АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЭГ ИРГЭН ХАЛАМЖ АВДАГ ГУРВАН ХҮНИЙГ ТЭЖЭЭЖ БАЙНА
2020 оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын Засгийн газар нийт 72 төрлийн халамжийн үйлчилгээнд 1.7 их наяд төгрөг зарцуулжээ. Монгол Улсын жилийн төсвийн нийт орлого 6.7 их наяд төгрөг гэвэл орлогын гуравны нэг нь халамжинд зарцуулагдаж байна.
Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг аж. Халамжийн хамрах хүрээ тэлж, хамрагдах хүний тоо нэмэгдсээр байгаа бол ажилгүйдэл, ядуурал эсрэгээрээ жилээс жилд өсч байна. Аливаа улсын төр шаардлагатай иргэдэдээ халамж үзүүлэх нь зүй боловч халамжийн бодлого нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг туших, иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээнд амтших, төрийн халамж нэрээр сонгуулийн санал “худалдан авах” арга хэрэгсэл болгож байгаа бол энэ нь халамжийн бодлого биш төрийг эрхийг төрийн мөнгөөр худалдан авах хэрэг болно.
Энэ 2020 он бол сонгуулийн өндөр жил байлаа. УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль явагдаж өнгөрлөө. Дээр нь COVID-19 өвчний цар тахал давхцаж, эдийн засаг, бизнесийн орчин хумигдаж, иргэдийн орлого тасалдсаныг халамжийн бодлогоор хааж, үр дүнг нь эрх баригчид хүртлээ. Ажил, орлогогүй болсон иргэд амьдрахын тулд сул ажлын байр руу хошуурах ёстой байтал сарын 400-500 мянган төгрөгийн цалинтай ажлыг голоод хийхгүй байгаа талаар ажил олгогчид гомдоллож эхэллээ. Яагаад гэвэл 400-500 мянган төгрөгийг гэртээ зүгээр сууж байгаад төрөөс халамж нэрээр авчихаж байна.
Халамжийн үйлчилгээнд 2016 онд 543.2 тэрбум, 2017 онд 556.3 тэрбум, 2018 онд 624.7 тэрбум, 2019 онд 667.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. 2020 оны батлагдсан төсөв нь 750.6 тэрбум төгрөг.
Халамжийн бодлогоо хавтгайруулалгүй яаж зорилтот хүмүүст хүргэх вэ, нэг хүн хөдөлмөрлөж, бусад нь 10 нь тэжээлгэдэг байдлыг яаж халах вэ, халамжийн бодлого зорилгодоо нийцэж байна уу сэдвийн хүрээнд “НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ” булангийнхаа ээлжит дугаарыг бэлдлээ.
ЭХ СУРВАЛЖ 1
ХОЁР АМЬДРАЛ: АЖИЛ ХИЙХ ҮҮ, ХАЛАМЖ АВАХ УУ?
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг хоёр өрхийг сонгон авч, нийгмийн халамжид хэрхэн хамрагддаг талаар харьцууллаа.
Тус дүүргийн 11 хороонд амьдардаг О.Халиуных ам бүл долуулаа. Гэрийн эзэн барилгын компанид ажилладаг бол эхнэр нь хувийн нэгэн компанид үйлчлэгч хийдэг. Таван хүүхдийнх нь том нь өдгөө 27, бага нь найман настай. Тэдний гурван хүүхэд нь сар бүр 100 мянган төгрөгийн “цалинтай”. 2020 оноос Засгийн газар хүүхэд бүрт 100 мянган төгрөг өгөх болсон. Тэднийх амьдралын төвшин багатайдаа ордог, нийтийн байр түрээсэлж амьдардаг. Эхнэр, нөхөр хоёрын сарын орлого нь нийлээд нэг сая орчим. Нөхөр нь цалингийн зээлтэй. Сар болгон 210 мянган төгрөг төлнө. Түрээсийн байрны мөнгө 160 мянга. Сарын цалин, хүүхдийн мөнгөө цахилгааны төлбөр, түрээсийн байрны мөнгө, хоол унд, автобусны мөнгөндөө зарцуулаад дуусна. Ёстой л хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхнө. Аль болох амьдралаа авч явахыг хичээвч, жилээс жилд мах, гурил, будаа, талх, тарианы үнэ нэмэгдэж, харин өөрсдийнх нь цалин бахь байдгаараа.
“Нөхөр бид хоёр олон жил ажил хийж, татвараа төлсөн ч амьдрал дээшилсэн юм алга. Өдрөөс өдөрт бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь тогтмол цалинтай манайх шиг айлд эдийн засгийн дарамт болдог. Болж өгвөл төрөөс өгч буй хүнсний талонд хамрагдмаар байна” гэж эхнэр Ч.Янжмаа ярьсан юм.
Тэгвэл Б.Төрөөгийнх таван хүүхэдтэй, эхнэр нөхөр хоёулаа тогтсон ажилгүй. Нөхөр нь эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийх боломжгүй учир тэтгэмж авдаг. Гурван хүүхэд нь хүүхдийн мөнгө сар бүр авна. Эхнэр нь “цалинтай ээж”. Тэднийх тогтсон орлогогүй учраас хорооны нийгмийн ажилтан хүнсний талонд хамруулж өгчээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн дараагаас сард 70 мянган төгрөгийн хүнсний талон авдаг байсан бол 140 мянган төгрөг болж өссөнд эхнэр, нөхөр хоёр баяртай байна. Тэднийх сар бүр нийгмийн халамжийн үйлчилгээнээс 790 мянган төгрөгийн орлогоороо амьдарна.
Хорооныхоо нутаг дэвсгэрт байрлах “Элбэг” март дэлгүүрээс нэг удаа хүнсний талоноороо худалдан авалт хийдэг аж. Мах, гурил, будаа, гоймон авдаг гэв. Хүнсний талонд архи, тамхи, согтууруулах ундаа өгдөггүй.
“Би барилгын ажил хийдэг учраас өвлийн улиралд ажилгүй болчихдог тул хүүхдүүдээ сургуульд нь зөөдөг. Хүүхдийн мөнгөө аваад түрээсийн байрны 150 мянган төгрөгөө өгнө. Хүүхдүүд сургуульд сурахаар хэрэглээ ихтэй болдог. Завсар зайнд нь ажил гарвал хийнэ” Мэргэжилгүй учраас ажилд авах газар бараг олдохгүй. Тэгээд ч хүүхэд маань бага тул харах хүнгүй. Цэцэрлэгт өгөх гэхээр цэцэрлэг олддоггүй” гэж эхнэр С.Туяа ярилаа. Ямар ч байсан халамжийн мөнгөөр тэднийх амиа болгоод байдаг аж.
А.СҮРЭН
ЭХ СУРВАЛЖ 2
“НЭГ ӨРХ ДУНДЖААР 3-4 ТӨРЛИЙН ХАЛАМЖ АВЧ БАЙНА”
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн С.Тунгалаг
-Халамжийн үйлчилгээний хэрэгжилтэд тухайн сум, хороо, дүүргийн нийгмийн ажилтан хяналт тавих үүрэгтэй. Танай хороонд хэчнээн иргэн халамж авдаг вэ. Яг зорилтот бүлгийн хүмүүс болохыг яаж тогтоож, халамжид хамруулах шийдвэр гаргадаг вэ?
-Манай хороонд 2206 өрхийн 8863 иргэн оршин суудаг. Хороонд харьяалалтай иргэд нийгмийн халамжийн 72 төрлийн үйлчилгээнээс гурван төрлийн халамжийг түлхүү авдаг. Үүнд, тэжээгчээ алдсаны тэтгэмж, өндөр настны тэтгэмж, байнгын асаргааны тэтгэмж багтаж байна. Нэг өрх дунджаар 3-4 төрлийн халамж авдаг. Бид хуулийн заалтад нийцсэн, шаардлага хангасан иргэдэд халамж олгодог. Халамж олгоход хамгийн эхний шалгуур бол тухайн хүний иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын эрх үүсч байгаа эсэх, хөдөлмөр магадлах комиссоор орсон эсэх актын хуулбарт үндэслэн халамж олгох үндэслэлээ тогтооно. Халамж олгох зайлшгүй шаардлагатай нийгмийн хэсэг бүлэг бий.
Нөгөөтэйгүүр, ажил хийх сонирхолгүй, аль болохоор халамжаар амьдрах хүсэлтэй залуус байна. Жишээ дурдахад, “Цалинтай ээж” хөтөлбөрийн тэтгэмж болох 50 мянган төгрөгийг 0-3 хүртэл насны хүүхэдтэй ээжүүдэд сар болгон өгдөг. Үүнийг дагаад гэртээ хүүхдээ асарч байна гэх шалтгаанаар хүнсний талонд хамрагдах сонирхол байдаг. Ийм хүсэлт гаргасан залууст боломжгүй болохыг нь тайлбарладаг. Хүнсний эрхийн бичгийг амьжиргааны түвшин доогуур босго оноо 292.2-оос доош үзүүлэлтэй айл өрхөд олгодог. Гэтэл хөдөлмөрийн насны хүмүүс хэрнээ 292.2-оос доош босго оноотой гээд хүнсний эрхийн бичигт хамрагддаг тохиолдол бий.
Хөдөлмөрийн насны залуусын хувьд хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан бол нийгмийн даатгалаас эрх нь үүссэн болон үүсээгүй байсан ч халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхийг нь бид тогтооно. Мөн байнгын асаргааны тэтгэмжийг олгохдоо иргэний хүсэлт, эмч нарын тодорхойлолтод үндэслэн тухайн айлд очиж нягталсны дараа нь шийдвэр гаргана. Аливаа халамжийн үйлчилгээнд иргэдийг хамруулахад бичиг баримтаа бүрдүүлсэн цагаас нь эхлэн Хяналтын мэргэжилтэн, Халамж олголтын мэргэжилтэн зэрэг олон шат дамжлагаар нарийн нягталж, шалгасны эцэст халамж өгөх эсэхийг шийднэ. Хуурамчаар хүний нэр, гэрийн хаяг дээр халамж авах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх боломжгүй. Хуулийн шаардлагад нийцэхгүй бол халамжийн үйлчилгээнд хамруулахгүй.
Б.ЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ 3
ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛСНААР ХАЛАМЖ АВАХ ИРГЭДИЙГ ОРЛОГООР НЬ АНГИЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ ахлах мэргэжилтэн Б.Алтантулгатай ярилцлаа.
-2020 оны есдүгээр сард Монгол Улсын 2.3 сая иргэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан гэх статистик байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн нэр төрлийн халамжийн үйлчилгээг Монголын төр иргэдэд үзүүлж байна вэ?
-Монгол Улс иргэддээ 12 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр,
- Асаргааны тэтгэмж,
- Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж,
- Ахмад настанд үзүүлсэн тусламж хөнгөлөлт,
- Хөгжлийн бэрхшээлтэйй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт,
- Эхийн алдарт одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмж,
- Жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн мөнгөн тэтгэмж,
- Алдар цолтон ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, хөнгөлөлт,
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ,
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
- Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, насны хишиг зэрэг орно.
Дээрх 12 нэр төрлийн багц халамж нь зорилтот бүлэг болон төрлөөсөө хамааран дотроо 72 нэр төрөл болж задардаг. Нийгмийн халамжийн тэтгэвэр нь дотроо таван төрөлд хуваагддаг бол тэтгэмж нь дотроо дөрвөн төрөлд хуваагддаг юм. Халамжийн үйлчилгээнд 2016 онд 543.2 тэрбум, 2017 онд 556.3 тэрбум, 2018 онд 624.7 тэрбум, 2019 онд 667.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. 2020 оны батлагдсан төсөв нь 750.6 тэрбум төгрөг. Жилд тогтмол 800 мянган хүн нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авч байна. 72 нэр төрлийн үйлчилгээний зарцуулж байгаа төсвөөс харвал хүн амын өсөлтийг дэмжсэн хөтөлбөр арга хэмжээнүүдэд нийт төсвийн 60 орчим хувь нь зарцуулагддаг.
–Хүнсний талоныг хэчнээн хүнд өгдөг вэ. Нэг хүнд сард хэдэн төгрөгийн хүнсний талон олгодог вэ?
–Дэлхийн улс орнууд аль ч нийгмийн үед зорилтот бүлэг буюу нийгмийн эмзэг давхаргынхандаа хүрч үйлчилдэг. Азийн хөгжлийн банкны 2020 оны судалгаанд “Монгол Улсын халамжийн мөнгө нь тухайн өрхийн орлогын 12 хувийг эзэлдэг” хэмээн дурдсан байсан. Тэгэхээр халамжийн үйлчилгээ хавтгайрсан гэдэгтэй санал нийлэхгүй. Нөгөөтэйгүүр, нийгмийн халамжийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай нэн ядуу иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэгийг үзүүлдэг. Улсын хэмжээнд 808 дэлгүүрээр дамжуулан иргэдэд мах, сүү, гурил, элсэн чихэр, гэх мэтчилэн 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг олгож байна. Тухайн иргэний өдөрт хоол, хүнснээс авах ёстой наад захын хэрэгцээг хангах үүднээс хүүхдэд 8000 төгрөг, насанд хүрсэн хүнд 16000 мянган төгрөгийн хүнсний талон олгодог. Өнөөдрийн байдлаар хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд улсын хэмжээнд 44 мянган өрхийн 243 мянган иргэн хамрагдаж байна. Үүнээс 49 хувь нь хүүхэд, 16 хувь нь ахмад настан, 15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Хүүхдэд сарын хүнсэнд 8000 төгрөг төсөвлөсөн нь зах зээлийн ханшаар бодвол бага мөнгө. Зарим өрхөд амьдралд нь маш их дэмжлэг болж байна.
-Халамж яг зорилтот бүлэгтэй хүрч чадаж байна уу. Үүнийг хянах боломж бий юу?
-Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хувьд орлого болон татварын систем нь нээлттэй учраас иргэдийн орлогийг үндэслэн халамж олгодог. Монголд орлогоор нь тооцох боломжгүй учраас иргэдийн хэрэглээгээр нь тооцож халамж олгодог. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ХНХЯ-аас өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг шинэчилнэ хэмээн тусгасан. Энэ хүрээнд халамжийн бүх үйлчилгээг цахимжуулахыг зорьж байна. Өнөөдрийн байдлаар халамжийн зургаан үйлчилгээ цахимжсан. Цаашдаа мэдээллийн сан баяжаад бусад мэдээллийн сантай холбогдоод эхлэхээр орлогоор нь тооцох нөхцөл бүрдэх юм. Нөгөөтэйгүүр нэн ядуу өрхүүдийн мэдээлэл нь цахим мэдээллийн санд байдаггүй учраас хороо, дүүргийн ажилтнууд очиж шалгадаг нь хэвээр байна.
Өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд 700 гаруй мянган өрхийн 2.7 сая иргэний мэдээлэл бүртгэгдсэн байна. ХНХЯ болон Үндэсний статитистикийн хороотой хамтран баталсан аргачлалаар гурван жил тутам өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг явуулсны үндсэн дээр өрхийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлсэн. Судалгаанд хамрагдсан өрхүүд 0-1000 оноотой байдаг. 0 рүү ойртох тусам хэрэглээ багатай буюу ядуу өрх гэж тооцогддог бол 1000 руу ойртох тусам өндөр хэрэглээтэй гэсэн үг. Гэхдээ энэхүү судалгаанд топ түвшний чинээлэг хүмүүс хамрагддаггүй.
–Авлигатай тэмцэх газраас ноцтой зөрчил илрүүлсэн тухайгаа зарлалаа. Баян-Өлгий аймагт хийсэн шалгалтаар группт байдаг 400 гаруй иргэнийг шалгахад тал нь цоо эрүүл байна гэсэн. Тэгвэл халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох үйл явцад ямар байгууллага хяналт тавих үүрэгтэй юм бэ?
–Тус хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь халамжийн хэрэгжилтэд тухайн сум, хороо, дүүргийн нийгмийн ажилтан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хэлтсүүд хяналт тавих үүрэгтэй.