Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2009 оноос ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж эхэлсэн.
Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын батлан хамгаалах салбарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг.
Энэ удаагийн цэргийн багийн хамтарсан бэлтгэлийг хангах, уулын явган цэргийн сургалт зохион байгуулах зорилгоор ХБНГУ-ын Зэвсэгт хүчний 80 цэргийн алба хаагч 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирж, Монгол Улсын Онцгой комиссоос гаргасан тусгаарлалтын журмын дагуу “Кемпински” зочид буудалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа коронавирусын шинжилгээнд хамрагдсан.
Хамтарсан сургалт дадлагыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд, уулын явган цэргийн сургалтыг Тэрэлжид 2020 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус зохион байгуулсан юм.
ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ХБНГУ-ын Зэвсэгт хүчний тусгай үүргийн нислэгээр буцах төлөвлөгөөтэй байсан. Гэвч ХБНГУ-аас ирэх нислэгийн багийн нэг гишүүний коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан учраас Монгол Улс руу хийх нислэг цуцлагдсан бөгөөд нислэгийн хуваарийг дахин төлөвлөж, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХБНГУ-ын цэргийн албан хаагчид нутаг буцсан юм.
Олон нийтийн сүлжээгээр “Саруул Агваандо” нэртэй хэрэглэгчийн иш татаж, нийтэд цацсан мэдээлэл нь ташаа мэдээлэл бөгөөд ХБНГУ-ын цэргийн алба хаагчид Өмнөговь аймгийн Таван толгой руу зорчоогүй бөгөөд сургалт бэлтгэл Төв аймгийн Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд явагдсан.
Герман Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээллийг залруулахаар Монгол Улсад ХБНГУ-аас суугаа Элчин сайдын яам ажиллаж байна.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ