Цахим зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургагч багш бэлтгэнэ

2022-04-27
1 min read

Боловсрол, шинжлэх ухааны яам, “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ-тай цахим орчинд хүүхдийг хамгаалах зорилгоор өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд сурагч, оюутан, эцэг эх, асран хамгаалагч, багшийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь аюулгүй, зохистой үйл ажиллагааны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх юм.

Цар тахлын улмаас оюутан, сурагчид онлайнаар хичээллэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа нь уртассан. Хэрэглээ нэмэгдэх тусам цахим орчин дахь дээрэлхэх, дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, интернет тоглоом зэрэгт уруу татагдах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ интернэт хэрэглээг хянах, анхаарал хандуулах шаардлага тулгарч буй юм.

Санамж бичгийн хүрээнд:

-Боловсролын ерөнхий газар, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран цэцэрлэг, сургуулийн зөвлөл, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд ёс зүй, ёс суртахуун, хүүхэд хамгаалал, цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим зохистой хэрэглээг төлөвшүүлэх агуулгын хүрээнд сургагч багш бэлтгэх

-Сурагч, эцэг эх, асран хамгаалагч, багшийн цахим орчинд эерэг, зөв, соёлтой оролцох боловсрол олгох, сургалт хэлэлцүүлэг хийх, цахим хүчирхийлэл, доромжлол, гадуурхал, дээрэлхэл зэрэг сөрөг нөлөөллөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгох

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тулгамдаж байгаа асуудлын хүрээнд багш, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө мэдээллийг цуврал лекц, подкастаар дамжуулан олон нийтийн сүлжээгээр түгээх зэргээр хамтран ажиллах юм.

Мөн энэ үеэр Харилцаа Холбооны Зохицуулах хорооны удирдлагууд 10 төрлийн 8000 ширхэг зурагт хуудсыг Боловсролын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Дэлгэцийн донтолт гэж юу болох, ТИК ТОК-ын тухай эцэг эхчүүдийн мэдэх ёстой зүйлс зэрэг зөвлөмжийг Боловсролын ерөнхий газраар дамжуулан сургууль бүрд хүргэх юм.

Орчуулах »
error: Content is protected !!