Эвдрээгүй зам хуулж, элэгдээгүй бродюр солин хөрөнгө мөнгө урсгаж буй нөхцөл байдлыг олон нийт хурцаар шүүмжлэн, эгдүүцэж байгаа. Яг энэ цаг үед нь Авто зам засвар, арчлалтын компанид шигсэн, ажилдаа, төсвийн хөрөнгө мөнгөнд өөриймсөг бус хүний, хатуухан хэлбэл хулгайн сэтгэлээр ханддаг удирдлага, нягтлангуудаас салахгүй бол нийслэлийн автозам хэзээ ч бүрэн зориулагдсан хөрөнгөөрөө засагдаж, арчлагдахгүй гэдгийг эх сурвалжаас хэлж байна, Хотын дарга аа…
Нийслэлийн авто зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын жолооч, ажилтнуудаас доорх мэдээллийг ирүүлж буй бөгөөд олон он дамнасан эл бусармаг байдлыг таслан зогсоохгүй бол хэрээс хэтэрч, нэг л өдөр тус газрын жолооч нар хэрэгт холбогдож болзошгүй байгаа бололтой.
Учир нь Нийслэлийн авто зам засвар арчлалтын газрын ахлан нягтлан бодогч Б.Болормаа гэх эмэгтэй байж боломгүй үйлдэл, зарлага, орлогын падаан, зам явахууддаа жолооч болон бусад ажилтнуудыг гарын үсэг зур хэмээн зуруулдаг гэнэ.
Байгууллагын удирдлагууд нь ч үг хэлж чадахаа больчихсон энэ нөхрийг Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байсан Д.Батмөнхийн тавиул гэдэг аж.
2020 оны сонгуульд намаасаа нэр дэвших квот өвөрлөсөн ч сонгогчдын итгэлийг хүлээж чадалгүй өвдөг шороодсон Дамжингийн Батмөнх гэх энэ эр нэрээ Бат-Эрдэнэ болгон Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн гэх хуурамч диплом ашиглан Нийслэлийн авто замын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаал хашиж байсан гэдгээр нь уншигчид мэдэх биз.
Улмаар Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллах хугацаандаа төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт холбогдон 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд нарын хамт авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж байсан.
Ингэхдээ албан тушаалаа ашиглан тендэр будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг, албан тушаалтан хооронд авлигын мөнгө сэлт зөөх үүргийг түүний “Эрдэнэ суварга” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг Д.Энхмандах гэгч гүйцэтгэдэг гэгдэн Д.Энхмандах нь ч дээрх дарга нарын хэрэгт шалгагдаж байв.
Өөрийгөө генсэк Д.Амарбаясгалангийн хүн тул хэн ч, яаж ч чадахгүй шүү хэмээн сайрхдаг гэх Д.Батмөнхийн “тавиул”, Нийслэлийн авто зам засвар арчлалтын газрын ахлан нягтлан бодогч Б.Болормаа ч Д.Батмөнхийнхөө нэгэн адил албан байгууллагадаа хойноос ирээд хот, хотонд ороод хонь минийх үлгэрээр даам гарч, “миний ард Д.Батмөнх дарга байхад та муусайнууд яаж ч чадахгүй шүү” гэх байдлаар ханддаг гэнэ.
Тэрчлэн ажлын байрандаа архидан согтуурах үйлдэл байсгээд гаргадаг ч түүнд хариуцлага тооцож чаддаг дарга энэ байгууллагад байхгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Бүхэл бүтэн Нийслэлийн авто зам засвар арчлалтын газрыг хувийн компани шиг болгочихсон энэ ахлах нягтлан “Тавалтайн рашаан”, “Мөнгөлөг өнгөлөг” гэх хоёр компанийн нэрээр мах, гурил, саван, вок гээд бараа материал, зам засварын арчлалт, хамгаалалтын бүхий л эд материалыг нийлүүлдэг гэдгийг жолооч нар хэлж байна.
Тэрбээр авто баазаас машин гаргуулж, томоохон зах худалдааны төв орж хоол, хүнсний бүтээгдэхүүн, саван, угаалгын нунтаг зэрэг цэвэрлэгээний материалыг хамгийн хямд доод үнээр цуглуулчихаад хоосон падаан дээр өртгийг нь өсгөн бичиж, “Мөнгөлөг өнгөлөг” гэх компанийн тамгыг даран мөнгө завшдаг, энэ ажилдаа явсан жолооч нарын замын хуудсыг өөр алба, ажлаар бөглүүлэн гарын үсэг зуруулдаг юм байх.
“Тавалтайн рашаан”, “Мөнгөлөг өнгөлөг” гэх хоёр компани Б.Болормаагийнх гэдгийг 2019-2020 онд хэсэгхэн хугацаанд ажлаас гарсан цаг үе, нөхцөл байдал нь нотлох бөгөөд энэ хоёр онд Б.Болормаатай цуг алга болсон компаниуд түүнийг эргээд ажилдаа орохтой зэрэгцэн нийлүүлэлтээ үргэлжлүүлж эхэлсэн гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн удирдах албан тушаалтнаас нь мөн өгч байна.
Тэрбээр эцэстээ цагаандаа гарч, хоёр компанийнхаа тамгыг халааслаад явж байдаг болсон төдийгүй гаднаас ирсэн тамгагүй падаан дээр дарж, хуурамч гүйцэтгэл үйлддэг байдал нь хэрээс хэтэрсэн юм байх.
“Тавалтайн рашаан” компани 2014.06.23-нд байгуулагдсан бөгөөд барилгын засвар хийх, барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа, явган хүний хашлага, хавтан солих, замын тэмдэг тэмдэглэгээ хийнэ хэмээн нэр усаа авч байж.
Ажилтнуудын хэлснээр үнэхээр ч 2019, 2020 онуудад буюу Б.Болормааг хэсэг ажлаас гарсан цаг хугацаанд гүйлгээ зогссон байснаа эргээд 2021 оноос сэргэж эхэлснийг тус компанийн данс руу хийгдсэн дорх гүйлгээ харуулж байна.
- 2016.10.20-нд 26.5 сая
- 2016.12.26-нд 48 сая
- 2017.01.11-нд 21.5 сая
- 2017.01.11-нд 13.5 сая
- 2017.01.12-нд 21.5 сая
- 2017.02.07-нд 22.4 сая
- 2017.02.09-нд 22.4 сая
- 2017.04.26-нд 9 сая
- 2017.05.31-нд 23.6 сая
- 2017.06.11-нд 24 сая
- 2017.07.06-нд 18.5 сая
- 2017.12.18-нд 47.5 сая
- 2018.05.26-нд 11.6 сая
- 2018.05.28-нд 80 сая
- 2018.06.28-нд 13.3 сая
- 2018.07.06-нд 5 сая
- 2018.07.09-нд 50 сая
- 2018.08.21-нд 11.4 сая
- 2018.09.26-нд 12.5 сая
- 2021.05.17-нд 40 сая
- 2021.05.17-нд 50 сая
- 2021.10.13-нд 51.7 сая
- 2021.12.22-нд 6.4 сая төгрөг шилжсэн энэ баримтыг шилэн данснаас харчихаж болно.
Харин “Мөнгөлөг өнгөлөг” компанийг 2010.10.13-нд байгуулсан байх бөгөөд Б.Болормаагийн найз Б.Мөнхсарнай гэх нөхөр захирлаар нь ажилладаг аж. Тэд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т хамт ажиллаж байсан үеэс нөхөрлөжээ.
Эл компани Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт мах, гурил, саван, вок гээд нийлүүлэхгүй бүтээгдэхүүн байхгүй. Зөвхөн шилэн дансанд байгаа мэдээллийг шүүвэл мөн л Б.Болормааг ажлаас гарах хүртэл урсч байгаад хэсэг зогссон байдаг.
- 2016.10.21-нд 29.5 сая
- 2016.12.26-нд 43 сая
- 2017.01.11-нд 21.6 сая
- 2017.05.31-нд 21.5 сая
- 2017.06.11-нд 24.6 сая
- 2017.07.06-нд 15.5 сая
- 2017.10.25-нд 18.6 сая төгрөг шилжүүлсэн мэдээллийг шилэн данснаас харж болох бөгөөд үүнээс хойших гүйлгээг кассын тайлангаас харчихад хангалттай гэж байгаа.
Тэрбээр ажилдаа эргээд орсон 2021 онд гэхэд л 70.6 сая төгрөг шилжүүлсэн нь кассын баримтаар нотлогдоно гэдгийг удирдах албан тушаалтнаас нь хэлж байна.
Нийслэлийн авто зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ нь авто бааз, асфальт, тэмдэг тэмдэглээний үйлдвэр гээд гурван газарт хоол, хүнсний болоод бусад материал авдаг.
Ингээд тооцвол түүний “хулгайн” орлого огтхон ч тасардаггүй, тасалддаггүй аж.
Б.Болормаа нь санхүүгийн хүн учраас төдийлөн хий гаргадаггүй. Газрын дарга нараар хий хоосон гэрээнд гарын үсэг нөхөж зуруулаад огноог нь тааруулж гаршсан төдийгүй гүйцэтгэлийг хоёр дахин нэмэгдүүлж мөнгө завшиж дадсан гэх онц ноцтой мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болох уу, Д.Сумъяабазар аа!!!
Шалгалт ирэхээр цаас харуулаад буцаачихдаг энэ газрын касс, бэлэн мөнгөний орлого зарлагыг олигтойхон шалгаад үзчихээч…
Хэмнэ, хэмнэ, бас дахин хэмнэ гэх их лүндэнгээ эндээс эхэлж, Нийслэлийн авто зам засвар арчлалтын газрын жолооч, ажилтнуудын анхааралд өртөн, өдгөө бүр цагаандаа гарчихаад буй нэр бүхий хоёр компанид аудит оруулж, төсвийн хөрөнгөнд хяналт тавиад өг…
Б.Болормаа гэх ахлах нягтлангийн хууль бус үйлдэлд үг хэлж чадахаа больчихсон дарга даамлууд нь “Дэвжих аг”, “Баясгалант охь” зэрэг компаниудтай холбоотой бөгөөд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахан зассан Их тэнгэр хүрэх зам, Энхтайваны гүүрийн зам арчлалтаас хэрхэн, хичнээн төгрөг идсэн, уусныг дараагийн нийтлэлээр хүргэнэ.
Дээр доргүй хулгай нүүрлэж, өөр өөрийн хулгайн фактаар нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй болчихсон энэ газрыг энэ зуны зам засвар, арчлалтын их ажил өрнөхөөс өмнө шалгаж, цэвэрлэж цэмцийлгэхгүй бол нийслэлийн автозам өнгөө засч, өөдлөн дэвжинэ гэдэг мянгуужингийн үлгэр хэвээр байх нь, Хотын дарга аа!!!
Одоо л шалгаж, халаа солио хийхгүй бол Нийслэлийн авто зам засвар арчлалтын газрын хийх ажлууд энэ оноос эхлээд тендэргүй болсон гэх сургаар баасанд шавах батгана шиг нүд нь улаанаар эргэлдсэн шимэгчид тус газрын хаяа хатавчнаас салахаа болиод дэндүү удлаа.
Ядаж байхад үндсэн үүрэг зорилгоосоо хазайн төмс ногоо тарьж, зураг альбом урлан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хичнээн мэдээ нийтлүүлснээ л тоолж суухаас хэтрэхгүй үрэлгэн байгууллага болсныг мэдэж байгаа юу, Нийслэлийн захирагч ТА…
Үргэлжлэл бий…
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо