“Мишээл экспо” төвд өнөөдөр “Халамжаас-хөдөлмөрт” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Ажил олгогч 51 аж ахуйн нэгж байгууллага, 15 хувийн хөдөлмөрийн бирж, Төрийн байгууллагууд, Олон улсын байгууллагууд оролцсон энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэн үйлчлүүлж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Тухайлбал, 1621 иргэн ажил хайгчаар бүртгүүлж, 355 иргэн ажилд зуучлагдан, 2396 иргэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авч, 397 иргэн ажлын ярилцлагад орж, 719 иргэн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авсан бол 3550 гаруй иргэнд нээлттэй ажлын байр танилцууллаа.
Нийгмийн халамжийн чиглэлээр 863 иргэн зөвлөгөө мэдээлэл авч, 170 гаруй иргэн ehalamj.mn ийн бүртгэл баталгаажуулалттай холбоотой зөвлөгөө авч, 70 иргэн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаатай холбоотой лавлагаа мэдээлэл авчээ.
Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Оролцоо” төсөлд оролцогч ажил хайгч залуучууд, БНСУ-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж нутаг буцаж ирсэн ажил хайгч иргэд, Гадаад улсад технологийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар эзэмшсэн иргэд, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүн, иргэн, Нийслэлд оршин суугч ажил хайгч иргэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн төгсөгчдөд гар утасны “масс мессеж” үйлчилгээгээр дамжуулан урилга хүргүүлэн түлхүү хамруулснаараа арга хэмжээ онцлог, үр дүнтэй боллоо.