Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа. Иймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон зарим зүйлийн талаар ярилцлаа.
-Нийслэлд томуу, томуу төст өвчний халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Хоногт хэчнээн хүүхэд эмнэлэгт хандаж, тусламж, үйлчилгээ авч байна вэ?
-Томуугийн мэдээллийг эмнэлгийн орны хэвтэлт, амбулаторийн үзлэг гэсэн хоёр төрлөөр гаргадаг. Орны мэдээг өдөр тутам гаргаж байгаа. Амбулаторийн мэдээг долоо хоног тутмаар гаргадаг. Энэ долоо хоногийн хувьд нийт амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар өссөн үзүүлэлт. Үзүүлж байгаа хүүхдүүдийн хувьд, 0-4 насны хүүхдүүд 60 орчим хувийг, 5-9 насны хүүхдүүд 20 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт үзлэгийн 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа.
Эмнэлгийн орны хэвтэлт гуравдугаар сард маш өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор бид орны зохицуулалт хийгээд явж байна. Харин энэ долоо хоногоос эмнэлэгт хэвтэх нь буурах хандлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1810 орчим ор дэлгэснээс 1413 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
-Амбулаторийн үзлэгийн 13.8 хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж байна гэлээ. Энэ хэр өндөр үзүүлэлт вэ?
-Томуугийн халдварын амбулаторийн үзлэгийн эзлэх хувьд үндэслэн ямар арга хэмжээ авах тухай Эрүүл мэндийн сайдын тушаалаар зааж өгсөн байдаг. 0-5 орчим хувийг эзэлж байх үед эмнэлгүүд дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч, 10-14 хувь хүрэхэд карантин тогтоодог журамтай. Өмнөх жилүүдийн нөхцөл байдлыг харахад, амбулаторийн үзлэг, хэвтэлтийн тоо шууд хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл, амбулаторийн үзлэг нэмэгдэхэд дагаад орны ачаалал нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд амбулаторийн үзлэг 13.8 хувьд хүрчихсэн байхад эмнэлэгт хэвтэлт буурч байгаа. Үүнээс хүүхдүүдийн өвчлөл хөнгөн хэлбэртэй байна гэж дүгнэж болно. Өнгөрсөн жилүүдийн туршлагаар бол өдийд карантин тогтоох ёстой. Энэ жилийн хувьд удахгүй хүүхдийн амралт эхэлнэ. Амралт эхлэхээр өвчлөл буурдаг зүй тогтол байдаг.
-Зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдээ эмнэлэг хүлээн авч чадаж байгаа юу?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай хүүхдүүдээ хүлээн авч байгаа. Хүмүүс коридорт хүүхэд авлаа гэж гомдол гаргадаг. Шөнө оройн цагаар нэг дор олон хүүхэд ирсэн тохиолдолд бид өвчтэй хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг харгалзаж, ор хүрэлцээгүй үед коридорт авах тохиолдол байдаг. Гэхдээ тухайн хүүхэд эмнэлгээс гартлаа коридорт байдаггүй. Ор сулрангуут өрөөнд оруулдаг. Одоогийн байдлаар ор хангалттай хүрэлцэж байгаа.
-Эмч, сувилагчдын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор анагаахын төгсөх курсийн оюутнуудыг ажиллуулж байгаа гэж байсан. Өнөөдрийн байдлаар хэдэн сургуулийн хэчнээн оюутан ажиллаж байна вэ?
-Ачаалал ихэссэнтэй холбоотойгоор хүний нөөцийн дутагдал үүсэж, ялангуяа сувилагч, тусгай мэргэжлийн хүмүүс хомсодсон. Иймээс бид ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС, “Этүгэн”, “Ач” гэх мэт сургуульд хүсэлт тавьж, тодорхой тооны сувилагч, мэргэжилтнүүдийг ажиллуулсан. АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн гурав, дөрөвдүгээр курсийн 40 гаруй оюутныг авч, ажиллуулж байна. Мөн зургадугаар курсийн оюутнуудыг нэгдсэн эмнэлгүүдэд, АШУҮИС-ийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа зургаан эмчийг ажиллуулсан. Түүнчлэн “Этүгэн” сургуулийн сувилахуйн 120 оюутан эмнэлгүүдэд ажиллаж байгаа.
-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал хэр байна вэ?
-Томуугийн халдвар нэмэгдэхэд бид эхлээд өрхийн эрүүл мэндийн төвүүдээ уртасгасан цагаар ажиллуулдаг. Энэ жил ч мөн томуу ихэссэнтэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд болоод хүүхдийн кабинетийг уртасгасан цагаар, амралтын өдрөөр ажиллуулж байгаа. Түүнчлэн нэгдсэн эмнэлгүүдэд хүний нөөцийн дутагдал үүсэж байна. Учир нь ачаалал ихсэхийн хэрээр нэг эмчид ногдох өвчтөний тоо нэмэгддэг. Иймээс нэгдсэн эмнэлгүүд харьяа дүүргийн эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүдтэйгээ гэрээ хийж, оройн цагаар хүлээн авах дээр хүн авч ажиллуулах зохицуулалтыг хийж байна.
-Хүүхдийн кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвийн цагийг уртасгасан зохицуулалт хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Цаг уртасгах тухай НЭМГ-ын даргын тушаал гардаг. Бид эхний ээлжид дөрөвдүгээр сарын 15 хүртэл энэ зохицуулалтаар ажиллуулъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн өвчлөлийн явцыг харж, өвчлөл нэмэгдвэл хугацааг сунгаж, багасвал наашлуулна.
-Томуу, томуу төст өвчний халдвар их байгаатай холбоотойгоор зарим дүүргийн эмнэлэг ахмадын эмнэлэгтээ хүүхдүүд авч байсан. Энэ мэт зохицуулалтыг хэр олныг хийсэн бэ?
-Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэх үед орны зохицуулалт хийдэг. Амбулаторийн үзлэгийн тав хүртэлх хувьд эмнэлгүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан, ороо нэмдэг. Харин таваас дээш хувьд хүрвэл өөр эмнэлэг рүү шилжүүлэх гэх мэт зохион байгуулалтыг хийдэг. Энэ жилийн хувьд Чингэлтэй дүүргийн I-VI хорооны хүүхдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, тус дүүргийн VII-IX хороо, мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн зарим хорооны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Хан-Уул дахь Эх, нярайн, эмэгтэйчүүдийн үндэсний төв рүү шилжүүлсэн.
-Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөөг эцэг эхчүүдэд өгөхгүй юү?
-Өнгөрсөн 2020, 2021 онд ковидын өвчлөл ихсэхэд томуугийн халдвар буурсан. Энэ үед хүн болгон амны хаалт зүүж, гараа ариутган, халдвар хамгааллын дэглэм баримталж байсан. Үүнтэй холбоотойгоор томуугийн өвчлөл хамгийн ихдээ 4.5 хувьд хүрч байлаа. Амны хаалт зүүх, гараа ариутгах, зай барих, халдвар хамгааллын дэглэм баримтлах нь амьсгалын замын өвчнөөс бүрэн сэргийлж чадахыг энэ харуулж байна. Ковидын халдвар буурсан хэдий ч амьсгалын замын халдвар хэвээр байгаа. Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд олон нийтийн газар дагуулж явахгүй байх, амны хаалт зүүлгэх, гарыг нь ариутгах дадлыг маш сайн хэвшүүлэх, төлөвшүүлэх хэрэгтэй. Мөн хүүхдийн байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлага, эмч, нийгмийн ажилтнууд өдөр бүр ирцээ хянаж, хэрэв хүүхэд амьсгалын замын өвчтэй байвал эцэг, эхэд нь хэлж буцаах гэх мэт арга хэмжээг тухай бүрд нь авбал өвчлөл багасна гэдгийг хэлмээр байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР