В.Путин: Бид Европт дайныг хүсэхгүй байна

2022-02-17
1 min read

Германы Канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москва хотноо Канцлерын хувиар анхны айлчлалаа хийлээ. Талууд Орос-Украины хил дээр үүсээд буй хямралын талаар голчлон хэлэлцжээ.

О.Шольц даваа гарагт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Киев хотноо уулзсаныхаа дараа Москвад айлчилсан юм. “Улс орнуудын харилцааны асуудлыг сайтар хэлэлцэн зөвшилцөх замаар зохицуулах нь амин чухал” гэдгийг О.Шольц В.Путинтэй уулзах үеэрээ онцлоод, түүнтэй нүүр тулан уулзах нөхцөл бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын дараа болсон хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Германы Канцлер, “Европ хурцадмал байдал дайн болон даамжирч буйг үзэхгүй байх нь бидний Засгийн газрын тэргүүн нарын хувиар гүйцэтгэх гол үүрэг юм” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Мөн Орос, Германы Европын түншүүдийн хоорондын дээд түвшний яриа хэлэлцээ нь тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг нэмж хэлжээ.

В.Путиний хувьд хэвлэлийн бага хурлын үеэр, “Бид цаашид хамтран ажиллаж, хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байна” хэмээн мэдэгдээд, Герман улс нь Оросын хамгийн чухал түншүүдийн нэг болохыг дурдсан байна. Түүнээс “DW” агентлагийн сэтгүүлч Микаэла Кюфнер дайн гарах магадлалтай эсэх талаар тодруулахад, “Бид Европт дайныг хүсэхгүй байна” гэж хариулжээ. Мөн “Европт дайн гарна гэж энэ цаг үеийн хүмүүст төсөөлөгдөх ч үгүй байгаа” хэмээн О.Шольцын урьд нь хэлсэн үгийг эш татсан байна. “Чухам тийм учраас бид бүх талын аюулгүй байдлын асуудлыг адил тэгш хэлэлцэх үйл явцыг эхлүүлэх саналыг тавьсан” гэдгийг тэрбээр онцолжээ. 

Эх сурвалж: Монцамэ

Орчуулах »
error: Content is protected !!