ОХУ эрчим хүчний экспортын зах зээлийг төрөлжүүлж, Азийн зах зээлд анхаарлаа хандуулна хэмээн тус улсын ерөнхийлөгч В.Путин пүрэв гарагт мэдэгдлээ.
Тодруулбал, В.Путин Засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ, “Бид эрчим хүчний экспортын зах зээлийг төрөлжүүлэх хэрэгтэй. Барууны орнуудын эрчим хүчний нийлүүлэлт буурна гэсэн үндсэн дээр бид ураглах ёстой” гэжээ.
ОХУ-ын зүгээс Европын зах зээлд нийлүүлдэг эрчим хүчний нийлүүлэлтийг Ази тив рүү шилжүүлэхийн тулд Ази болон БНХАУ-тай харилцаагаа илүү ойртуулахыг зорьж байна.
ОХУ, Украины хооронд өрнөж буй дайны улмаас барууны орнууд ОХУ-аас газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг эрчим хүчний бүтээгдэхүүн импортлохыг хориглох, багасгах зэрэг хориг арга хэмжээ авахаа зарласан.
Гэсэн хэдий ч Европ ОХУ-аас авах байгалийн хийн нийлүүлэлтийг бүрэн зогсоож чадахгүй хэмээн В.Путин хэлээд, эрчим хүчний хангамжийг зогсоох арга хэмжээ авах нь зах зээлийг тогтворгүй байдалд хүргэнэ хэмээн буруутгав.
Тэрбээр мөн хэлэхдээ, “ОХУ Ази тив рүү эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг бий болгох шаардлагатай болно. Бид экспортоо хурдацтай хөгжиж буй өмнөд болон дорнод зах зээлд аажмаар шилжүүлэх нь чухал” гэжээ.
Эх сурвалж: Монцамэ