МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэгтэй халамжийн бодлогын талаар цөөн хором ярилцлаа.
-Эдийн засгийн чуулганы үеэр ажилгүйдэл, ядуурлын шалтгааныг халамжийн бодлоготой холбож тайлбарлаж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Бэлэн мөнгөний бодлого ажил эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлсээр байгааг судалгаанаас харж болно. Хавтгайруулсан халамжийн бодлого хүмүүсийн ажил хийх идэвх буурахад нөлөөлж байна. Манайх шиг цөөн хүн амтай хэрнээ хүмүүс нь хэт идэвхгүй байгаа нь хөдөлмөрийн нөөцөд сөргөөр нөлөөлдөг. Энэ нь эдийн засагт хор хөнөөлтэй. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт тавих хэрэгтэй байгаа юм.
Тухайлбал, хүүхдийн мөнгөөр жишээ аваад үзье. Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын нэг хэсэг. Нэг талаараа хүн амыг дэмжих бодлоготой уялдаж байгаа ч нөгөө талаараа хөдөлмөрийн зах зээлтэй харилцан уялдаатай байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө олгосноор төрөлт нэмэгдэж, хүн амын өсөлтөд сайнаар нөлөөлнө. Харин сөрөг тал нь гэвэл ажил эрхлэлт хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг. Ажиллах хүчний оролцоог бууруулах нэг хүчин зүйл болж байгаа юм.
Судалгаанаас харахад манай улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс 10-12 функтээр бага явж байгаа. Ажиллах хүчин буурч байна гэдэг тухайн хүний хөдөлмөрийн зах зээлтэй холбогдох холбоос алдагдаж байгаа юм. Хөдөлмөрийн зах зээлтэй холбогдох холбоос алдагдах юм бол тухайн хүнд бүр идэвхигүй байх нөлөөг өгч байдаг. Ингэснээр богино хугацааны мөнгө тараалт урт хугацаанд ажлын идэвхигүй, ажил хийхгүй байх эрсдлийг бий болгож байдаг. Төрөөс төрөл бүрийн халамж, тэтгэмж өгөөд байхаар зарим хүн ажил хийх, хайх сэтгэлгээгүй болно. Нэг ёсондоо, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаа юм. Тиймд халамжийн бодлогыг хэрэгжүүлэхдээ бүх талын нарийн уялдаа холбоог харж, судалж, олон улсын туршлагыг харж байж төлөвлөхгүй халамжийг нэг эхлүүлэд, нэг зогсоогоод туршаад яваад байх зүйл биш юм.
Ядуурал буурахгүй байгаа шалтгаан нь нэг талаар үүнтэй холбоотой. АНУ гэх зэрэг өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад энэ судалгааг хийхэд халамж ажил эрхлэлтийг бууруулдаг, цаашлаад иргэдийн орлогыг бууруулдаг болохыг хэдийнэ тогтоосон байдаг.
Халамжийн бодлогыг үр дүнтэй болгох нэг арга бий…
-Тэгвэл халамжийн бодлогыг ямар зохицуулалтаар олгох нь илүү үр өгөөжтэй вэ?
–Нөхцөлт халамжийн бодлогууд зорилго чиглэлдээ илүү сайн хүрдэг талаар олон судалгаа бий. Халамж олгохдоо тодорхой нөхцөлүүд тавьж, хэрвээ тухайн нөхцөлийг биелүүлэхгүй бол халамж өгөхөө зогсоодог. Ингэснээр нөхцөлт халамжийн бодлого зорилго, төлөвлөгөөндөө маш сайн хүрч, урт хугацаанд эерэг үр дүнг авч ирдэг. Манайд халамжийн бодлогыг зорилтот бүлэг рүү шилжүүлж байгаа нь сайн алхам. Үүн дээрээ нэмээд нөхцөлт халамжийн бодлогыг хэрэгжүүлснээр илүү үр дүнтэй.