У.Хүрэлсүх: 2021 онд 852 сая ам.долларын хүнс импортложээ

2022-04-15
2 мин уншина

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-газар тариалан” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулган нь хаврын тариалалтын өмнө тулгамдсан асуудлаа ярилцаж, бодлого, чиглэлээ тодорхойлон, иргэдийг эрүүл хүнсээр хангах, үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол суурь баталгаа гэдгийг тэмдэглэв.

Монгол Улс зөвхөн төмс, гурил, махны хэрэгцээгээ л дотоодоос хангаж, хүнсний ногооны 40, будаа, элсэн чихэр, ургамлын тос, жимс, жимсгэнээ 100 хувь гаднаас авч байна.

Энэ нь хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эмзэг байгаагийн илрэл гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

2021 онд гэхэд л 852 сая ам.долларын хүнс гадаадаас худалдаж авсны 91 сая ам.долларыг хүнсний ногоо, жимс, жимсгэнэд зарцуулжээ.

Шинэ техник, технологи, инновац нэвтрүүлж, бүх шатанд бүтээмжээ сайжруулан хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах бүрэн боломжтойг хэлэв.

Энэ хүрээнд:

  • Хүнсний улаан буудайн нөөцийг нэн яаралтай нэмэгдүүлэх;
  • Хөрсөө тордож, арчлах, хөрс хамгаалах технологид эрс шинэчлэл хийх;
  • Үр, үрсэлгээ, суулгац үржүүлгийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгож, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах;
  • Органик бордооны үйлдвэрлэлийг дэмжих замаар нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх;
  • Ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, үрийн аж ахуйн тогтолцоог боловсронгуй болгох;
  • Гадаргын усыг нөөцлөх усан сангууд байгуулж, усалгаанд ашиглах;
  • Олон улсын стандартад нийцсэн механикжсан зоорь барьж байгуулах;
  • Хүний нөөцийг нэмэгдүүлэх, чадавхжуулах, агрономич, технологич, механик инженер, мэргэшсэн ажилтныг үе шаттай бэлтгэх зэрэгт анхаарахыг хэлэв.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил -10 зорилт” хөгжлийн санаачилгыг хамтын хүчээр хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Үүнд:

  • Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж, цаашид эрчим хүч экспортлогч улс болох;
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлш, шатахуунаа эх орондоо үйлдвэрлэж, нефть-химийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
  • Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох;
  • Хүнд ба хөнгөн үйлдвэрүүд барьж, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг аж үйлдвэржсэн экспортлогч орон болох;
  • Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, байгалийн хийн хоолой зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээ барьж байгуулан, хэвтээ болон босоо тэнхлэгийг холбосон тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бий болгож, “Транзит Монгол” болж хөгжих;
  • Хиймэл оюун ухаан, блокчэйн, робот, юмсын интернэт, их өгөгдлийг нэвтрүүлж, инновац шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэн “Цахим үндэстэн”, “Дижитал Монгол” болох;
  • Унаган байгаль, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, түүх, уламжлалд түшиглэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэн, эдийн засгийн тэргүүлэх салбар болгох;
  • Банк, санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, ухаалаг систем нэвтрүүлэн, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын идэвхтэй тоглогч болж, бүс нутгийн санхүү, хөрөнгө оруулалтын шинэ төв болох;
  • Орон зайн оновчтой бүтэц, нутагшилт суурьшлын зөв тогтолцоотой, метрополитан хотуудыг хөгжүүлж, хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх;

Эх дэлхийгээ шүтэн хайрладаг хүн ардтай, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалдаг төр, засагтай “Ногоон Монгол” болох  зорилтыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Орчуулах »
error: Content is protected !!