Авлигатай тэмцэх газар нь Төрийн байгууллагын хүнд суртал, албан хаагчийн ёс зүйн зөрчил, авлига гарч болох нөхцөл бүрдсэн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч хянан үздэг.
Тус газрын “110” тусгай дугаарт ирсэн гомдлын мөрөөр Нийслэлийн Хүрээ амаржих газраас “Нийслэлийн хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүрээ”-нд эх барих тусламжийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор албан хаагчдын орон тоо, ажлын зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт, сахилга бат, ёс зүйн зөрчилд тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авахуулахаар Нийслэлийн Хүрээ амаржих газрын захирал Б.Мөнхсайханд зөвлөмж хүргүүлэв.
Зөвлөмжийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар арга зүйн зөвлөгөөг өгч, хамтарч ажиллах талаар тус эмнэлгийн удирдлагуудад танилцуулах уулзалтад Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар Д.Золжаргал нар оролцож танилцууллаа.
Хүрээ амаржих газрын захирал Б.Мөнхсайхны зүгээс Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүднээс бодитой ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулах, шаардлагатай бол хамтарч ажиллах талаар мэдэгдлээ.