Нийслэлийн авто замын засвар эхлэхээс өмнө их бага шимэгчдээсээ салахгүй бол бодож, хүссэн шиг чинь чанартай, чансаатай ажил хэзээ ч хийгдэхгүй Д.Сумъяабазар аа!!!
Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын ахлан нягтлан бодогч Б.Болормаа гэхэд л хоёр компаниар дамжуулан төсвийн хөрөнгийг хэмнэх биш хэрхэн зувчуулах арга саам хайсаар, хийсээр ирснийг өмнөх нийтлэлээр хүргэсэн. “Мөнгөлөг өнгөлөг”, “Тавалтайн рашаан” гэх хоёр компани руу орон нутгийн өмчит, аж ахуйн төрийн үйлчилгээний газрын хөрөнгө оруулалтыг хөнгөхөөн шилжүүлчихдэг Б.Болормаа чинь өнөө хэр тэндээ оршсоор, ажилласаар байхад хариуцлагатай, чанартай ажлын үр дүнг энэ байгууллагаас хүлээсээр байгаа бол эмгэнэл юм.
Түүний хуудайтай үйлдлийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн, хамаг бүгдээ даатган суугаа орлогч дарга Б.Алгаа нь түүний хамтрагч биш байгаа?!
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т 2016.10.13-нд ажилд орж байсан энэ нөхрийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тухайн үед НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараахан шургуулж, ингэхдээ тус байгууллагын талаар “А” ч үгүй амьтныг албаны даргын суудалд өргөж аваачаад тавьчихсан гэх юм билээ.
Үнэний ч ортой байх. Хоёрхон жил албаны дарга гэх статус дээр сандаачиж байсан тэрбээр 2019.05.06-ны өдөр гэнэтхэн байгууллагын орлогч дарга болон огцом дэвшсэн нь мэдлэгтэй, ажлын дадлага туршлагатай нөхдөөр удирдуулах ёстой энэ газрын хувьд зүүд зэрэглээ шиг томилгоо юм.
Б.Алгаагийн ар тал, түшиг, түлхээс нь гэгддэг Э.Бат-Амгалангийн хувьд улс төрийн түүх, туршлага мөн хомс.
Баянзүрх дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, өдгөө УИХ-ын гишүүн болсон түүний богино хугацааны дэвшилтийн дэмжлэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэдэг.
Э.Бат-Амгалан АТГ-д мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ганц ч компанид хувь, хувьцаа эзэмшдэггүй гэсэн атал Улсын бүртгэлд түүний нэрээр “Соёл урлагийн хөгжлийг дэмжих андгай, Монголын цамцгүй хэвтээ шахалтын холбоо” гэх мэт байгууллагаас гадна “Оомото монгол төв” шашны байгууллага бүртгэлтэй байдаг нь сонин. Мөн “Мүүнрөүд групп” бий. 2011 онд байгуулагдсан эл компанийн захирлаар Э.Бат-Амгалан бүртгэлтэй бол хамтран эзэмшигч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байсан ч хэн хэн нь саяхнаас нэрээ хасуулсан байдаг нь баримт.
“Хос орд групп” ХХК ч УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн нэр дээр бүртгэлтэй. 2012 онд байгуулагдахад захирлаар Э.Бат-Амгалан, хамтран эзэмшигчээр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бүртгэлтэй байсан ч мөн нэрээ хасуулцгаасан байгаа юм.
Тэрчлэн Э.Бат-Амгалангийн нэр дээрх олон компанийн хамтралд БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн дарга Д.Отгонсүрэн нар бүртгэлтэй байдаг байхад тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ юу ч үгүй хэмээн хоосон цаас илгээдэг нь сонин.
Тэгсэн атлаа НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа жилийн 236.8 сая төгрөгийн орлоготой байснаа УИХ-ын гишүүн болсон жил 506.9 саяын орлоготой болчихсон нь Авлигатай тэмцэх газрынхны анхаарах л ёстой өсөлт.
Нэг ч компанийн хувь, хувьцаа эзэмшдэггүй гэх УИХ-ын гишүүний хэтэвчийг хэн ингэтэл зузаатгаад байна вэ…
Эрхэм гишүүний татаас гэгддэг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын орлогч дарга Б.Алгаа хүртэл ажилд орохдоо мэдүүлж байсан орлого нь жил хүрэхгүй хугацааны дараа найм дахин өссөн байдаг. Үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ ч үлэмж өссөнийг АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно.
Анх ажилд орохдоо “Toyota Prius20” маркийн автомашинтай байснаа орлогч дарга болмогц хөл дүүжлэх унаагүй болсон хэмээн АТГ-т мэдүүлсэн байгаа.
Гэсэн атал автомашиныг оймс шигээ сольдог чика нэгэн гэдгийг ажлынхан нь хэлж байгаа юм. Тэгэхээр хөрөнгө орлогоо нуун дарагдуулах, мэдүүлэхгүй байх муухан аргад суралцсан юм уу гэмээр. Учир нь жилийн дотор Lexus маркийн жийп ангиллын машиныг яг л оймсоо сольж буй мэт гурван ч өөр өнгө болгон унаж амжсан, энэ он гарсаар дахин 2 ч автомашин сэлгэчихсэн гэдгийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын жолооч нар хэлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн байгууллагуудын дарга нарыг том оврын автомашин хөлөглөхийг хориглох шийдвэр гаргамагц тэр дор нь 29-99УАЕ дугаартай Lexus570 маркийн автомашинаа RX350 болгочихсон гэж байгаа.
Гэсэн атлаа АТГ-т хөл дүүжлэх унаагүй гэж мэдүүлсээр ирсэн.
Үнэхээр унаагүй, бусдын машин гуйдаг юмуу гэхээр байгууллагаасаа үргэлж шатахууны талон бичүүлж, тогтмол авсаар ирсэн нь ярвигтай.
Энэ газарт Б.Алгаа дангаар ноёрхоод зогсохгүй өөрийн найз Б.Ариунбаатар гээчийг жилийн өмнө ажилд авсан байдаг. Нөгөөх нь мөн Prius30 маркийн автомашинтай орж ирснээ хэдхэн сарын дараа 14-14 УНЧ “4 Runner” маркийн машинтай болчихсон гэж байгаа.
Зах зээлийн ханш нь 130 гаруй сая төгрөгөөр хэмжигддэг эл машины эзэмшигчийн нэр нь банк бус санхүүгийн байгууллага байгаа нь мань эр зээлээр авсныг нотлох нотолгоо биз. Гэхдээ орон нутгийн өмчит байгууллагын шинэхэн ажилтны 5-6-хан сарын цалингаар 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий автомашин авна гэдэг тооны машинд үл зохицох тооцоо…
Тухайн байгууллагын шилэн дансны бүртгэлд 2021.04.15-нд буюу Б.Ариунбаатарыг тус газарт ажилд ороод удаагүй байхад данс руу нь 9.5 сая төгрөгийг “хайс будах будаг шингэлэгч” гэх утгаар шилжүүлсэн баримт бий. Эндээс эхлэн Б.Ариунбаатар, Б.Алгаа нарын хөрөнгө орлогын өсөлтийг шалгахад буруутахгүй юм.
Мөн нэн ноцтой факт мэдээллийг тус газрын ажилтнуудаас өгч байгаа.
Энхтайваны гүүрний дугуй цохигчийн эвдрэлийг засварлах, будах, явган хайсны ширмэн хэсгийг өнгөлж будаж байгаа нь гээд өнгөрөгч оны өдийд бөөн ажил болсж байсныг уншигчид санаж буй биз.
Уг ажлыг “Дөлгөөн холболт” гэгч компани гүйцэтгэхээр болж Улаанбаатар зам засвар, арчилчлалтын газар ОНӨААТГ-тай 2021.05.05-нд №210505/АГ-013 тоот гэрээг үзэглэсэн байдаг. Нийт ажлын хөлс нь 44.892.176 төгрөг.
Ингээд
- 2021.05.01-нд ЭТГ-ний засварын урьдчилгаа 15 сая
- 2021.05.07-нд ЭТГ-ний засварын гүйцэтгэл 28.6 сая төгрөг шилжүүлсэн байгаа юм.
Тухайн үед ковидын улмаас нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байв.
Энхтайваны гүүрний засварт хотын дарга Д.Сумъяабазар ихээхэн анхаарал хандуулж, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэдэнтээ тойрч, гүйцэтгэлийг шалгах нэрийдлээр баахан аахаг таахаг болсон.
Гэтэл үнэн хэрэгтээ Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын оффис ажилтнуудаас эхлээд зогсоолынхныг хүртэл дайчлан гүйцэтгүүлсэн хэрнээ “Дөлгөөн холболт” компани хийсэн хэмээгээд тус компани руу мөнгө шилжүүлсэн байгаа юм.
Ингээд зогсохгүй, хамгийн ичгүүртэй увайгүй нь, “Дөлгөөн холболт” компанийн хийж гүйцэтгэсэн ажил хэмээгээд гэрэл зургаар баталгаажуулан хүлээлгэж өгсөн зургууд нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хоёр шөнө, өдөр нойр хоолгүй дайчлагдан ажилласан ажилтнуудын зураг байх бөгөөд үүнийг нь захиалагч тал буюу Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хүлээн авсан гээд тайлан гаргасан байдаг.
Энэ үйлдэл нь өөрөө “Дөлгөөн холболт” гэх компанийг орлогч дарга Б.Алгаагийн хамаарал бүхий юм гээд шалгачихад буруудахгүй гэдгийг харуулж буй хэрэг. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ажилтан бүхэн ийм ичгүүргүй “мөнгө идэлт”-ийг мэдэж байхад мөнөөх ахлах нягтлан бодогч Б.Болормаа мэдээгүй байна гэдэг үлгэр!!!
Тиймээс Б.Болормаа, Б.Алгаа нар хэн хэнийгээ хэлж, шүүмжилж чадахгүй болтлоо цагаандаа гарсан нөхөд үү, эсвэл хань хамсаатан уу гэх хардлага эрхгүй төрж байгаа юм.
Үл гээн үргэлжлүүлэн хөөх нэг сэжим нь Улсын бүртгэлээс зөвхөн гадаад худалдаа явуулна хэмээн байгуулсан Дөлгөөн холболт компанид Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Энхтайваны гүүрний засвар, арчлалтын ажил авахаас ердөө ганцхан сарын өмнө ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ олгосон байдаг.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар 2012 онд “Хос орд групп” ХХК-ийг хамтран байгуулж байсныг дээр дурьдсан. Энэ холбоос нь Б.Алгаагийн ард Э.Бат-Амгалан байдаг гэх хардлагыг баталж байгаа юм. Мань эр ч Э.Бат-Амгалангийн үг үйлдэл, зураг хөрөг юу л байна бүгдийг цахим хуудсаараа шэйрлэж дэмждэг нь ил цагаан юм билээ.
Б.Мөнхбаатар сайд “Дөлгөөн холболт” компанид яагаад тусгай зөвшөөрөл олгох болсон талаар жич хүргэх тул энд түр орхиё…
“Дөлгөөн холболт” компанийн албан хаяг дахь “Бор анар”, “Силвермүүн” гэх хоёр компаниуд өөр нэг сэжим рүү биднийг хөтөлнө. Силвермүүн компанийн захирал Чойжилсүрэнгийн Энхжаргал гэж байх бөгөөд түүний нэрээр Баруун хараа тохижилт үйлчилгээ Орон нутгийн өмчит ААТҮГ, Байгаль орчин сум хөгжил төв, Шинэ дэлхийн иргэн төрийн бус байгууллагууд бүртгэлтэй байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг ч дараагийн дугаараар хүргэнэ.
Ямартай ч хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн зам арчлалт, засварын ажил эхлэхээс өмнө энэ мэт шимэгчдээсээ салж, салаад зогсохгүй холбогдох хууль хяналтын байгууллагуудад шалгуулдаггүй юм бол бид хараа хяналтаа улам бүр ахиулан дээрх нэр бүхий нөхдийн холбогдох факт мэдээллүүдийг нийтэлсээр байх болно.
У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдохтой зэрэгцэн засч сайжруулсан гэх Их тэнгэрийн хойд талын замын хэсгээс хүртэл хэрхэн цөлмөсөн баримт бүрэн эхээрээ ирсэн байгаа болно.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо