Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хичнээн төгрөг босгохоор төлөвлөв?!…
Банкны салбар жил бүр хоёр тэрбумыг хандивлахаа зарлачихлаа. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг энэ “мөнгө босголт”-д манлайлан оролцохыг үүрэгдсэний дагуу Эрдэнэт үйлдвэр 100 сая, Эрдэнэс Тавантолгой 176 сая мод тарьж ургуулах болов. Уул уурхайн салбарын 20 аж ахуйн нэгж 169 сая мод амалж, үндэсний томоохон компаниуд 1 сая мод тарих батламж гардчихлаа.
- “Хургатай хайрхан” ХХК-10 000 000
- “Нью прогресс групп” ХХК-10 000 000
- Даатгалын мэргэжлийн холбоод /”Монголын даатгалын холбоо”, “Албан журмын даатгалын холбоо”, “Даатгалын зуучлагчдын холбоо”, “Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоо”/ – 5 000 000
- “Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” – 2 750 000
- “Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо”-1 250 000
- “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” – 1 000 000
- “Ард санхүүгийн нэгдэл” ХК -1 000 000
- “Монголын ипотекийн корпораци” ХК – 1 000 000
- “Эрдэнэ ресурс девелопмент” ХК – 1 000 000
- “Эрхэт монгол групп” ХХК – 1 000 000
- “Грийнпинус” ХХК – 1 000 000
- “Инвескор ББСБ” ХХК – 1 000 000
- “Сэндли” ББСБ – 750 000
- “Бичил глобус финанс” ББСБ – 500 000
- Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн “Дээвэр” нэгдсэн холбоо – 300 000
- “Ханбогд кашимер” ХХК – 300 000 мод гэхчлэн явж өгч байна.
Энэ байдлыг буруутган МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав “Хүнд үед аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газруудыг хүчээр муйхарлан оруулж ирэх нь асуудал шүү. Дайны үед Х.Чойбалсан малаа 200 сая болгоно гэсэн амлалт өгөөд, түүнээсээ болж малчин ардыг шар махтай нь хатаасан. 200 сая хүргэх гээд, дээр нь ноос ноолуурын маш их төлөвлөгөө өгөөд, сүүлд нь өөрийнхөө үстэй дээлээ хүртэл хяргаж, ноосныхоо бэлтгэлд өгч байсан тохиолдол зөндөө байсан. Түүнтэй адил хий хоосон амлалт авчихаад, тэрэндээ муйхарлан ард түмнээ хөлдөө чирэх вий. Сүүлийн үед үрээр тарьсан мод авахгүй, энд тэндээс баахан мод хэд дахин үнэлж авчирч суулгаад, маш их мөнгө угаасан асуудал бий. Ойгоор мөнгө угаадаг явдал хавтгайрсан. Байгууллагуудыг хүчээр шахаад, нөгөөх нь дарга харахаараа мод тарьж байна гээд жүжиглээд дэмий зарлага болоод л дуусна” гэснийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болохгүй.
Модны төрлөөс хамаараад нэг га талбайд 2500-3500 ширхэг мод тарина гэж үзвэл нэг тэрбум модонд 290-400 мянган га буюу 29-40 мянган км² талбай шаардлагатай байх. Улсын нийт газар нутгийн хэмжээ 1.5 сая км² өргөн уудам тул газар олдохгүйн зовлон байхгүй. Үндсэн ойн нөөц устаж багасаад юу ч үгүй болдгийн наахна яваа. Ерөнхийлөгчийн хувьд ой байгаагүй газарт ч тарьж ургуулах шаардлага гарах биз.
Жилдээ хоёр удаа, хавар намрын цагт нийтийн мод тарих өдөр зарлан байж өнгөрсөн 10 жилийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж байгууллага нийт 13 сая гаруй мод тарьсан гэх тоо бий. Өнгөрсөн онд зөвхөн Сэлэнгэ аймагт гэхэд 1.416 га талбайд ойжуулалт хийсэн. Модны тоогоор хэлбэл 4.2 сая орчмыг тарьсан гэсэн үг.
Гэвч эдгээрийн хичнээн нь үхэж, хичнээн нь ургасан бэ гэх судалгаа байхгүй. Тарьсан гээд мөнгө гаргасан тоо байхаас ургасан гээд үр дүн тооцсон дүнгүй л улс орон.
Монгол Улсад тарьсан моддын 50 хүрэхгүй хувь нь амьдрах чадвартай гэх судлаачдын тооцооллыг Ерөнхийлөгч харсан л байдаг байлгүй.
Бүс нутаг бүрт ойжуулалт харилцан адилгүй. Говь цөл, хээр, хангайн бүсэд ямар төрлийн мод тарих, хэрхэн нутагшуулах гээд нарийн технологитой ч энэ төрлийн мэргэжилтэн Монголд байхгүй шахам гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй биз.
Говийн бүсэд усалгааны систем татахад хүндрэлтэй.
Сэлэнгэ, Орхон зэрэг томоохон гол мөрнөөс ус татах асуудал яригдвал өртөг нэмэгдэнэ. Тиймээс учир мэдэх мэргэжилтнүүд Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг улс төрийн шоу гэж харж байгаа юм.
Тэрбайтугай улс төрийн шоу гэхээсээ илүү У.Хүрэлсүхийн босгож буй “авлигын пирамид” гэх хатуухан буруутгал яваад эхэллээ. Үндэсний хөтөлбөрт 4.3 их наяд төгрөг шаардлагатай гэдэг. Жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1-ээс доошгүй хувийг энэ хөтөлбөрт зарцуулахаа мэдэгдсэн. Олон улсын төсөл, хөтөлбөр, донор орнуудын хандив тусламжийг хуу хамна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа спортыг дэмжсүгэй, Монголд зохиогдох олон улсын спортын НОГООН НААДАМ-д зориулж жил бүр төсвөөс мөнгө гарга гээд захирамжилчихсан хүн. Гэтэл олон улсын спортын НОГООН НААДАМ гээч наадам хаана ч, хэзээ ч зохиогдож байгаагүй, зохиогдох ч үгүй хий хоосон зүйл болж таарсан. Энэ талаар хэвлэлүүд улиг болтол бичиж, анхааруулж байгаа ч түүний Ерөнхий сайд байхдаа үйлдсэн эл захирамжийг цуцалж, урсгасан мөнгийг шалгасан юм өнөө хэр байхгүй. Тэгэхээр 2024 оны сонгууль хүртэл Монголын нутаг дэвсгэрт огт зохиогдохгүй, төлөвлөгдөөгүй “олон улсын спорт наадам” гээч нэрээр жил бүр мөнгө гарсаар байгаа нь хэвээр гэсэн үг.
Одоо дээр нь “ТЭРБУМ МОД” гэх үлгэр нэмэгдчихлээ.
Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд болон төрийн өмчит үйлдвэрүүдийг хүчээр татан оролцуулж эхэлсэн нь Ерөнхийлөгчид өргөх “өргөл”-ийг өндөр түвшинд зохион байгуулж эхэллээ гэх хардлагыг шууд төрүүлж байна. Банкны салбарынхан жил бүр 2 тэрбум төгрөг хандивлахаа илэрхийлсэн нь мөн л У.Хүрэлсүхэд барьж буй авлигын дүн шиг сонсогдож байгаа нь нууцлаад байх хардлага биш.
Салбарын сайдын шахаагаар төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд ч “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэх “торгуулийн” улаан цаас авсан. Улаан цаас бүрт амлалт, амлалт бүрийн цаана мөнгө бий.
1 модыг 3 ам.доллароор үнэлсэн нь амлалт өгсөн модны тоог валютад хөрвүүлж төлбөрөө төл гэсэн далд утга давхар явж байгаа юм биш байгаа.
Угаасаа ойн нөөцгүй болчихсон улсын үндэсний компаниуд 1 сая модыг хаанаас олж тарих билээ!!!
Улсын хэмжээнд 200 гаруй мод үржүүлгийн газар байдаг ч нийлээд нийлээд жилдээ 9.2 сая орчим үрсэлгээ бэлтгэдэг гэж байгаа. Энэ талаар БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Уртнасан “10 жилд тэрбум мод тарина гэвэл ойролцоогоор 100 сая орчим үрсэлгээ хэрэгтэй тул нөөц бүрдүүлэх ажилд эхний 2-3 жилийг зарцуулна” гэх үнэнийг хэлээд “хөөгдчих” шиг болсон.
Тэгэхээр сая саяар амлаад байгаа компани, аж ахуйн нэгжүүд үрсэлгээ хүлээнэ гэдэг үлгэр…
Үрсэлгээ олдовч нийслэлд тарилтай биш, орон нутгийг зорих хэрэгтэй тул ажилтнуудаа ачаад, ажлаа алдаад 1 сая модны нүх ухаад сууна гэдэг бодит амьдралд огтын хэрэгжихгүй ажил учраас тэд Ерөнхийлөгчид амалсан моднуудаа мөнгөн хэлбэрээр өгөх нь үнэн.
Ам.долларын ханш огцом өсөөд байгаа нь зохиомол өсөлт гэж хардах эдийн засагчид олон бий. 1 модыг 3 ам.доллараар үнэлчихсэн. Тэгэхээр долларын ханш өсөх нь хэнд хэрэгтэй, хэнд ашигтай болж таарах вэ?!
Мэдээж Ерөнхийлөгчид хамгийн их ашигтай шүү дээ. Ам.долларын ханш улам өснө гэх мессэжийг ч тэр зүгээс хүчтэй тарааж буй нь ойлгомжтой. Сая, сая мод амалж буй компаниуд ам.долларын өсөлтөөс урьтаж мөнгөө тушаах гэж яарч байгааг ч бид харж байна.
Мөнгөн хэлбэрээр “тарих” мод ургахгүй нь тодорхой тул гэр хорооллын өрх бүрийг хашаандаа 10 мод тарих даалгавар өгч байна. Үүнд эдийн засагч С.Лхагважав шүүмжлэлтэй хандаж “Энэ бол үлгэр. Би лагерьтаа маш их мод тарьдаг. Манайх шиг тэгж их мод тарьж байгаа айл байхгүй. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд 300-гаад мод тарьсан. Ийм хэмжээнд тарина гэвэл айлуудын лагерийн хашаа үндсэндээ битүү ой болно гэсэн үг. Айлууд 5, 6 мод, дээд тал нь 20 мод тарина. Гэхдээ газаргүй айлууд мод тарина гэж байхгүй. Багаар бодоход 1 модонд ойролцоогоор 4м2 талбай ногдоно. Тэгэхээр У.Хүрэлсүх Мао Зэдун үр тариа, хоол хүнсээ хангалттай болгоно гээд болжмор устгадаг шиг юм ярьж байна. Эдийн засгийн ямар ч тооцоо байхгүй. Угаасаа ийм юм хийж үзээгүй хүн чинь сэтгэлийн хөөрлөөр судалгаагүй юм ярьж байна. Нэг мод гурван жилийн хугацаанд тогтмол усалж арчилж байж ургана. Хэдэн мянга, хэдэн тэрбум мод тарьж болно. Гэхдээ 10 мод тарилаа гэхэд сайн арчилсан ч 3-4 нь үхчихнэ. Арчлахгүй бол бүгдээрээ үхнэ” гэж хатуу үнэнийг хэлсэн.
Тэгэхээр “ТЭРБУМ МОД үндэсний хөтөлбөр” гэх нэрийн дор 4-5 их наядын хөрөнгө татан төвлөрүүлж буй асар том “авлигын аян” шиг харагдаж байгаа нь нууц биш.
Ядаж байхад Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Ойн судалгаа, хөгжлийн газар байгуулахаар шийдвэрлэж энэ оны төсөвт урсгал зардлыг нь 12.5 тэрбум төгрөгөөр тусгасан боловч энэ газрыг одоо хүртэл байгуулаагүй байна. Уг нь байгуулахын тулд БОАЖЯ-ны харьяанд байсан Ойн судалгаа, хөгжлийн төвийг татан буулгачихсан гэх мэдээлэл бий.
Ийм том үндэсний хөтөлбөр зарлачихсан атлаа мэргэжлийн байгууллагыг нь өнөө хэр байгуулаагүй, тэрчлэн үндэсний компаниуд сая сая мод тарих амлалт бүрийн тоогоор ам.долларын ханш урьд байгаагүйгээр өсч эхэлсэн нь “ТЭРБУМ МОД үндэсний хөтөлбөр” Ерөнхийлөгчид өргөх “өргөл” төдий юм биш байгаа гэх хардлагыг хүчтэй төрүүлж байгаа юм.
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо