“Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B ангилалд буюу Тогтвортой” хэвээр үлдээснээ лхагва гаригт мэдэгдлээ. Тус өгентлаг дараах үндэслэлүүдээр Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байна гэж үнэлсэн байна.
Бүтцийн давуу тал, гадаад байдал: “В” түвшний бусад орнуудтай харьцуулахад Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд сайн, нэг хүнд ногдох орлого нь өндөр, дунд хугацаанд эдийн засгийн өсөлт таатай төлөвтэй байна.
Тогтвортой өсөлт ойрын хугацаанд хадгалагдана: Монгол Улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 1.4 хувьтай байсан бол энэ онд 1.2 хувьтай байна. БНХАУ-ын хил дээрх худалдааны тасалдал удаан үргэлжлэх нь эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэлтэй ч 2023 онд хил дээрх худалдааны тасалдал багасна гэж тооцоолсон байна.
Дунд хугацааны өсөлтийн таатай төлөв: Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3, 2024 онд 6.8 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулах, хилийн дэд бүтцийн холболтуудыг сайжруулах нь Монгол Улс байгалийн баялгийн нөөцөө бүрэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Оюутолгойн бүтээн байгуулалтад гарсан ахиц: Монгол Улсын Засгийн газар, гадаадын хөрөнгө оруулагч талуудын хооронд байгуулсан Оюутолгойн төслийн гэрээ нь Монгол Улсын экспортын орлого, төсвийн данс, гадаадын хөрөнгө оруулагчдад, цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.
Төсвийн алдагдал: Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд ДНБ-ийн 4.4 хувьд хүрэх бол 2023 онд 3.7 хувь болж буурна гэж таамаглаж байна. “В” түвшний бусад орнуудын төсвийн алдагдал энэ онд 4.4 хувьтай байна.
Засгийн газрын өр: Засгийн газрын өр энэ оны эцэс гэхэд 4.3 нэгжээр нэмэгдэж ДНБ-ий 65.3 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Дунд хугацааны өсөлтийн таатай төлөв, цар тахлаас өмнө төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байсан зэргээс Засгийн газрын өрийн динамик буурна гэж үзэж байна.
Гадаад валютын нөөц: Энэ оны эцэс гэхэд гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам. доллар байна гэж таамагласан. Монгол Улсын Хөгжлийн банк (МХБ)-ны өрийг тооцохгүйгээр 1.1 тэрбум ам.долларын гадаад өрийн хугацаа 2023-2024 онд дуусах тул гадаад валютын нөөц бага хэвээр байна.
Инфляц: Энэ онд инфляц 14.2, 2023 онд 10.8 хувь болж буурах төлөвтэй байна.
Байгаль, орчин, нийгмийн удирдлага: Монгол Улс улс төрийн тогтвортой байдал, хүний эрх чиглэлээр ‘5[+]’, хууль дээдлэх ёс, институтын болон зохицуулалтын чанар, авлигын хяналт чигэлээр ‘5’ үнэлгээ авсан байна.
Тус агентлагийн мэдээг бүрэн эхээр энд дарж үзнэ үү.