Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын эрх ашиг хөндөгдчихөв үү гэх асуулт улстөрчдийн толгойны өвчин болж, нойртой нойргүй хонуулах шахаж байна.
Шинэ сэргэлтийн бодлого хэмээн уухайлах болсон Л.Оюун-Эрдэнэ 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа ахлан орж шалгасан Хөгжлийн банкны асуудлыг сөхөж, намын гишүүдээ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болгочихоод байгаа. Уг нь шинэ сэргэлтийн бодлогынх нь хөрөнгийн эх үүсвэр Хөгжлийн банк байх байв. Гэвч энэ банкны асуудлаар улстөр хийж эхэлснийг бодоход тэрбээр Оюутолгойг түшиглэн “Рио Тинто”-гоос дэмжлэг авахаар болж гэх хардлагыг төрүүлээд байна.
Хаврын улс төрийн гогцоог У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнээс өрсөж татсан нь түүнийг эл хөзрөө гаргаж шидэхэд хүргэсэн биз.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон түүний нөхдийг сугалж туг тахих шийдвэртэй зэрэгцэн дараагийн огцрох сайд нарын нэр дуулдан ширээ сандлаа цэвэрлэхэд хүрсэн тул У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар яаравчлан намрын чуулганыг 7 хоногийн өмнөх хаах шийдвэрт хүрч Л.Оюун-Эрдэнийг хазаарласан гэх шуум эрх баригч намын дотоодод бий.
Тиймдээ хэд хэдэн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хойшилсон биз.
Сар шинийн дараа, хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус чуулган хуралдуулахаар Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатартай хэлэлцэж энэ үеэрээ Үндсэн хуулийн Цэцэд гаргасан давхар дээлний асуудлыг шуурхайлахаар тохиролцсон байдаг.
Эндээс харахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрх мэдэл, байр сууриа булаалдсан далд мөргөлдөөн дунд Г.Занданшатар хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага болж дээш тэнгэр хол, дорх газар хатуугийн үнэнийг мэдэрч хэн нэгний нь далласан газарт гүйн хүрч, далайсан газарт нь далд орон явах шиг байна.
Сар шинийн дараа ээлжит бус хуралдуулахаар хэлцсэн Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын дээрх тохироог сонссон У.Хүрэлсүх түрүүлж хөдлөн тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, Цагаан сараар ахмадууддаа бэлэг барина хэмээгээд хоёрдугаар сарын 8-нд товлож байсан Ээлжит бусыг нь огцом нааш татчихаж.
Эвий, Г.Занданшатар…
Тэрбээр бодит амьдрал дээрх жинхэнэ Долдой болж ордонд тархсан ковидын халдвараар шалтаглан завсарлаад байсан гишүүдээ 7 хүрэхгүй хоногийн дараа буцаан цуглуулж, нэгдүгээр сарын 28-нд ээлжит бус зарлан тэтгэврийн нэмэгдлийг кнопдуулж Төрийн тэргүүнээ башийлгав.
Тэгэхээр үнэн чанартаа У.Хүрэлсүх Сар шинийн өмнө ахмадуудын магнайг тэнийлгэсэн явдал биш Л.Оюун-Эрдэнийн түргэдсэн улс төрөөс сэргийлэх арга хэмжээ авсан нь тэр байх нь. Ийнхүү МАН-ын шинэхэн даргын санаа бүтэлтгүйтсэнээр ирэх сард ээлжит бус зарлаад өгөөч гэж Г.Занданшатарыг тойгдож, У.Хүрэлсүхийн өмнө бөхөлзөх шаардлага үүсч.
Эцэстээ халаасанд имрээтэй явсан хөзрөө дэлгэж Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийг дэлгэж байна хэмээн шийдэл муутай попролтоор нам доторх бүлэглэлдээ сануулга өгсөн нь энэ бололтой.
Үнэхээр Хөгжлийн банкны хувь заяаг бодож байсан бол тэр энэ асуудлыг аль эрт сэвж, олны анхааралд авчрах боломж, цаг хугацаа хангалттай байсан.
Тиймээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын Хөгжлийн банк бол МАН-ын ээлжит жүжиг гэснийг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Асуудлыг арай өөрөөр, томоор хар. Хуучин улс төрийн арга барилаасаа сал” гэснийг анзааралгүй өнгөрөөж болохгүй юм.
Тэд У.Хүрэлсүх 60 тэрбум, ЖДҮ нэрийн дор М.Энхболд тэргүүтэй замын тээгүүдээ цэвэрлэсэн яг тэр арга барилаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, Хөгжлийн банкны асуудлыг чиг барин У.Хүрэлсүх, Сү.Батболдын хүрээллийг шахаж байгааг буруутгасан биз.
Замын-Үүдийн 6 даргыг баривчилж, лавшруулбал Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг ч саатуулж болно гэх мессэжийг Сү.Батболдод өгч хөлд нь дөнгө хийсэн гэдэг намын дотоод дахь шуумыг Хяналтын зөвлөлөөс гаргасан шийдвэр баталж байгаа.
Тэрчлэн Хөгжлийн банкны 20 гаруй албан тушаалтныг чөлөөлж, Төлөөлөн удирдах зөвлөлийг бүрэн шинэчлэх үүргийг өгсөн явдал нь МАН-д албан тушаалын томилгоо уг үндсээрээ хийгдэхийн илрэл гэчихэд хол зөрөхгүй.
Төрийн өмчит компани болон Хөгжлийн банкны ТУЗ-д бараг бүх төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд нар бий. Тэднийг бүгдийг шинэчлэнэ гэдгээ Л.Оюун-Эрдэнэ мэдэгдчихсэн.
Тухайлбал, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан С.Наранцогт гэхэд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд шинэ байгуулагдсан яаманд дэд сайд болж тушаал дэвшээд удаагүй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын ойрын хүн, АН-ын бууны нохой хэмээн чичлэгдсээр ирсэн тэрбээр хотын дарга Д.Сумъяабазартай тун тааруу харилцаатай.
Харин Ч.Хүрэлбаатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үгнээс гардаггүй, дуулгавартай нэгэн гэдгийг намынх нь нохой ч андахгүй.
Гэсэн атал түүнийг хүзүү сээрээрээ хэлхээтэй явдаг Ц.Даваасүрэн, Б.Баттөмөр нарын нь хамт Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэгт багтааж мөнөөх С.Наранцогт руу нь сум тавилаа. Энэ бол сумын уурын зууханд нүүрс үүрч явсан нөхрөөс бус тэрийг үүгээр сольж хожоо гаргаж явдаг бизнесмэнээс л гарах санаа юм…
Хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг үеэ бодвол хэл амаа ололцоод сүйд байгаа. Нийслэлийн намын хороог Д.Сумъяабазарын гараас салгахгүй байх тохироо ч хийгдсэн гэдэг. Тэгэхгүй гээд ч яалтай. Эс бөгөөс хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүйн үлгэрээр хоёулаа хоосон хоцрох биз.
Харин Д.Сумъяабазар намын генсэктэйгээ хонь чоно хэвээрээ…
Сүүлийн үед хэд хэдэн аймгийн Засаг даргыг огцруулах асуудал хурцдаад байгаа. Эхлээд Хөвсгөл, Архангай гэхчлэн АН засагласан аймаг анхаарлын төвд байсан бол сүүлийн үед гуя дагасан хүзүү болгож Завханы Засаг ноёныг чичлээд эхэлсэн.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нь генсэк Д.Амарбаясгалангийн хүн. Түүний гэх хүмүүсийг байсгээд чимхэж, зулгааж, зарим нэгийг нь саатуулаад хүртэл амжсан тул эрхэм генсэк нааш харж инээн, цааш харж уйлсаар Хөгжлийн банкны шүглийг зүлгэж гүйгээ гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа.
Тэрчлэн Л.Оюун-Эрдэнийн шазуур зууж анхааруулсан Төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайд нарын олонх нь М.Энхболд, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын тавиулууд.
Нэгэнт зуусан олзоо хэн тавихыг хүсэхэв…
Эрх баригч намын эрх мэдлийг атгасан Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар нэгэнт хүрчихээд байгаа өндөрлөгөө алдахгүйн тулд эрт орой нэгэн цагт ийм алхам хийх л байсан. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ч 2050 он хүртэл төрийн эрхийг барина гэж төлөвлөсний хэрэг юу билээ. Тэгэхээр эрх баригчдын дотоод дахь эрх мэдлийн төлөөх тэмцэл Хөгжлийн банкны хэргээр ч дуусахгүй бөгөөд энэ зөвхөн эхлэл гэчихэд ташаарсан болохгүй биз…
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо