Санхүүгийн салбарын 2021 оны тойм

2022-02-23
2 мин уншина

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагуудын “Санхүүгийн салбарын тойм 2021 он” цахим хувилбараар гарлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар нь үзвэл үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 314 ХК, 265 мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлд нийт 322 даатгалын компани, мэргэжлийн оролцогч, аудитор, 534 банк бус санхүүгийн байгууллага, 209 хадгаламж зээлийн хоршоо, 248 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 476 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 1072 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого, зохицуулалтын олон арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 97.5 хувиар өсөж 5,982.9 тэрбум төгрөгт, хувьцааны хөрвөх чадвар 3.3 нэгжээр өсөж 5.1 хувьд, харин хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 3.8 хувьд, ТОП-20 индекс өмнөх оноос 25,125.80 нэгжээр буюу 130,3 хувиар  өсөж 44,411.60 нэгжид хүрч хөрөнгийн зах зээл үүсэж хөгжсөн 30 жилийн түүхэндээ хамгийн дээд түвшинг тогтоолоо.

Банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 2,709.9 тэрбум төгрөг хүрч, өмнөх оноос 35.0 хувиар өслөө. ББСБ-уудын нийт зээлийн үлдэгдэл өмнөх онтой харьцуулахад 51.6 хувиар өсөж 2.0 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд олгосон зээлийн 66.6 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 87.5 хувийг иргэдийн зээл, 12.5 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Хадгаламж зээлийн хоршоодын  тоо өмнөх оноос 16 хувиар буурч 209-д хүрсэн ч гишүүдийн тоо 3.8 хувиар өсөж 75,400 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлж,  нийт хөрөнгө өмнөх оноос 13.8 хувиар өсөж 291.2 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс гишүүдийн хадгаламжийн хэмжээ нь 203.6 тэрбум төгрөг буюу 70 хувийг эзэлж байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын  байгууллага: Давхардсан тоогоор 2021 онд 248 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 6,274 хэлцлээр 1,302.5 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 852.6 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах үйл ажиллагааг зуучилсан. Харин 2,114 хэлцлээр 186.4 мянган м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 23.6 тэрбум төгрөгөөр хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан байна. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант онд нийт 694.4 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 583.9 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Жич: “Санхүүгийн салбарын тойм 2021 он” тайлантай энд дарж танилцана уу. 

Өмнөх дугаарууд:

Санхүүгийн салбарын тойм 2020 он

Санхүүгийн салбарын тойм 2019 он 

                                          САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Орчуулах »
error: Content is protected !!