Швейцарын Женев хотноо ням гарагт эхэлсэн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганаар дэлхийн улс орнуудад тархсан хэвээр байгаа “COVID-19” цар тахлын эсрэг арга хэмжээ, энх тайвны төлөөх дэлхийн эрүүл мэндийн санаачилга зэрэг томоохон асуудлуудад түлхүү анхаарал хандуулах төлөвтэй байна.
Цар тахал хоёр жил гаруйн өмнө дэгдсэнээс хойш Женев хотноо уламжлалт хэлбэрээр анх удаагаа зохион байгуулагдан зочид төлөөлөгчид биечлэн оролцож байгаа энэ жилийн чуулганы үеэр хэлэлцэх гол асуудлуудын нэг нь “COVID-19” хэвээр байсаар байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр “COVID-19” халдварын тохиолдол энэ оны нэгдүгээр сард “омикрон” хувилбарын давлагаа оргил үедээ хүрснээс хойш эрс буурч, нас барсан тохиолдлын тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн цөөн үзүүлэлтэд хүрээд байгаа хэдий ч ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус чуулганы нээлтийн үеэр цар тахал хараахан дуусаагүй байгааг сэрэмжлүүлээд, “цар тахал хаа сайгүй дуусгавар болох хүртлээ хаана ч дуусахгүй” гэдгийг онцолжээ.
Мөн тэрбээр хүн амынхаа 70 хувийг вакцинжуулах зорилтод аль болох ойрын хугацаанд хүрэх үүрэг амлалт биелүүлэхийн сацуу эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, 60-аас дээш насныхан, өндөр эрсдэлтэй хүн бүрийг нэн түрүүнд вакцинжуулахыг бүх улс оронд уриалсан байна.
Дэлхийн бүх улс орон “COVID-19”-ийн тандалт, генийн дарааллыг тогтоох ажлыг үргэлжлүүлж, шаардлагатай тохиолдолд нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг дахин нэвтрүүлэхэд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ. Түүнчлэн улс орнууд нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаравчлан хэвийн горимп оруулах хэрэгтэйг тодотгожээ.
Т.Гебрейесус Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганы “Энх тайвны төлөө эрүүл мэнд, Эрүүл мэндийн төлөө энх тайван” уриаг хэлэх үеэрээ “Цар тахал бол бидний гараг дээрх цор ганц хямрал биш” гэдгийг цохон тэмдэглээд, чуулганы хэлэлцэх сэдэвт Афганистан, Этиоп, Сомали, Өмнөд Судан, Сири, Украин, Йемен дэх хүмүүнэлгийн хямрал багтаж байгааг танилцуулжээ.
“Дайн тогтвортой байсан нийгмүүдийн үндэс суурийг цар тахлаас ч илүүтэйгээр ганхуулан нурааж байна. Энэ нь ард иргэдийн эрүүл мэндийн нэн чухал тусламж үйлчилгээ авах боломжийг хааж, хүүхдүүдийг вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвчлөх эрсдэлд оруулж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Энэ он гарсаар 14 улс орон, нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууламж, ажилтнуудад халдсан 373 удаагийн халдлага ДЭМБ-д бүртгэгдсэн байна. Тэдгээр халдлагын улмаас эмнэлгийн 154 ажилтан, өвчтөн амь насаа алдаж, 131 хүн шархаджээ.
Долоон өдрийн турш үргэлжлэх Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулган нь ирэх таван жилийн хугацаанд ДЭМБ-ын тэргүүнээр ажиллах хүнийг томилох тэргүүтэй хамгийн олон асуудлыг хэлэлцсэн, мөн хамгийн олон тогтоолыг баталсан чуулган болох төлөвтэй байна. Тус байгууллагын одоогийн тэргүүн Т.Гебрейесус нь одоогоор цор ганцаар нэр дэвшээд байна.
Эх сурвалж: Монцамэ