ОХУ-ын 555 хүн, 52 байгууллагад хориг тавьжээ

2022-02-24
1 min read

Европын Холбоо /ЕХ/ БНДАУ, БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан ОХУ-ын улс төр, цэрэг, эдийн засгийн салбарын 400 шахам төлөөлөгч, мөн сэтгүүлч, нийгмийн зүтгэлтнүүдийг хоригийн жагсаалтад оруулснаа мэдэгджээ. Хориг арга хэмжээний тухай тогтоол пүрэв гарагт шилжих шөнө ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

ОХУ-ын эсрэг хар жагсаалтыг өргөжүүлэх ЕХ-ны энэ удаагийн шийдвэр нь тус холбооны түүхэн дэх хамгийн том хориг арга хэмжээний шийдвэр болж байгаа бөгөөд Оросын эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад багтсан хүний тоог 2.5 дахин нэмэгдүүлжээ. Одоо уг жагсаалтад 555 хүн, 52 байгууллага байгаа аж.

Хар жагсаалтад багтсан хүмүүст ЕХ-ны орнуудад зорчихыг хориглож, банкны системд нэвтрэхийг хориглодог байна.

ЕХ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Антон Вайно, Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, RT агентлагийн дарга Маргарита Симоньян, телевизийн хөтлөгч Владимир Соловьев, нийгмийн зүтгэлтэн, “News Front” мэдээллийн агентлагийн дарга Константин Кнырик нарыг хоригийн жагсаалтад  оруулжээ.

Мөн шадар сайд Марат Хуснуллин, шадар сайд Дмитрий Григоренко, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Оросын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий командлагч Николай Евменов, түүний орлогч Владимир Касатонов, хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков, Агаарын цэргийн хүчний командлагч Сергей Дронов, Агаар, сансрын хүчний ерөнхий командлагч Сергей Суровкин, Хар тэнгисийн флотын командлагч Игорь Осипов нар багтжээ. Үүнээс гадна,  БНДАУ, БНЛАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн Төрийн Думын бүх депутатыг оруулсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!