Аж үйлдвэрлэлийн зээл, арилжааны зээлүүдээ ялгадаггүй, аж үйлдвэрлэлийн зээл авагчдын амжилт, уналт Засгийн газрын өөрийнх нь бодлогоос шууд хамааралтай байдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй эрх баригчид үндэсний бүтээн байгуулагчдаа чичлэн, өмч хөрөнгийг нь булаан хурааж байгаа.
Энэ хийрхэл нь хэрээс хэтэрч стратегийн чухал салбар руу хуруу хумсаа дүрж эхэллээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд 20 хоногийн өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарт зургаан хуулийн төсөл баринтаглан өргөн барьсны нэг нь “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төсөл байв.
Салбар хариуцсан Засгийн газрын гишүүн нь байсаар байтал үл тоон боож ирснээс эхлээд асуудал үүсгэж, сэрдлэг, олны дургүйцлийг төрүүлээд байгаа эл хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт гээд байгаа нь яг үнэндээ хэнд ч хэрэггүй, нохойн жогорхой гэчихмээр хөгийн санаа… Гэхдээ үүнийг Г.Занданшатарын даргалсан парламент баталчихвал үндэсний тээврийн компаниудаа зах зээлээс шахаж, цаашлаад үндэсний тээвэр гээчийг ул мөргүй устгаж орхих хамгийн эмгэнэлт үр дагавартай төсөл юм.
Авто тээврийн тухай хууль батлагдсанаасаа хойш 20 удаагийн нэмэлт өөрчлөлтийг хийгээд байгаагаас тэгтэл үр ашиггүй, ёстой хийцгүүрсэн нөхдийн зугаагаа гаргав уу гэмээр нэмэлт өөрчлөлтийг Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ өнгөрөгч онд баталсан. Энэ нөхөд Х.Нямбаатарын оруулж ирж буй үндэсний тээврийг устгаж мэдэх хор уршигтай “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төслийг өмнөх оны төсөл шиг сэтгэлийн хөөрлөөр шийдчихвий гэх түгшүүрийг төрүүлж байгаа нь нууц биш. Тэд төслийг энэ долоо хоногт хэлэлцэх учиртай.
Хэрэв нягталж, хяналгүй батлахдаа хүрвэл тээврийн салбараас амь амьдралаа залгуулдаг тээвэрчин аав, тээвэрчин ханьтай хэн бүхэн нэгдэн эсэргүүцлээ илэрхийлж, босч тэмцэхдээ хүрэх биз…
Хууль зүй дотоод хэргийн сайдын өргөн барьсан “Автотээврийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай“ хуулийн төсөлд
- 8.5-д “улс хоорондын уул уурхайн байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгсэлд зорчих зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг олон улсын тээврийн харилцааны гэрээг үндэслэн Засгийн газар батална”,
- 8.6-д “энэ хуулийн 8.5-д заасан зөвшөөрлийг уул уурхайн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн байдлаар уурхай бүрээр гаргасан экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээнд нийцүүлэн олгоно” гэх хоёр заалт бий.
Эл нэмэлт өөрчлөлтийг хийхэд хүргэсэн шалтгаан нь улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийг дагасан авлига, албан тушаалын хэрэг бий болж, гаарахад хүрээд байна гэсэн гомдлыг тээвэрчдээс удаа дараа тавьж ирсэнтэй холбоотой хэмээн Х.Нямбаатар сайд тайлбарлаж байгаа юм.
Гэтэл үнэн хэрэгтээ үндэсний тээврийн компаниуд, монгол тээвэрчдийн төлөөлөлтэй эрхэм сайд ганц ч удаа уулзаагүй гэж байгаа. Тэгвэл C зөвшөөрлийг авч чадахгүй байна, авахын тулд албан тушаалтанд авлига өгөхдөө тулаад байна гэх гомдлыг хэн түүнд тавив?! Сайдын хэлээд байгаа тээвэрчид гэдэг нь хэн юм…
Хятадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниуд уу?… Магадгүй ээ!!! Ингэж хардах магадлал маш өндөр.
Түүний оруулж, зүтгүүлж буй хоёр заалт хоёулаа Хятадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниудыг дэмжихээр харагдаж байгаа нь үнэн.
Улс хоорондын байнгын ачаа тээврийн С зөвшөөрлийг 240 аж ахуйн нэгжийн 19062 тээврийн хэрэгсэл хүсдэг ч Гашуунсухайт-Ганцмодны боомтын чиглэлд 1 улиралд 6000-аас илүүгүй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөлтэй тул тэгш хуваарилах боломжгүй байна гэж Х.Нямбаатар сайдтан нэмж тайлбарлаж байна лээ.
Үүнийг тэгш хуваарилаад өгөөч гэж Хууль зүй дотоод хэргийн сайдаас бас хэн нь гуйгаад байгаа юм.
Нэмэлт өөрчлөлт оруулах гэж баринтаглаад байгаа Авто тээврийн тухай хуульд нь улс хоорондын тээвэрлэлтийн асуудлыг Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна гээд тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Автотээврийн асуудал эрхэлсэн Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр хөгжлийн яам нь асуудлаа шийдээд, айгаад байгаа авлига, албан тушаалын хэргийг нь гаргуулахгүй байхад л болох хэрэг байлтай.
Тэгээд ч C зөвшөөрөл булаацалдаад байгаа 240 аж ахуйн нэгжийн 220 гаруй нь Хятадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниуд гэдгийг Хууль зүй дотоод хэргийн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Уг нь С зөвшөөрлийг тэгш хуваарилахын тулд гэх шалтаг зоон оруулж буй хор уршиг ихтэй хоёр заалтынхаа оронд уг зөвшөөрлийг “зөвхөн монгол эзэдтэй, үндэсний тээврийн компаниудад олгоно оо” гээд өөрчилчихвөл тээврийн салбараас амь амьдралаа залгуулж яваа ард түмнээ дэмжсэн гоё шийдвэр болох биш үү…
С зөвшөөрлийг зөвхөн үндэсний тээврийн компаниудад олгоно гэчихэд огтхон ч буруутахгүй.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрт энэ талаар хангалттай ойлгомжтой заагаад, тусгаад өгчихсөн байгаа. Уг хэлэлцээрт улс хоорондын тээвэрлэлтийг Хятадын хөрөнгө оруулалттай тээврийн компаниуд гүйцэтгэх ёстой гэсэн ганц ч үг, өгүүлбэр байхгүй юм!!!
Үнэндээ, үндэсний тээврийн хэдэн компани чинь засаг төрийн харалган бодлого шийдвэрийн улмаас гадны хөрөнгө оруулалттай томоохон компаниудтай хүч тэнцвэргүйгээр өрсөлдөж байгаа ч ганц удаа бэрхшээл тоочин төрийн дэмжлэг хүсч, тусламж гуйсан удаа үгүй…
Эсрэгээрээ гадаад валютын урсгалын 40 орчим хувийг бүрдүүлж, хариуцлагатай татвар төлөгчид байсаар ирсэн гэдгийг эдийн засагчид, татварын албадууд нотолно.
Цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулах гэж чардайж, хаалгаа барилгүй тэсч үлдсэн дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмнэж, дэмжинэ гэсэн Засгийн газрын мэдэгдэл чинь хаачив?!
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын цөм гээд байгаа дотоодын аж ахуйн нэгж, төсөв бүрдүүлэгчдээ энэ мэт “хуулийн хулгай”-аар нухчин дарах байсан юм уу?!
Өчигдөрхөн ТОП100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөхдөө “Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж байснаа маргааш эсрэг эргэж үндэсний компаниудаа заазлах хууль батлах нь шударга явдал уу?!
УИХ-д өргөн барьж, Г.Занданшатарын гарт атгуулсан хуулийн төсөл нь нийтийн эрх ашгийг хөндсөн бол Хянан шалгах түр хороо байгуулж, холбогдох байнгын хороогоор нээлттэй хэлэлцэхийн зэрэгцээ нийтийн сонсгол явуулан төр, хувийн хэвшлийн санал бодлыг сонсч байна гэсэн уран гоё, сайхан үгс чинь хаачив!!!
Үндэсний тээврийн асуудал нь нийтийн эрх ашгийн асуудал мөн гэдгийг захын түшмэл мэдмээрсэн. Монголын өрх бүрт нэг тээвэрчин бий гэдгийг бүү март.
Хоол хүнс, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж гээд бүгдийг гаднаас авдаг, үйлдвэрлэгч биш орон атлаа үлдсэн ганц тээврийн салбараа нүүрс худалдан авагч талд тавиад туух нь зүгээр үү.
Эцэг эх минь хоёулаа тээвэрчин байсан гэдэг эрхэм Ерөнхийлөгч өө, нүдний чинь өмнө дотоодын аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргаатай холбоотой хуулийн төслийг хөшигний ард сэм батлахаар яаран гүйлдэж байгааг анхааралдаа авна уу!!!
“Монголын тээвэр нэгдэл”-ийн гишүүн аж ахуйн нэгжүүд гэхэд л 2019-2021 онд 15 тэрбум орчим төгрөгийн татварыг улсад төвлөрүүлсэн гэх тоон мэдээ бий. Үүн дээр бусад дотоодын нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн улсад төвлөрүүлсэн татварын хэмжээг нэмэгдүүлбэл чамлахааргүй тоон үзүүлэлт гарна.
Гэтэл тэднийгээ үгүй хийх ухвар мөчид хуулийн төслийг Засгийн газраас муйхарлан зүтгүүлж, Эдийн засгийн байнгын хорооны дарга М.Ганбаатар тэргүүтэн шалгааж тунгаалгүй дэмжин УИХ-аар батлуулах гэж буй нь харалган гэхэд дэндүү харалган.
Нүүрс тээврээ харийнханд найр тавьсан эл төслийг баталчихвал Монголыг дараагийн Шри Ланка болгох гашуун тавилан хүлээж буй нь үнэн юм.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо