Улсаа тоносон гэмт үйлдлийг Я.Содбаатар, С.Бямбацогт, Б.Баттөмөр нар шалгах юм байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр нар Хөгжлийн банкийг шалгах нь. Ингэж хэлэх хэд хэдэн үндэслэл бидэнд байна.

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар нэрлэгдээд байгаа Б.Баттөмөр чанаргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн групп”-тэй холбоотой болох баримтыг өмнөх дугаараас уншаарай.

“Бэрэн групп”-ийн охин компани гэгддэг (Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын холбогдох хавтаст хэрэгт ч ингэж бий) Хөх Ган компанийн хувьцаа эзэмшигч нь Б.Баттөмөр. Тус компанийн өөр нэг хувьцаа эзэмшигчийг Ш.Батжаргал гэдэг.

Энэ нөхөр Хөгжлийн банкны хэд хэдэн найдваргүй зээлдэгч, аж ахуйн нэгжийн хувьцааг эзэмшдэг байгаа юм.

Тэгвэл Ширэндэвийн Батжаргал гэж чухам хэн бэ. Түүний хувь эзэмшдэг компаниуд улстөрчидтэй хэрхэн холбогддог вэ…

Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Батжаргалын жилийн орлого 300 сая. Гэр бүлийнх нь жилийн орлого 450 сая гэдгийг Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. 

“Монгол базальт”, “Алтандуулга”, “Бумбат Алтай”, “Начин зам”, “Аравт фанд менежмент”, “Гэрэгэ экспресс финанс”, “Баялаг органик фүүдс”, “Кювесттранс”, “Оолвестерн”, “Талын цуурай”, “Хүннү инвест”, “Хүннү фанд”, “Хүннү менежмент”, “Е Моние”, “Анд энерги”, “Говь”, “Лэнд ББСБ”, “Монос хүнс”, “Түмэн шувуут”, “Монгол шуудан”, “Ремикон”, “Адуунчулуун”, “Айтүүлс”, “Ард даатгал”, “Мандал даатгал”, “Оллоо”, “Улсын их дэлгүүр”, “Хөх ган” компанийн хувьцаа эзэмшигч энэ эр өөр юу цөлмөх гээд, юунд хуруу гараа дүрэх гээд Хөдөө аж ахуйн бирж дээр суудаг болсон талаарх мэдээллийг үүнээс тусдаа, дараагийн дугаараар хүргэнэ.

Харин Ш.Батжаргал гээчийн дээр дурьдсан олон арван компанийн нэг “Е Моние” нь Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяагийн эзэмшил бүхий байх нь гайхалтай.

Р.Сарантуяа нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны газрын даргаар  ажиллаж, ажиллаж байх хугацаандаа тус газрын дээд шагнал болох “Хэрэглэгчийн төлөө хүндэт тэмдэг”-ийг ч аваад зүүчихсэн хатагтай.

Түүний нэр дээрх Нама-оч гэх Эрдэнэт үйлдвэрээс гуравхан сарын дотор 1 тэрбум 327 сая 929 мянган төгрөг авсан байдгийг шилэн данснаас харж болно. Нама-Оч нь гар утасны худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, цайны газрын үйлчилгээ, программ хангамжийн үйлчилгээ үзүүлдэг компани атлаа хаанаасаа ган бөмбөлөг олоод Эрдэнэт үйлдвэрт нийлүүлчихсэн байдаг юм. “Нама-Оч” компани болоод Я.Сод-Эрдэнэ, эхнэр Р.Сарантуяа нарын увайгүй үйлдлүүд энэ нийтлэлийн хөндөж буй өнцгөөс тусдаа тул эргэн дэлгэрэнгүйгээр өгүүлэх тул энэ хүрээд түр орхие.

Ш.Батжаргалын хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Хүннү инвест”-ийн хувьцаа эзэмшигч Б.Ганбаатар гэж нөхөр бий. Тэрбээр Хөгжлийн банкны хэлтсийн даргаар ажилладаг нэгэн болж таарлаа.

Эрх баригчид энэ улсаар яаж тоглож, ард олныг яаж басамжилж доромжлоод байна вэ.

Ийм новшийн хэлхээ холбоотой атлаа Хөгжлийн банкийг Б.Баттөмөр даргалан шалгах юм гэнэ.

2017.12.21-нд буюу МАН олонх болж, Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкинд эрх мэдэл атгаж эхэлсэн он цагтай давхцан Хөгжлийн банкинд томилогдож байж. Тэрбээр үүний өмнөхөн Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг”-ийн дэд захирлаар ажиллаж байсан байгаа юм.

Ховд нутгийн гаралтай энэ эр УИХ-ын гишүүн С.Бямбацогттой нэн ойр гэдгийг нутгийнхан нь хэлээд өгнө.

Хэлсэн хэлээгүй, С.Бямбацогт, Ш.Батжаргал нар “Говь”, “Ремикон” компаниудаараа халаас нэгтэй гэдгийг АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг нь ч нотолдог. Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпораци ч тэднийг холбоно.

Тэдний дундын эзэмшлийн “Ремикон” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан 2020 оны сонгуулиар Архангай аймагт бие даан нэр дэвшиж явсан нөхөр. Түүний нэр дээр “Архангай хөрөнгө оруулалт хөгжлийн төв”, “Монголын авто машин худалдаачдын холбоо”-ноос гадна “Мастер солюшн”, “Давхар тэсрэлт”, “Монголиан констракшн девелопмент групп, “Авто трейд монголиа”, ”Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” зэрэг сүртэй, сүртэй нэртэй компани, аж ахуйн нэгжүүд байгаа нь хөөж судлах сонирхолтой сэдэв болж байгаа юм.

“Ремикон”-ийн бас нэг хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг.

Хөгжлийн банкинд 33.15 тэрбум төгрөгийн өртэй “Вертекс майнинг партнер” компанийн эздийн нэг. Эл компанийн хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням гэдэг нэгэнт тодорхой болсон мэдээлэл. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон Г.Амартүвшин ч эл бүлэглэлтэй холбогдож байгаа.

Ш.Батжаргалын хувь эзэмшдэг “Бумбат-Алтай ҮЦК”-ийн захирал Ш.Энхмэнд гэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн хийж байсан бол өөр нэг хувь эзэмшигч Н.Батзаяа нь Хамгаалалтын 3-р газар Ангийн сургалтын туслах, биеийн тамирын офицер, ахлах ахлагч. 

Тэрчлэн Хөгжлийн банкинд 83.2 тэрбум төгрөгийн өртэй “Говь” компанийн хувьцаа эзэмшигч Ш.Батжаргал, С.Бямбацогт нараас гадна хамаг том эзэн “Таван богд”-ын Ц.Баатарсайханыг орхигдуулж болохгүй.   

Ийм хэлхээ холбоотой нөхөд өнөөдөр гэдсэндээ хөлөө жийлцэж байгаа нь хулгай луйврыг илчилсэн шударга үнэний тэмцэл биш Хөгжлийн банкны дампуурлыг зарлаад өртэй юутай нь хувьчилж авах гэсэн бүлэглэл хоорондын зодоон.

“Хулгайч” нар хулгайгаа шалгадаггүй юм.

Ингэж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхгүй ээ, эрхэм эрх баригч нэртэй “хулгайчид” аа!!!

Тиймээс бүлэглэлүүдийн холбоосыг нэхэж, зангидаж, тэндээсээ хожоо гаргаж суудаг Я.Содбаатарын гэр бүл, Г.Занданшатар, Ховдын мафи гэгддэг С.Бямбацогт, Хөгжлийн банкны хэргийг шалгах ажлын хэсгийг даргална гээд ичгүүргүйгээр чичрэн сууж буй Б.Баттөмөр нарын улстөр хийх нэрээр улсаа тонох ажиллагаанд хэрхэн гар бие оролцож байгаа талаарх мэдээллийг тасралтгүй хүргэх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!