Хураагдсан өмчийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг үүрэг болголоо

2022-02-23
1 min read

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж татан буугдсан “Капитал банк” ХХК-иас Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт банкны эрх хүлээн авагчаас санал болгож буй хөрөнгийг тооцож авах асуудлыг шуурхай зохион байгуулах, шилжүүлэн авсан хөрөнгийг борлуулж, холбогдох санд төвлөрүүлэх арга хэмжээг зохих журмын дагуу авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболдод, энэ ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Хураагдсан өмчийг нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах, хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, төрийг хохиролгүй болгох ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.


Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгахад Монгол банкны шалгалтын тайлангаар бусдад 624,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болохыг тогтоосон. ЭМДС, НДС-гийн нийт 240,3 тэрбум  төгрөгийн өр төлбөртэй гарсан, үүнээс одоо 166,2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Төрийн байгууллагыг хохиролгүй болгох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Капитал банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 118 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгөөс 45,8 тэрбум төгрөгийн хөрөнгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт, 71,2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлж өгөхөөр, үлдэгдэл төлбөрийг Капитал банкны эрх хүлээн авагч нь зээлийн эргэн төлөлтөөр барагдуулна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Орчуулах »
error: Content is protected !!