Эрүүгийн хуульд оруулахаар болсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд авлига, албан тушаалын гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг хэрхэн тусгав? Өнгөрсөн долоо хоногт залуус жагсахдаа авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг байдлыг өөрчлөхийг шаардсан шүү дээ.
-Хууль зүй, дотоод хэргийн яам аливаа хуулийн төслийг боловсруулах шатандаа иргэд, судлаач, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлж байгаа. Арав гаруй хоногийн өмнө Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Үүнээс гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг шинээр томъёолон тусгаж байна.
-Нийтийн албан тушаалтны өмчид бүртгэлгүй, далд байдаг хөрөнгийг шалгана гэж ойлгож болох уу?
-Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн субъект нь зөвхөн нийтийн албан тушаалтан байдаг. Тэгвэл нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгөө өөрийнхөө бус, бусад этгээдийн нэр дээр байлгавал түүнийг татаж шалгахад төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг гэмт хэргийг тусад нь зүйлчлэн тусгасан.
Хүн өөрийн өмч хөрөнгөө шударгаар олж авах эрхийг Үндсэн хуульд зааж өгсөн. Гол нь тухайн өмч хөрөнгөө шударгаар олж авсан, татвар төлсөн байх ёстой гэдгийг л Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тодотгож оруулж байгаа юм. Тэгэхгүй бол нийтийн албан тушаалтан үнэтэй амины орон сууцанд амьдардаг асуудал цөөнгүй.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин