Украинаас нүүлгэн шилжүүлж буй Туркийн иргэдийн эхний ээлж эх орондоо иржээ

2022-02-28
1 min read

Украинаас нүүлгэн шилжүүлж буй Туркийн иргэдийн эхний ээлж ням гарагт эх орондоо иржээ.

Украин агаарын орон зайгаа хаагаад байгаатай холбоотойгоор Туркийн Гадаад хэргийн яам иргэдээ Румын, Болгараас газраар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Баасан гарагт Киев хотоос автобусаар хөдөлсөн Туркийн цуваа баруун хойд нутгийн Эдирне мужийн Капикуле хилийн боомтоор нэвтэрчээ.

Цуваанд багтсан иргэдийн нэг Бурак Танис “Anadolu” агентлагт мэдээлэл өгөх үеэрээ, 55 цагийн хүндхэн аяллыг туулан эх орондоо ирлээ хэмээн ярьсан байна. Тэрбээр үргэлжлүүлэн, “Бид Украины хил дээр олон хүндрэлтэй тулгарсан. Украины хилийг даваад тайвширсан” гэж хэлжээ. Өөр нэгэн иргэн Ибрахим Гуны хувьд Туркт эргэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, “Урт замыг туулсан ч бид өөрийн улсдаа бүрэн итгэж байсан” гэсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хоёр мужийг хүлээн зөвшөөрснөөсөө хойш хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн пүрэв гарагт тус улсад “цэргийн тусгай ажиллагаа” явуулахаа зарласан юм. Тэрбээр Москва хөрш орноо эзлэн түрэмгийлэхээр төлөвлөөгүй, харин “цэрэг зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох”, “нацист дэглэмийн ноёрхлын үр дагавраас цэвэрлэх” зорилгоор ийм ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр, Украинд халдан довтлох ажиллагаа эхэлснээс хойш тус улсын 368 мянга орчим иргэн эх орноосоо дүрвэжээ.

Өрнөдийн орнууд Москвад санхүүгийн хориг арга хэмжээ авч, Украинд зэвсэг нийлүүлэхээр шийдвэрлээд байна. Европын Холбоо мөн Оросын нисэх онгоцнуудад агаарын орон зайгаа хааж, тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хориглох шийдвэр гаргажээ. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!