Эрдэнэт үйлдвэрийг цөлмөж, хогийн тантан байлгасаар ирсэн явдалд цэг тавина хэмээн хашгичсаар гарч ирсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад таг болов… Түүний хийрхлийг хэн зогсоож дөнгөв!!!

Бэлгэвч, бохь, ном гээд юу л бол юу худалдан авч үе үеийн хулгайчуудыг үр хүүхэдтэй нь тэжээсээр ирсэн тус үйлдвэр одоо бүр техникийн зах шиг боллоо. “1000 машин” худалдааны төвийн салбар ГОК-ын хашаанд нээгдлээ гэвэл гайхах хүн гарахгүй биз.

Үйлдвэрийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11,429.8 сая төгрөгийн өртөг бүхий 14 автомашин улсын дугааргүй, эзэмшигч тодорхойгүйгээр хэдийд ч хэний ч халаасанд шилжиж мэдэхээр зэхээтэй байгааг аудитын дүгнэлт хэлээд өгнө.

Үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх 140 сая төгрөгийн Лексус570 маркийн автомашиныг 10 сая төгрөгөөр акталж гаргаад хувьдаа авсан баримт өнгөрсөн жил дэлгэгдсэн ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эрхэм дарга ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. 2013 онд үйлдвэрлэгдсэн машин гэдэг ядарсан ардын хувьд шинээрээ шахамд тооцогдож үндсэн үнээсээ төдийлөн буухгүй нь үнэн. Тэгэхээр Лексус570-ыг арван саяар үнэлж актлаад нэгдүгээр орлогчдоо найр тавин өгсөн явдлыг үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нь өөрийн фактуудыг нуун дарагдуулахын тулд өгч амыг нь хаасан авлигын хэлбэр гээд хардчихад буруутахгүй биз дээ.

Төрийн өмчийг төлөг, шүдлэнгийн үнээр гаргаж хувьдаа завшиж буй цагаандаа гарсан энэ мэт хулгай өөрийн чинь үед хэвээр оршсоор дуусах болчив уу, Засгийн газрын тэргүүн ээ!!!

Уурхайчдад зориулах ёстой дэмжлэгийг газар, хэлтсийн дарга нар увайгүйгээр хүртэж, зөвхөн дарга нарын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлсөн 414 сая төгрөгийн ичгүүртэй зөрчил ч байна. Энэ бас доод албан тушаалтнуудын амыг хамхисан авлигын хэрэг мөн биз!!!

Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ямар их но-той, ноцтой үйлдэлтэй болоод байгууллагын нь эрх бүхий албан тушаалтан ерөнхий захирлын “Эрх шилжүүлэх тухай” тушаалд дурьдагдаагүй эрхийг эдлэн ДҮ-63-12-549 тоот албан бичгээр “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын Голомт, ХХБ банк дахь харилцах дансны 1, 2 дугаар гарын үсэг эзэмшигчийг тодорхойлж, дансны гарын үсгийн баталгаа гаргуулан их хэмжээний үнийн дүнтэй гүйлгээг хийсэн байх вэ…

Энэ мэт цадиг замбараагүй, хувийн аж ахуй шигээ болгочихсон Эрдэнэт үйлдвэр Х.Бадамсүрэн гэгч нөхрийн гар дээр амь тасарлаа, Ерөнхий сайд аа!!!

Үйлдвэрт хүхэрт натри тасраад 50 хоног молибден гаргаж чадаагүй ноцтой мэдээллийг сошиал орчинд иргэд баримт факттайгаар гаргаж тавиад хэд хонож байхад Засгийн газар нь дотоод дахь эрх мэдлийн тэмцэлдээ анхаараад ажин түжин…  

Одоогоос тавхан сарын өмнө, 2021.11 сард мөн л технологийн нөөцгүй болж, феррохром ФX-200 тасран үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоход хүрч байсан. Эмульгар гэхэд 3-5 хоногийн нөөцтэй, карбид кальци дуусан нийлүүлэх компани олдохгүй байгааг үйлдвэрийн ажилчид хэлж байв. 

Гол түүхий эд нийлүүлэх тендэр зарласан ч тодорхойгүй шалтгаанаар хэд хэдэн удаа цуцлагдсаар эцэстээ ийм байдалд хүрлээ. 40 жилийн түүхтэй, бүхэл бүтэн улсын ганц саалийн үнээ анх удаа ийнхүү үйл ажиллагаа нь доголдож, амин зуулга нь тасарч байхад нөөц бололцоо, чадвар мэдлэгийн нь хэмжээ хүрэхгүй суугаа Х.Бадамсүрэнг байлгасаар байх нь зүгээр үү?!

Хүхэрт натри нийлүүлэх гэрээ хэдийнэ хийгдэж, мөнгө нь бүрэн шилжээд бүтэн улирлын нүүр үзэх гэж байхад зэс молибденийг ялгах хамгийн чухал түүхий эд одоо хүртэл байхгүй байгаа нь онц ноцтой асуудал биш үү…

Энэ үйлдвэрт яг юу болоод байна вэ…

Х.Бадамсүрэн бол Ерөнхийлөгч асан Н.Багабанди болоод одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн захирал болсноос хойш өрхийн орлого нь үргэлж өсөлттэй гарч байгаа төр, төсвийн албан хаагч.

Дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдэж, эдийн засаг элгээрээ хэвтэн иргэдийн амьжиргаа доройтож, олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, үйлчилгээний газрууд хөл хорионы улмаас дампуурлаа зарлаж байхад Х.Бадамсүрэнгийн орлого нэг орноор нэмэгдчихсэн байгаа нь хэрэг үүсгэн шалгах хангалттай үндэслэл.

2019 онд 425.8 сая төгрөгийн орлоготой байсан нөхрийн хөрөнгө орлого 2020 онд 1.6 тэрбум төгрөг болж, гэр бүлийн орлого нь ганцхан жилийн дотор 29.7 саяас 65.7 сая болсон нь анхаарлын гадна үлдээх хэрэг үнэхээр биш юм.

Үйлдвэрийн захирал болсноос хойш амины 2, нийтийн 5 орон сууц, 1 оффистой болчихоод байгаа энэ өвгөжөөр эр “Тун Эрдэнэ фарма”, “Замбатив”, “Замбативийн шим”, “Таван толгой”, “Түмэн шувуут”, “Монос хүнс”-ийн хувьцаа эзэмшигч.

Тэрчлэн өмнөх ажлаа дийлэхгүй байж Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголиан смелтинг корпорэйшн, Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл, Нээлттэй парламент, Есөн эрдэнэ гэх клубүүдтэй.

Х.Бадамсүрэн Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь Соёлын төв өргөөний В корпус дахь Сод Монгол группийн үндсэн оффист, Ц.Анандбазар гишүүнтэй хамтдаа сууж ажилладаг нь тохиолдлын гээд орхиход хэтэрхий сэжигтэй хэрэг юм.

Ядаж байхад холбооны хувьцаа эзэмшигч Ж.Сод-Эрдэнэ нь “Сод Монгол боловсрол, эрүүл мэнд сан”-гийн хамтран эзэмшигч.

Тэрчлэн Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны өөр нэг хамтрагч Н.Ангар гээч нөхөр Алхана трэйд компанийн захирал.

Харин Алхана трэйдийн хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гэхээр Х.Бадамсүрэнг “Сод Монгол”-оос салгах ямарч боломжгүй болж таарч байгаа юм.

Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн Санхүү эрхэлсэн захирлаар Д.Үүрийнтуяаг томилж, өнөөх нь Х.Бадамсүрэнгийн эрх гүнж мэт хэлхэлддэгийн учир энэ байх нь. Д.Үүрийнтуяа 2014-2016 онуудад Сод Монгол группийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн орлогчоор ажиллаж байсныг хэвлэлүүд хангалттай мэдээлсэн.

Тэгэхээр зөвхөн энэ он гарсаар үйлдвэрт, дарга нарын хэрэгцээнд АИ95 шатахуун авсан гэх тайлбартайгаар өвгөн захирал, эрх гүнж гэгддэг болсон Д.Үүрийнтуяа нар

  • 2022.01.04-нд 76.296.150.00 мянган төгрөг
  • 2022.01.10-нд 1.311.216.480.00 мянган төгрөг
  • 2022.01.13-нд 1.000.000.000.00 мянган төгрөг
  • 2022.01.20-нд 1.000.000.000.00 мянган төгрөгийг Сод Монгол групп рүү шилжүүлсэн байгаа юм.

Энэ бол оны зөвхөн эхний сарын дүн мэдээ шүү дээ.

Энд тэгэхээр гайхалтай сэжим, утасны үзүүр хөвөрдөж байгаа юм. Х.Бадамсүрэн нь Н.Багабанди болоод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хүн. Н.Багабанди, талийгаач Ш.Отгонбилэг, Ц.Балдорж нар Петровис группийг үүсгэсэн гэдэг. Тэгэхээр Ерөнхийлөгч асан Н.Багабандийн атгасан утасны үзүүрт Эрдэнэт үйлдвэр, Петровис, Сод Монгол группүүд байгаа юм. Сод Монгол группийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Петровис компанийн ерөнхий захирал, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг хоёр төрөл садны тун ойрын хэлхээтэй нөхөд гэдгийг уншигчид мэдэх биз. Ингээд хөөвөл Ц.Анандбазар руу чиглүүлсэн “1000 хүүхний хэрэг” улстөрийн намууд, бүлэг фракцуудын хоорондох нэгэндээ сануулга өгөх зохиомол дуулианы нэг байж мэдэх юм. Ц.Анандбазарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдоос салгаж ойлгох боломжгүйг ч мартаж болохгүй. Тэд хэвлэл мэдээллийн medee.mn сайтыг хүртэл хамтраад байгуулчихсан итгэлт нөхөд гэдэг.

Тэгэхээр Ц.Анандбазар, Х.Бадамсүрэн, Д.Үүрийнтуяа нарт холбогдох бусад мэдээллийг дараагийн дугаарт тусгайлан хүргэх тул түр орхиод Х.Бадамсүрэнд холбогдох учгийг үргэлжлүүлэн хөөе.

… Х.Бадамсүрэнгийн халаасан дахь Монголиан смелтинг корпорэйшн компани Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эзэмшилтэй. Тус компанийн хамтран хувьцаа эзэмшиж байсан Г.Эрдэнэчулууны нэрээр Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нэгэн хэлтсийн дарга гарч ирнэ.

Тэрчлэн Рэсэт-Интернэшнл, Шинэ-Ёндоо, Монгол-Ёндоо, Пюр лайф компаниуд бүртгэлтэй байдаг бөгөөд Шинэ Ёндоо компанийнх нь хамаарал бүхий этгээдээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтуяа гэгч хөтлөгдөөд орж ирж буй юм.

Энэ нөхөр МАН төрийн эрхэнд гарч, У.Хүрэлсүх Засагласан жил буюу 2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ороод удалгүй нарийн бичгийн дарга болон лифтээр өгсчихсөн шинэ кадр.

 Монгол-Ёндоо компани нь Сэргэн мандалт группийн эзэмшилтэй. Уг группийн тэргүүн Б.Төмөрчулуун мөн МАН-ын гишүүнчлэлтэй төдийгүй Хотын фракци гэх шошготой. Нэгэн үе Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байснаар нь илүүтэй мэдэх биз. 

Тэрчлэн Х.Бадамсүрэнгийн нэр дээрх Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга нь Ж.Гүррагчаа бол Нээлттэй парламент клуб нь Э.Мөнх-Очир, Л.Одончимэд нарын дундын эзэмшилтэй. Уг клуб Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын монголын нийгэмлэг төрийн бус байгууллага давхар чирч явдаг нь сонин.

Үйлдвэрчний эвлэлийг нь хүртэл өөрийн болгож аваад уурхайчдын төлөө бус албан тушаалтнуудын шидэт таяг болгоод хувиргачихсан нь нууц биш.

Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Төгсбаяр гэгчийг уурхайчид Х.Бадамсүрэнгийн зуудаг нохой гээд нэрлэчихсэн. Өнөөх нь ч түүндээ сэтгэл хангалуун, итгэл төгс байдаг бололтой. Б.Төгсбаярыг огцруулах ажиллагаа хэд хэдэн удаа явагдсан ч үйлдвэрийн удирдлагын зүгээс цалингаар боох, хувьдах зэргээр арга хэмжээ авсаар өнөөдрийг хүрч.

Ийнхүү учир тоймгүй орооцолдсон сүлжээтэй, Н.Багабанди, У.Хүрэлсүх гэх малгайн дор халхавчлагдан хамгаалагдсан Х.Бадамсүрэн гэх нөхөр Эрдэнэт үйлдвэрийг Ц.Анандбазарын орлогч байсан бүсгүйтэй нийлэн бүлэглэлийн вант улс болгон дампууруулдгийн даваанд байна.

Энэ өвгөнийг Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа явуулчингаа алдсан ч Тамгын газрын дарга З.Энхболд нь нөлөөлж торгоосон гэгддэг. Эх сурвалжууд З.Энхболд ч Х.Бадамсүрэнг хамгаалдаг гэдгийн учир энэ байж.

Тэгэхээр хүрээнд ирэхээрээ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувийн оффист “Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” нэрээр байршин хувь хувьсгалын ажлаа амжуулж суудаг өвгөн захирал зэс молибдений үйлдвэрийн санхүүг улайстал сууж, хамгийн сүүлийн гэрлийг унтраан хаалгыг нь хаагаад гарах дархлагдсан нэгэн бололтой. Ийм хамгаалалтад суугаа өвгөнийг сумын уурын зуухны галч хүү хэрхэн хөдөлгөж дөнгөнө гэж. Үе үеийн Ерөнхийлөгч нараас гадна улстөрийн нөлөө бүхий эрхмүүд ч түүний ард бий.

Энэ талаарх дэлгэрэнгүйг дараагийн дугаарт холбогдох баримт фактуудын хамт хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!