Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.
“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “Өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 872 хүн хамрагдаад байна. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 84 хүн хамрагдаагүй байна.
Шуурхай бүлгийн найман удаагийн хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдаас өгсөн 88 үүрэг, даалгавраас 79 нь 100 хувийн биелэлттэй, найм нь биелэх шатандаа буюу 70 хувийн биелэлттэй, нэг нь 30 хувийн буюу удаашралтай байна.
Замын хэмжээнд нийт 1326 ажлын байрны 71 мянга, 741 м2 талбайд, зөөврийн 14 илчит тэрэг, ачааны 55 галт тэрэг, сэлгээний 11 галт тэрэг, гэрээт байгууллагын 65 галт тэрэг, 3354 вагон, чингэлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” хэмээн танилцуулав.
Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-Хилийн хоёр өртөөн дээр ирж байгаа бичиг баримтны гадар, дотроос арчдасын шинжилгээ авсантай холбогдуулан шинжилгээний хариу яаж гарсан талаар танилцуулах,
-Эрдэнэт зангилааны ариутгал халдваргүйтлийн ажилд анхаарал хандуулж үргэлжлүүлэх,
-Хилийн өртөө, ялангуяа Эрээн өртөөн дээр галт тэрэг солилцооны асуудалд хяналт тавьж, галт тэрэгний тоог тогтмол байлгах тал дээр анхаарах,
-Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачилт дээр анхаарал хандуулж, тодорхой зорилт тавьж ажиллах,
-Зүүнбаянгийн төмөр замын үе угсралтын ажлыг эхлүүлэх, хүмүүсийн ажил хийх нөхцөл боломж хэрхэн бүрдэж вэ гэдэг дээр анхаарах,
-Шаргын овоо, Бор-Өндөрөөс хүмүүсийг хэрхэн авчрах, авчирсан хойно шинжилгээг нь ямар байдлаар авах, хаана байрлуулах талаар УБТЗ-ын төв эмнэлэг сайн зохион байгуулж ажиллах,
-Эрээн дээр гарч байгаа галт тэрэгтэй холбоотой саатлуудын талаарх мэдээллийг цаг тухайд нь авч асуудлыг дор бүрт нь шийдэж ажиллах зэрэг үүрэг чиглэл өглөө.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ