Бүлэг фракцийн асар том хамгаалалттай С.Энхболдоос хариуцлагаа эхэл, Ерөнхий сайд аа!!!

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Монголын Үндэсний их сургууль руу 2.3 тэрбум төгрөгийг гүйлгээний утга задаргаа тодорхойгүй байдлаар, 424 сая төгрөгийг шатахууны зардал нэрээр тус тус шилжүүлснийг өмнөх дугаарт хүргэсэн.

Тэрчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ээжийн компани руу 30 сая төгрөг шилжүүлсэн асуудлыг хэрхэвч зүгээр өнгөрч болохгүй юм. Үүнийг Эрүүл мэндийн сайдад өгсөн “авлига”-ын хэлбэр гээд хардах эрх бидэнд бий.

Эрдэнэс Тавантолгойн хувьцаанаас өөр хөрөнгөгүй хэмээн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн Сэрээжавын Энхболдын нэр дээр Монголын хэвлийн хөндийн радиологийн нийгэмлэг, Эрүүл энх ирээдүй шонхор төв, Өнө мед зэрэг компани бүртгэлтэй байх нь тоохгүй өнгөрөөх асуудал мөн үү.

Эрүүл энх ирээдүй шонхор төвийнх нь Улаанбаатар, Баянзүрх, 1-р хороо, 1001 тоот гэх албан хаягт Монголын марафон гүйлтийг хөгжүүлэх сан, Форестберриес компани бүртгэлтэй байгааг хэрхэн ойлгох вэ…

Тэрбээр Өнө мед компанийг 2018.02.12-нд байгуулж байж. Үүнээс жил хагасын дараа, 2019.10.07-нд ээж Баатарбалын Кумагаа хамтран эзэмшигчээр нэмж гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.

Сайдын ээж Б.Кума “Алтайн хан тайшир” гэх компанитай. Оролцсон тендэр бүртээ шалгардаг эл компани гадаад худалдаа, шүдний холимог үзлэг, оношилгоо, уламжлалт сэргээн засал эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэхээр үйл ажиллагаагаа тодорхойлсон байх бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар тус компани руу нь

  • 2021.11.12-нд 6.112.000
  • 2021.09.17-нд 8.529.600
  • 2021.10.11-нд 20.877.600 төгрөг шилжүүлсэн байх нь хэтэрхий “өлөн” гүйлгээ юү?!…

С.Энхболд сайдын ээжийн эрхээрээ хатчихсан эл компаниас гадна Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийг саалийн үнээ мэт болгочихсон “Хомын тал” гэх компани бий…

Гэмтэл согогын эмнэлэг юмуу гэмээр байсгээд л “Боолтын материал” нэрээр олон тооны мөнгөн гүйлгээ хийсэн байгааг ч шалгах хэрэгтэй.

Учир нь “Хомын тал” компани 2006.09.21-нд зам талбайн тохижилт, авто зам, замын байгууламжид засвар арчлалт хийх, гадаад худалдаа, тоосгоны үйлдвэр, барилгын өнгөт хавтан үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэйгээр байгуулагдсан, авто замын засвар арчилгааны чиглэлээр дагнан ажилладаг.

Гэтэл яахаараа Эрүүл мэндийн төвд “боолтны материал” нийлүүлж эхлэх болов?!…

“Хомын тал” компанийн албан хаяг дээр “Отгон уулын элч” гэх компани давхар бүртгэлтэй байдаг бөгөөд захирал Ганбатын Ганхөлөг нь Баянгол дүүргийн Хяналтын прокурор гэж байгаа.

Тэрбээр МАН Засагласан жил буюу 2017.04.01-нд уг албан тушаалд томилогдсон байгаа юм. 

Энэ нөхрийн нэр дээрх МОКРА гэх өөр нэг компанийн хамтран эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан Самбуугийн Дэмбэрэл байдаг нь сонирхолтой. Тэрбээр Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирлаар 2018.05.01-нээс томилогдон ажиллаж байгаа. 

Тэгэхээр Эрүүл мэндийн сайд С.Энхболдын ар тал дахь бүлэг фракц, тэр дундаа Монголын Үндэсний их сургууль руу ковидын хүнд үеэр шилжин “алга болсон” хэдэн тэрбумын сураг амархан гарахаар байгаа биз… Үүнтэй холбогдох мэдээллийн мөрөөр бид үргэлжүүлэн ажиллаж байна. Дэлгэрэнгүй баримт фактын хамт дараагийн дугаараас уншаарай.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!