Нийслэлийн ногоон бүсэд эргүүл үүрэг гүйцэтгэж байна

2022-04-07
2 мин уншина

Урин цагт хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд өнжмөл шар өвсний 70 түймэр гарч, 112 га талбай шатсан. Өнгөрсөн 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн унтрааж ажиллалаа. Шар өвс шатсан дуудлагыг дүүргээр авч үзвэл, Хан-Уулд хоёр, Баянголд дөрөв, Чингэлтэйд 11, Сүхбаатарт 14, Баянзүрх дүүрэгт 15, Сонгинохайрханд 24 удаа гарчээ. Гал түймрийн шалтгаан нөхцөл 100 хувь хүний буруутай үйлдлээс гарч, иргэд амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн  гуравдугаар сарын 22-ноос эхлэн нийслэлийн ногоон бүсэд  үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн зургаан байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн дөрөв дэх жилдээ ногоон бүсийн эргүүл хяналтаар ажиллаж буй юм. Давхардсан тоогоор 365 чиглэлд 320 алба хаагч 64 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, гал түймэр гарч болзошгүй 14 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 410 иргэн, 62 айл өрх, 15 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллажээ.

Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Он гарснаас хойш өнжмөл шар өвс шатаасантай холбоотойгоор 54 дуудлага ирсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Хоёр жилийн өмнө гагнуур хийж байснаас оч үсэрч, Гоодойн аманд зуслангийн байшин шатаж, тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан” гэв. Иймд иргэдийг аялж, зугаалах болон өнжмөл шар өвсөө цэвэрлэхдээ анхаарал болгоомжтой байхыг санууллаа.  

Нийслэлийн Онцгой байдлын газарт 2022 онд ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын 609 буюу 94.7 хувийг объектын гал түймэр, нэг буюу 0.2 хувийг ой, хээрийн түймэр, 33 буюу 5.1 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр улиралд тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 663 хүний амь нас, иргэд аж ахуй нэгж байгууллагын 2.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрийн хор хохирлыг таниулах, түймрээс урьдчилан сэргийлэх арга замыг сурталчлах, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Алдвал галдана” нөлөөллийн II аяныг гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн. Аяны хүрээнд иргэдэд цахим орчинд ой, хээрийн түймэр, шар өвсний гал түймрээс  урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгож, хүн ам олноор цуглардаг томоохон үйлчилгээний төвүүдэд нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулах юм.

Хуурайшилтын улирал үргэлжилж байгаа тул  иргэн та ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх хэрэгтэй. Мөн хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Орчуулах »
error: Content is protected !!