Сэмэртэл худал ярьдаг Төрийн нарийныг хэдий хүртэл чирэх вэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Цахим орчинд үндэсний аюулгүй байдлыг хангаж төр, хувийн хэвшил, иргэний мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, улсын дижитал дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн үүрэг, зорилготой Цахим хөгжил, харилцаа холбооны яам албан ёсны пэйж хуудсаа хакердуулаад хэд хонов.

Юун улс үндэстнийхээ аюулгүй байдлыг цахим орчинд хангаж ажиллах… Эсрэгээрээ хувийн хэвшилд ажиллаж буй IT технологийн чадварлаг мэргэжилтнүүд нь иргэний үүргийнхээ дагуу төр, иргэний мэдээллийг сайн дураараа хамгаалж, шаардлага үүсвэл Цахим яамыг ч хамгаалахдаа хүрч мэдэх хөгийн, эмгэнэлт үйл явдлууд өрнөж байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам үндсэндээ Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар байхаасаа л арчаагүйтэж, үе үе гадна дотны халдлага дайралтад савалж, хамгаалах ёстой мэдээллүүдээ алдчихлаа гэсээр өнөөг хүрсэн.

Монгол Улсын бүх иргэний мэдээллийг зарна гэх зар олон улсын “хакеруудын хар зах” гэгддэг хуудаст тавигдсан байсан шуугиант мэдээлэл мартагдах болоогүй байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэх хэтэрхий үрэлгэн, данхар бүтэцтэй байгууллага болчихоод буй хуучнаар Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар уг нь улсын Тагнуулын байгууллагын дижитал хувилбар гээд ойлгочиход тэгтэл хол зөрж, алдсан болохгүй. Тиймдээ ч салбарын сайд, Төрийн нарийн гэх хаалттай хаалганууд үүсгэлгүй Ерөнхий сайдын шууд удирдлагад байсаар ирсэн биз.

Ийм чухал, эмзэг, хариуцлагатай байгууллагыг салбар яам болгоод сайд, дэд сайд, Төрийн нарийн гэх улстөрийн нам, бүлэг фракцуудын бэлэгний хайрцаг болгох ямар хэрэг байв аа…

Ядаж байхад хэнд удирдуулаад, хэнд атгуулаад байгаагаа мэдэж байна уу, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын харилцааны мэргэжилтнээр дүүргэж БНСУ-д Бизнесийн удирдлагын магистр, Англид Төрийн удирдлагын магистр хамгаалаад эцэст нь олон улсын хэдэн төсөл хөтөлбөрүүдэд цаас үдэж, тайлан бичигч хийж байсан нөхөрт “Дижитал Тагнуулын байгууллага”-ыг удирдуулна гэдэг хэтийдсэн тэнэглэл биш үү…

Энэ хүндээ заавал эрх мэдэл, албан тушаал өгөх ёстой юм бол чаддаг мэддэг салбарт нь өг л дөө.

Улсын дижитал дэд бүтцийг олон улсын харилцааны менежер удирдахад мэдлэг чадвар, чансаа нь хүрэхгүй гэдгийг хэд хэдэн удаагийн мэдээллийн халдлага, технологийн салбарын “газар хөдлөлт”-өөс хангалттай харлаа.

Ядаж байхад ямар худалч юм бэ, энэ хүн чинь…

Цахим үндэстэн болж буй арга замаас чинь туршлага судалж, суралцъя гээд хэд хэдэн улсаас санал тавиад байгаа гэх агуулга бүхий юм яриад явсан. Цахим яамныхаа пэйж хуудсыг хамгаалж чадахгүй Б.Болор-Эрдэнээс хаана, ямар улс нь туршлага судлах юм бэ. Ичиж үхмээр ийм элий мэдэгдлүүдийг нь ядаж болиулаач!!!

2021 оны 12 сарын 10-ны өдөр, тухайн үеийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ zarig.mn /https://zarig.mn/uhf/ сайтад ярилцлага өгөхдөө e-Mongolia системийн аюулгүй байдлыг хангуулахын тулд MNCERT/CC төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж сар бүр 5-10 сая төгрөгөөр аудит хийлгэдэг гэж ярьсан байсан нь бас худлаа болж таарлаа.

MNCERT/CC төрийн бус байгууллага нь мэдэгдэл гаргаж, эл худал мэдээлэлдээ залруулга гаргаж уучлал гуйхыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнээс шаардсаныг олж харсан уу, Ерөнхий сайд аа!!!

“e-Mongolia” системийн албан ёсны фэйсбүүк хуудас хоёр хоногийн өмнө буюу 2022 оны 03-р сарын 27-ны өдөр хакердуулж, админ эрхээ алдсан.

Гэтэл Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ “фэйсбүүк хуудас нь META компанийн хөгжүүлж буй платформ бөгөөд тус платформоор дамжуулан иргэд, олон нийтэд “e-Mongolia”-н талаарх албан ёсны мэдээ, мэдээлэл, заавар, зөвлөгөөг хүргэдэг. “e-Mongolia” фэйсбүүк хуудасны админ эрх рүү халдлага гарсан даруйд бид META компанид мэдэгдэж, шуурхай ажиллан фэйсбүүк хуудсаа эргүүлэн авсан болно. Энэ халдлага нь хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор тус компанитай хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн.

Харамсалтай нь энэ мэдэгдэл бас л худал болохыг пэйж хуудас нь харуулж байна. Мета компанийн зүгээс цахим хуудасны нэрийг л “e-Mongolia” гэж өөрчилж өгснөөс бус эрхэм хатагтай Б.Болор-Эрдэнэ админ эрхээ одоог хүртэл авч чадаагүй байгааг фэйсбүүк хэрэглэдэг захын иргэн ороод харчихаж болж байгаа юм.

Жишээ болгох үүднээс МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн цахим хуудастай харьцуулсан зургийг харуулъя. Д.Амарбаясгалангийн пэйжийг Монголоос 6 хүн удирдан явуулдаг гэж харагдаж байгаа бол “e-Mongolia” цахим хуудсыг одоог хүртэл Монголоос удирдахгүй хэвээр байна.

Б.Болор-Эрдэнэ нь “Энэ халдлага хаанаас, ямар зорилгоор гарсныг тогтоохоор ажиллаж байна” гэх сүртэй тайлбарыг өгсөн боловч энэ нь түүний мэдлэг чадваргүй, IT технологийн салбарт тэнцэхгүй Төрийн нарийн гэдгийг хангалттай нотлох нотолгоо болчихлоо.

Учир нь “e-Mongolia” цахим хуудсыг хэн, ямар зорилгоор авчихсан байгааг хүүхэд ч хараад мэдчих боломжтой, нууц мэдээлэл биш байна… Энэ https://worldofwomen-galaxy.com/about-us.html линкээр ороод харчих Ерөнхий сайд аа!!!

World of Women Galaxy гэх нэрээр OPENSEA.IO NFT бирж дээр цахим NFT гаргаж буй уран бүтээлчид л Цахим Монголын Цахим яамны чинь пэйж хуудсыг авчихсан байна шүү дээ.

Энд ямар ч зорилго, ямар ч хакер байхгүй. Зураач, уран бүтээлч залуучуудад яамныхаа цахим хуудсыг алдаж байгаа Цахим яам руу жинхэнэ хакерууд халдвал бүхнээ алдах юм байна л даа. Пэйжийг авсан багт хөрөнгө оруулалт хийсэн хүний мэдээлэл нь ч ил байхад холбогдож яриад буцаагаад авчих чадваргүй Б.Болор-Эрдэнэ энэ салбарын гал тогоог барих Төрийн нарийн бичгийн дарга биш гэдгээ хангалттай харуулж байна.

Нөгөөтэйгүүр ийм сул дорой, мэдлэг чадваргүй нөхрийн гарт салбараа атгуулчихаад хөгжил хүлээж суугаа монголын IT технологийн мэргэжилтэн, легионрууд ч дэндүү хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй юм.

Өөрсдийгөө давсан мэдлэгтэй, технологийн наад захын ойлголттой хүнээр удирдуулна аа гээд тэмцчих чадалгүй IT салбарынхан энэ улсыг улсын дайтай авч явж чадах уу. Технологийн хөгжил нь улс орноо хүчирхэгжүүлж байхад монголын технологичид улсаа хөгжүүлэх байтугай өөрийн салбарын идээ бээрийг ч шахчих тэнхэлгүй, зориг зүрхгүй суугаа нь даанч эмгэнэл.

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарыг удирдчихаж чадна гэж өнөөг хүртэл чичрэн суух Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнэ ч дур эзнээ, дунд чөмөг сүүжээ голдоггүйн жишээ болж энэ улсын “дижитал Тагнуулын байгууллага” болсон нэн хариуцлагатай салбарыг захын зураач залууст самруулж, сандаачуулж суугаадаа ичиж, өөрийн хүсэлтээр зайгаа тавиад өгөх хэрэгтэй юм. Энэ бол гоё охидын цаг нөгцөөдөг брэндийн дэлгүүр биш…

Салбарын мэдлэггүй, чадваргүйн дээр ичих булчирхайгүй худлаа ярьдаг араншин, удаа дараагийн мэдээ мэдээллээ хамгаалж чадахгүй алдаж буй нь түүнийг танхимаасаа хөөх, цаашлаад гадныханд админ эрхээ өгсөн санаатай үйлдэл ч байж болзошгүйг хэрэг нээн шалгуулах хангалттай үндэслэл шүү, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!   

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!