Австралид омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор олон мянган ажилтан ажлаа зогсоох эсвэл ойрын хавьтал болж тусгаарлалтад орсон байна. Эдгээр шалтгааны улмаас тус улсад ажиллах хүчний хомсдол үүсжээ.
Тэгвэл үүнийг даван туулахын тулд олон улсын оюутнууд болон хөдөлмөр эрхлэх жуулчдыг визний хураамжаас чөлөөлөхөөр болсон байна. Энэхүү шийдвэр нь ажиллах хүчний тоог нэмэгдүүлж, асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр үзүүлэх зорилготой аж.
Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “ирэх 12 долоо хоногийн хугацаанд бид жуулчид болон олон улсын оюутнуудыг визний хураамж болох 630 австрали доллараас чөлөөлнө” гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр, “Та бүхэн Австралид ирэхийг хүсч байгаа бол одоо сайхан боломж нээгдлээ. Манай улсын хөдөө аж ахуй, зочид буудал болон бусад салбаруудад ажиллах хүч маш дутмаг байна. Бидэнд тусалж, манай ажиллах хүчинд нэгдээрэй” гэжээ.
Одоогоор Австралийн виз авсан гадаадын 23500 жуулчин байгаа ба тэднээс гадна 150 мянган оюутан тус хөнгөлөлтөд хамрагдах боломжтой гэсэн мэдээлэл байна.
Тус улсын хоол, хүнс, ложистикийн олон компаниуд 10-50 хүртэлх хувийн ажиллах хүчний дутагдалд ороод байгаа юм. Үүний улмаас орон даяар нийлүүлэлтийн хомсдол үүсч, зарим супермаркетуудын лангуу хоосроход хүрчээ.
Албаны мэдээллээр сүүлийн үед цар тахлын дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор тус улсад ажлын байрны сул орон тоо 18.5 хувиар өсч, дээд цэгтээ буюу 400 мянгад хүрээд байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ