70 мянгын цуйванг Бодь интернэшл-ийн хамтрагч, Голомтын П.Батхүү “зардаг”

Таваг цуйван 70 мянган төгрөгөөр зарагдаж байна гэх мэдээлэл сүүлийн өдрүүдийн сошиал орчин дахь олон олон шуугианы нэг болж байна.

Энэ бол зөвхөн нэг талаас харуулсан хэрэглэгчийн юуг хөндөх гэсэн нь тодорхойгүй пост байлаа. Учир нь 69900 төгрөгөөр үнэлсэн цуйван нь томоохон тавганд овоолсон, 4-5 порц бүхий бүтэн тогоо хоол юм билээ.

Магадгүй үйлчлүүлэгчдийн анхаарлыг татах гэсэн компанийн маркетинг ч байж болох юм. Энэ өнцгөөс нь харж судалбал, шуугиан тарьсан цуйвангийн ресторан нь хотоос 49км зайд орших Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт байрлах “Red Rock resort” бөгөөд “Өндөр-Улаан трэвел” компанийн эзэмшил аж.

Өндөр Улаан трэвелийг Бодь-Интернэшнл компани болон Пүрэвийн Батхүү гэх нөхөд 2006 онд байгуулсан юм байна. Компанийн улсын бүртгэл дэх хаяг ч Бодь, Богд группүүд болон Богд банк байршдаг БОДЬ ЦАМХАГ.

Хүүхдийн паркийн газрыг байж болох бүхий л арга зам, заль мэх хэрэглээд бүхлээр нь авчихсан хэмээн чичлүүлж, хүүхэд залуусын нус нулимс гомдлыг тээн яваа Бодь-Интернэшнлийг Голомтын Д.Баясгалан, УИХ-ын гишүүн асан Л.Болд нараар тодотговол илүүтэй мэдэх биз.

Тэгвэл тэдний бизнесийн алтан хамтрагч Пүрэвийн Батхүү гэж хэн бэ?!

Түүнийг УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүтэй эндүүрдэг байсан үе бий. Учир нь АПУ-гийн эзэд болох Батсайхан, Батчимэг нар Пүрэв овогтой бол Батхүү агсан өвөөгөөрөө овоглодог байв.

Голомтын Д.Баясгалангийн хамтрагч П.Батхүү нь Голомт банкны Хүний нөөцийн хэлтсийн захирлаар хэдэнтээ хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэрбээр тус банкны хувьцаа эзэмшигчээс гадна Монголын олон улсын менежер мэргэжлээр төгсөгчдийн холбоо, Кэйв рок, Инкон, Рэд рок инженеринг, Дэ рок, Амт фүүд саплайр, Рэд рок катеринг, Горхи тэрэлж байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх холбоо, Тэнүүн тэмүүлэн товер, Скай капитал групп зэрэг компаниудыг хамтран болон дангаар эзэмшдэг.

Түүнд холбогдоогүй, хувь эзэмшээгүй компани, аж ахуйн нэгж бараг байхгүй гэчихмээр.

П.Батхүүгийн “Байгууллагын удирдлагын хөгжлийн төв”-ийн хамтрагч Галсангийн Ганболд гэж хүний нэр дээр “Хувьтай голомт”, “Тэтгэврийн ууган сан”  төрийн бус байгууллагууд бүртгэлтэй байдаг бөгөөд энэхүү “Тэтгэврийн ууган сан” гээч нь мөн л Голомт банк, Бодь-Электроникс, Монголлизинг компаниудын эзэмшилд байдаг.

Тэдний “Хувьтай голомт” төрийн бус байгууллагынх нь Улаанбаатар, Чингэлтэй, 1-р хороо, 302 тоот хаягт “Эрдэнэс тавантолгой” ХК бүртгэлтэй байгааг анхаарахгүй орхиж болохгүй. 

Энэ нөхөд таваг цуйванг 70.000 төгрөгөөр худалдлаа хэмээн шуугиулж буй “Өндөр улаан трэвел” компанийнхаа Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь эзэмшил талбайг Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхад 10га-гаар нэмэгдүүлж 14га болгон авч байж.

Тэрчлэн шуналд хязгаар байдаггүйн жишээг харуулж БОАЖЯ-наас

  • 2017.09.28-нд 5.9 сая
  • 2018.09.06-нд 9.2 сая төгрөг халаасалж байсан баримт шилэн дансанд бий.

П.Батхүүгийн Скай капитал групп нь МИАТ-ийн бүхий л асуудалд нэр холбогдож ирсэн, алдарт Ч.Хоролсүрэнгийн хамтын эзэмшил. Эндээс Ч.Хоролсүрэн хожим нэрээ хасуулсан ч энэ нь хуурмаг төдий гэдгийг холбогдох баримтууд хэлээд өгнө.

Ч.Хоролсүрэн нэрээ хасуулсан ч группийн хамтран эзэмшигчээр үлдсэн “Монголиан Эйр Транспорт Групп” түүний төрсөн дүү Ч.Хоролтогтохын нэр дээр байдаг билээ.

Ч.Хоролтогтохын нэр дээр мөн Электронтехник, машин судлалын концерн гэх нэрээр дүрээ хувиргасан Сүхбаатар дүүргийн үзлэг оношлогооны төв бүртгэлтэй. Энэ төвийг Д.Сугар ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа 2007 онд өмч хувьчлал нэрээр Ч.Хоролсүрэнд зүгээр шахам өгчихсөн. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр булааж авсан шигээ хуучнаар “Сүхбаатар дүүргийн үзлэг оношлогооны төв” нэртэй Электронтехник, машин судлалын концерныг хураагаад авчихад тэгтэл буруутаад байхгүй юм.

Энэ концернын хамтран эзэмшигч нь “Моннис-Интернэшнл” бөгөөд захирал Дашдэлэгийн Ринчиндорж нь Хөгжлийн банкинд Хэлтсийн захирлаар ажиллаж байсан нэгэн гэдгийг бүгд мэдэх биз.

Д.Ринчиндорж “Дээднэ”, “Дээднэ транс” гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч.

“ДЭЭДНЭ” компанийнх нь хамтрагч Хадбаасангийн Бат-Эрдэнэ буюу “Алтай констракшн”-ийн эзэн. Тэр “Эгэл монголын маргааш” төрийн бус байгууллагатай бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь Т.Бадамжунай гэхээр их сонирхолтой учиг уртаас урт хөврөх юм. Тэд Монннис Интернэшнл дээр баасны ялаа шиг хэрхэн шавж, холбогддог талаарх мэдээллийг дараагийн дугаараар хүргэнэ.

Ямартай ч 70 мянган төгрөгийн цуйвангийн ард байх П.Батхүү нь Худалдаа хөгжлийн банкны сахал хочит Д.Эрдэнэбилэгээс төдийлөн дутаад байх кадр биш гэдгийг бидний хүргэх баримтууд харуулах болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!