрбум 706 сая 294 мянга 230 төгрөгийг өр төлбөрийг худалдан авагч тал төлнө хэмээн заасан байгаа юм.
Түүгээр зогсохгүй тус ТӨХК-ийн 2012, 2014 оны ногдол ашгийн өр 1 тэрбум 45 сая 109 мянга 400 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны дотор, улмаар татварын өр, бусад төлбөрийн дүнг баталгаажуулан холбогдох байгууллагуудтай хугацаа тохирч төлж барагдуул гэсэн байдаг. Энэ бүхний эцэст ТӨХК-ийн 119 452 690 ширхэг хувьцааг худалдах доод үнийг 1 тэрбум 386 сая 106 мянга 400 төгрөгөөр тогтоогоод дээр дурьдсан бүх өр төлбөрийн хамт зарж, толгойн өвчин болсон цементийн үйлдвэрээс салсан байгаа юм.
Ингэхдээ худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд “Төрийн” үүсгэсэн өр төлбөрийг барагдуулахгүй бол өмчлөх эрхээ алдана гэх хатуугаас хатуу, бүр харгис гэчихэд болох гэрээг хийж хувийн хэвшилд шилжүүлсэн атлаа өдгөө миний юм, манай юм болоод ажиггүй дайрч давшилж буй нь ичгүүртэй.
Эл хатуу гэрээт хувьчлалын дараа “дампуурсан” Хөтөлийн үйлдвэрийг хэн ч ашиглаагүй. Өдгөө буурин дээрээ түүхийн дурсгалт зүйл шиг бараантаад үлдсэн.
“Төрийн дампууруулсан” үйлдвэрийн өр шир, татвар төлөөсийг барагдуулж, хувьцааг бүрэн бүтнээр худалдан авсан нөхөд мөнөөх сэг зэмийнх нь дэргэд хуурай аргаар боловсруулах үйлдвэр бариад өндийх аядаж явахад нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ийнхүү “дээрэмдэж”, булайгаа чирч байгаа нь дотоодын бизнесмэнүүд болон гадны хөрөнгө оруулагчдыг айлган үргээж байна.
Монгол ТӨР хэзээ ч ийм увайгүй, ичгүүр сонжуургүй аяглаж байсангүй!!!
А.Шоовдор захиралтай Төрийн өмчит үйлдвэрийн газрын өр ширийг далдруулж, дээр нь хувьцааг 100 хувь худалдан авсан талд хуурай аргаар боловсруулах цоо шинэ үйлдвэрийн суурийг тавьж, босгоход ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдсан нь мэдээж. Тиймээс хөрөнгийг 2-3 эх үүсвэрээс босгосны нэг нь Хөгжлийн банк.
Гэтэл ТӨР өөрөө дампууруулж, үүд хаалгыг нь барьсан нойтон аргын үйлдвэрийн сэг зэмийг дэргэд нь шинээр босгосон хуурай аргаар боловсруулах цементийн үйлдвэртэй хамтад нь хурааж авна гэдэг байж болох уу!!!
Далийраад, энэ чинь Төрийн өмч байсан гээд хашгичаад байгаа Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр чинь нойтон аргаар боловсруулдаг байсан үйлдвэр юм… Суурь балгас нь одоо ч хэвээр байна. Дампууруулсан А.Шоовдор гэх захирал чинь ял зэм, алдаа оноогоо хүлээгээд гараад ирсэн.
Тэгэхээр хурааж аваад, Л.Наранбаатар гэх сүржин эрийг захирлаар нь тавьчихаад байгаа үйлдвэр нь хуурай аргаар боловсруулалт хийдэг, 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон огт ондоо шинэ үйлдвэр, цэвэр хувийн өмч гэдгийг ялгаж салгаж ойлгох чадвартай хүн энэ Засгийн газарт байна уу?!
Хууль зөрчиж, төрийн өмчит компанийг хувьчилсан эсэхийг Засгийн газар тогтоодоггүй юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад ч УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох эрх мэдэл байхгүй.
Төрийн өмчит компанийн нийт хувьцааг 1.3 тэрбум төгрөгөөр үнэлээд, дээр нь 28, 10, 1.3 тэрбум төгрөгийн нийт 39 тэрбум төгрөгийн өрөө нэмж төлүүлчихсэн хойноо Төрийн өмчит компанийг хууль бусаар хувьчилчихаж гээд ямар нүүрээрээ хэлж, булааж чадаж байна аа.
Хувьчлалаа буруу явуулчихсан юм бол хувьчлахыг шийдвэрлэсэн тухайн үеийн Парламент, холбогдох эрх бүхий байгууллагуудыг эхэлж шүүгээд, дараа нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг худалдан авсан хувийн хэвшлийнхний гаргасан зардал болох 41.3 тэрбум төгрөгийг, өнөөг хүртэлх бүхэл бүтэн 7 жилийн хугацааны нь ашиг, алдагдалтай нөхөж төлчихөөд нойтон аргаар боловсруулдаг байгаад үүдээ барьсан үйлдвэрийн балгасаа л авах ёстой юм биш үү…
Гэхдээ ингэхийн тулд энэ Парламентаараа хэлэлцүүлж, эргүүлж авах тогтоол шийдвэр гаргуулсны үндсэн дээр авдаггүй юм уу…
Яагаад Төрийн өмчид байхдаа дампуурчихсан үйлдвэртэй огтын хамаагүй, шинээр барьж байгуулсан хуурай аргын боловсруулалтай үйлдвэрийг булааж, дээрэмдэж байгаа хэрэг вэ!!!
Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжилд тустай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор байгуулсан ч өдгөө арилжааны банкаас ялгарахаа больж, зарим тохиолдолд ломбардны үүрэг гүйцэтгэж ирсэн нь үнэн. Энэ нь даамжирч арилжаа, аж үйлдвэрийн зээлээ ялгахаа болих хүртэл доройтон, хөглөрсөн алдаан дээрээ танц эргэцгээж байна.
Аж үйлдвэрлэлийн зээлүүд эргэн төлөлт удааширч, найдваргүй зээлийн ангилал руу ортлоо хэцүүдсэн нь зээл авагчийн бус эсрэгээрээ Төрийн болоод Монголбанкны алдаатай бодлого, Засгийн газрын тогтворгүй ажиллаж ирсний төлөөс, үр дагавар биш юм уу!!!
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлал хуудуутай явагдсан гэх ганц үг үсэг албаны бичиг баримтад өнөө хэр байдаггүй. Нэмээд, өмчийн хууль ёсны залгамжлагч байсаар байхад эцэг нь нас барсан гээд хүүг нь гудамжинд хөөж гаргадаг аймшигтай Засгийн газрыг бид харж байна.
Өмч хөрөнгийн маргаан, өв залгамжлалын асуудлыг шүүх байгууллага эцэслэн тогтоодог дүрэм журам, хууль цааз Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед бүрэн үгүй болов.
Төр дээрэм хийж гаршлаа.
МАН засагласан жил аж ахуйн нэгжүүд үйлдвэрээ, иргэд өмчөө хураалган “дээрэмдүүлж” байгаа нь булзааруулах аргагүй үнэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа Салхитын орд дээр цэргийн хувцас өмсчихсөн, арми дагуулах нь холгүй сүржигнэж ирээд төрийн мэдэлд авлаа хэмээн “дээрэмдэж” байсныг бид мартаагүй байна.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорьж, саатуулж байгаад Цагаан суваргын ордыг булаасан.
Энэ “дээрэм, тонуул” Эрдэнэт үйлдвэрээр үргэлжилж ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг эх орондоо авчирсандаа ял асуулган Д.Эрдэнэбилэг шоронд орчихлаа. Эзнийг нь хорьчихсон атлаа Эрдэнэтийн буянаар ковидын хүндрэлийг зовлон багатай давж байна гэх утга үл зохицох дэмийрлээр олон нийтийн санаа бодлыг эргүүлэх аядаж буй эрх баригчид хөөрхийлөлттэй харагдаж байна.
УИХ-ын тогтоол, Шүүхийн шийдвэрээс урьтсан Засгийн газрын дээрэм ханхлуулсан шийдвэрүүд хэрээс хэтэрч байгаа нь улстөрийн “өшөө авалт”, тэр дундаа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хатгалга шиг харагдаж буй нь нууц биш.
Монголын эдийн засгийг нуруундаа үүрсэн баялаг бүтээгч, татвар төлөгчдөө хомроглон дарангуйлсан эрх баригчид зөвшөөрөлгүй гражуудыг буулгах нэрээр ч хувийн өмч рүү хайр найргүй халдаж байна. Хураах, буулгах тогтоол шийдвэргүйтэйгээ нэгэн адил нөхөн олговрын асуудлыг хэн ч яриагүй хэвээр.
Төсөв бүрдүүлэгч татвар төлөгчид, ард иргэддээ ингэтэл өршөөлгүй хандан эд хөрөнгийг эрээгүйгээр эвдэн сүйтгэж, “тонон дээрэмдэж” буй эрх баригчдын эл эзэрхийлэлд цэг тавьж, эрслэн зогсох цаг нэгэнт болж.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо