Өдөртөө 200 чингэлэг солилцож байхаар төлөвлөжээ

2022-01-19
1 min read

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авахаар Монгол Улсын Засгийн газар ажиллаж байгаа билээ.

Уг ажлыг эрчимжүүлэхээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллах үеэрээ зарим нэг зохион байгуулалтын асуудлыг УБТЗ-ын төлөөлөлтэй хамтран газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хилийн тэг цэгээс ачсан чингэлгийг автомашинаар гаалийн талбайд хүргэж, бичиг баримт бүрдүүлэлт хийсний дараа УБТЗ-ын Замын-Үүд дэх Бүс нутгийн ложистикийн төв, Шилжүүлэн ачих анги руу тээвэрлэхээр боллоо. Ингэхдээ УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын төвөөр дамжуулан БНХАУ-ын “Сино транс” компаниас хилээр нэвтрүүлэх ачаа, чингэлгийн мэдээллийг хүлээн авч, гааль, ачаа хүлээн авагч, хариуцсан тээвэр зуучлагчдад мэдэгдэх аж.

Хэрэв ачаа хүлээн авагч төмөр замын тээврийг сонгон үйлчлүүлэхээр бол Шилжүүлэн ачих анги, ачаагаа задлах мөн авто замаар бусад аймаг, хот руу тээвэрлүүлэх сонирхолтой бол Бүс нутгийн ложистикийн төвийн талбайг сонгох боломжтой байхаар УБТЗ-ын зүгээс тооцоолсон байна. Үүгээрээ импортын чингэлгийг татан авахад УБТЗ ерөнхий зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, ложистикийн шийдлийг хийж эхэллээ. Нэгдүгээр сарын 11-16-ны хооронд хилийн тэг цэг буюу дундын бүсэд импортын ачаатай 40 футийн 131, 20 футийн 170 чингэлэг буюу нийт 301 чингэлгийг улсын хилээр амжилттай нэвтрүүлэв. Тэгвэл өчигдөр 52 автомашинаар 40 футийн 35, 20 футийн 33 чингэлэг буюу нийт 68 чингэлэг төрөл бүрийн түүвэр, өргөн хэрэглээний ачаа барааг татан авчээ. Харин өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд 50 автомашинаар 36 ширхэг 40 футын чингэлэг, 28 ширхэг 20 футын чингэлэг бүхий төрөл бүрийн түүвэр, өргөн хэрэглээний ачаа бараа бүхий 64 чингэлгийг татан авсан байна.

Цаашид талууд өдөртөө 200 чингэлэг солилцож байхаар төлөвлөсөн. Хэрэв чингэлэг солилцоог 200-д тогтмолжуулж чадвал хилийн цаана хуримтлагдаад буй импортын бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд татан авах боломжтой. Хоёр тал ийнхүү чингэлэг тээврийг амжилттай эхлүүлсэн бөгөөд тулгарч болох эрсдэлтэй хүчин зүйлсийг явц дунд нь засаж, сайжруулаад хэвийн үргэлжүүлэхээр ярьж тохирсон. Дашрамд дурдахад, хилийн тэг цэгээс чингэлэг татан авах ажлыг зохион байгуулахад төрийн шат шатны байгууллагуудын дэмжлэгтэйгээр УБТЗ-ын хамт олон тэр дундаа Олон улсын тээвэр зуучлалын төв, Тээвэр зохион байгуулалтын алба түүний харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих анги, Замын-Үүд өртөө голлох үүрэгтэй ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Орчуулах »
error: Content is protected !!