Хөргөгч засварчин, барилгачин хоёр түгжрэлийг бууруулахгүй ээ, Д.Сумъяабазар аа!!!

Хотын дарга Д.Сумъяабазар анх баахан “би чадна”-уудаар багаа бүрдүүлж, орлогчоороо томилж байхад олон нийт чимээгүй л харж байв. Яахав, “би чадна”-ууд нь дэргэдээ мэргэжлийн хүмүүсийг зөвлөхөөр авч ажиллана гэдэгт итгэж байсан биз.

Харамсалтай нь тэгсэнгүй. Мөнөөх “би чадна”-ууд өөр нэг “би чадна”-уудыг тойруулав.

Ингээд л хотын утаа, замын түгжрэл, хүний болоод технологийн хөгжил ума хум боллоо.

Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдааны үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөө гээчийг танилцуулав.

Түүнийхээр хот руу чиглэсэн нүүдлийг зогсоох, нийслэлд бөөгнөрсөн иргэдийг хөдөө тийш хөөж гаргаж байж л түгжрэл буурах юм байх. Үүнийгээ нотлох гэж тооны багш ч тогтоохооргүй буман тоо дурьдав.

Үгүй юмаа, Б.Одсүрэн дарга аа.

Хот, хөдөөгийн нүүдэл, иргэд хаана хэрхэн амьдрах нь Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан орлогчид ёстой түй ч хамаагүй асуудал. Өдийг хүртэл өөрийнхөө юу хийхийг ойлгоогүй яваа бол албан тушаалынхаа өмнөх гурван үгийг л харчих…

Нийслэлийн Зам тээвэр…!!!” Үүнийг л та хариуцна.

Нийслэл рүү чиглэсэн нүүдэл үргэлжилсээр байвал нийслэлийн зам тээвэр, хөдөлгөөний эрчмийг хэрхэн түгжрэл сааталгүйгээр зохицуулах вэ гэдгийг л та хийх юм шүү дээ. Түүнээс хотын иргэдийг хөдөө рүү нүүлгээд, хөдөөнөөс ирэгсдийг оруулмааргүй байна гэж далийрахгүй ээ.

Үүнийгээ их л чухал асуудал хөндөөд, тоо баримт дурьдчихлаа гэсэн аятай маадгар суугаа нь хичнээн өрөвдөм, чадал дутсан харагдана вэ… Аргагүй л дээ, уг нь. ШУТИС-ийн Мэдээлэл технологийн ангийг дүүргэсэн ч дэлгүүр хоршоо, барилга байшин, зуслангийн байр савхан барьж яваад гэнэтхэн үсрээд Зам тээвэр хариуцсан орлогч болчихоор чинь юугаа мэдэж хуйхаа маажих билээ дээ.

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 2022-2024 онд жил бүр 420 тэрбум төгрөгөөс давсан их төсвийг баталж өгнө гэж байгаа. Гадны зээл тусламжаар 350 сая ам.доллар авахаар төлөвлөсөн. Үүгээр хотын авто замын өргөтгөл, зогсоол, гүүр, хурдны зам, парк шинэчлэлт зэргийг хийнэ гэж байгаа.

Энэ бол зөв өө… Хотын авто зам өргөжин тэлж, гүүр, давхар гүүр хэд хэдийг ч барих хэрэгтэй юм. Бид гайхалтай автозамтай сайхан хотод амьдармаар байна.

Гэхдээ энэ их ажлыг эхлэхээс өмнө хотын мээр Д.Сумъяабазар аа, тэс ондоо мэргэжил мэдлэгтэй “би чадна”-уудаасаа эхлээд сална уу!!!

Өөрөө бөх… спортын хүн!!! Хичнээн мундаг менежер, удирдагч байлаа гээд салбарын ойлголт, төлөвлөлт дутна. Гэтэл нэн чухал асуудал эрхэлсэн орлогчууддаа үхрийн бөөр шиг алаг тарлан юмнууд авчраад тавьчихсан нь дэндүү харамсалтай юм.

Инноваци, технологийн хөгжил хариуцсан орлогчоороо эрх зүйч мэргэжилтэй, НЗДТГ-т хэвлэлийн албаны дарга хийж байгаад сүүлд СХД-т Засаг даргын орлогчоор очсон төдийхөн туршлагатай Р.Дагвыг тавьчихсан байхад хот, нийслэлийн технологи яаж хөгжих билээ дээ. Энэ асуудлаа ядаж ШУТИС, технологийн анги төгссөнөөр нь Б.Одсүрэндээ хариуцуулсан бол өнөөх нь төрийн ордонд ЗАМ гэхээр ХҮН яриад, ТЭЭВЭР гэхээр НҮҮДЭЛ гэж далийраад салбарынхны шившиг болоод суухгүй байсан биз.

Сая гаруйхан хүнтэй нийслэлийн автозамын асуудал дээр ингэж алийгаа алдаж байгаа хүн 10, 20 сая иргэнтэй хот болчихвол ухаан алдаад сэргэхгүй түвэгийн цаадах түвэг болох бололтой.

Тэрбээр автомашинтай иргэдийн тоо жил ирэх бүр өсөөд, нэг айл 2-3 автомашинтай болчихоод байна гэж ховч шаазгай мэт гоншигнож суугаа нь хөөрхийлөлттэй.

Автомашинтай иргэдийн тоо өсөлгүй яав гэж дээ, Б.Одсүрэн минь…

Үр хүүхдүүд жил ирэх бүр өсч томорч байна. Чамайг тоон дотор манарч суух зуурт 18 нас хүрээд автомашин жолоодож байгаа. Ингээд нэг өрх дэх машины тоо нэмэгдэж байгаа болохоос баяжиж цалгисандаа машин нэмээд байгаа хэрэг биш юм. Цаашдаа ч нэмэгдэнэ. Б.Одсүрэн даргыг тооны нэмэгдлээс айлгахгүй гээд 18 нас хүрээд машин жолоодож эхэлж буй хүүхдийнхээ тоогоор хөгшчүүл нь зөрж үхэцгээгээд тээврийн хэрэгслийн тоог тэнцвэртэй байлгалтай нь биш…

Тиймээс чаддаг чаддагаа хий, Б.Одсүрээн.

Зуслангийн байшин барихаас өөр ажлын дадлага туршлагагүй чиний балгаар нийслэлчүүд намаржин, өвөлжин 0 зогслоо. Авто зам дээр хонож, ажлын бүтээмж нь ганцхан ажил амжуулахаас цааш хэтрэхгүй болчихлоо. Одоо болно… Харьж үз!!! Түгжрэл хэтэрлээ, ямар арга зам хайх гэж байна хэмээн асуусан найздаа “Явган алхаач” гээд унтууцаж байсан чамаас юу ч хүлээх билээ.

Тиймээс байсныхаа баруун хаяанд очиж барилга байшинтайгаа ноцолдвол дээр болов уу…

Ядаж байхад Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр гэж бас л мэргэжлийн бус нөхөр. Өчнөөн олон жил зам мэддэг мэт, хөдөлгөөн зохицуулалтын тооцооллыг ойлгочихдог юм шиг дүр эсгэн нийслэлийг нийтээр нь “хуурч” ирлээ. ОХУ-ын БХЯ-ны харьяа Калининград хот дахь Арын албаны сургуулийг хөргүүрийн инженерээр дүүргэсэн энэ нөхөрт итгэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар гэх бүхэл бүтэн газрыг шинээр байгуулан нийслэлийн удирдлагын бүтцэд нэмж оруулж өгөөд арилсан С.Амарсайханы харгай юм.

Эл газрыг нэмсэн байж болно. Харин яагаад мэргэжлийн хүмүүст нь хариуцуулчихаж болдоггүй юм бэ?!

С.Энхтөр дарга аа!!! Танд ч ичих булчирхай алга уу. Тэс хөндлөн мэргэжлээр номын дуу сонсчихоод, Замын цагдаагийн албанд олон нийттэй харилцах, урьдчилан сэргийлэх ажил хэдэн жил хийснийгээ хотыг түгжрэлгүй болгочих дадлага туршлагатай супер баатар болсон гэж ойлгосоор яваа юм биш биз дээ. Мэргэжлийн бус учраас ямар ч тооцоо судалгаагүй, зүгээр л цээжний бангаар хий хоосон сайхан ярьдаг нэгэн гэдгийг чинь HD Монгол телевизэд өгсөн ярилцлага чинь нотолж байгаа.

… 2021 онд хөдөлгөөний эрчим нэмэгдэж (түгжрэлгүй болно), 0 зогсолт гэх ойлголт үгүй болно гэж жишим ч үгүй ярьж байж… Харамсалтай нь, 2021 ондоо 0 зогсолт гэдгийг утгаар нь үзүүлж байна, ТА!!!

Сайхан ярьдаг, гайхалтай пост бичдэг байлаа гээд нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийг хийчихдэггүй гэдгийг өөрийн биеэр мэдэрч, туулж яваа байх.

Тиймээс ТА ч суудлаа тавьж өг… Чаддаг мэддэг мэргэжилтнүүд нь ажиллаг. Бид түгжрэлгүй, хотын зам дээр хоног төөрүүлэлгүй ажиллаж амьдармаар байна. 200 саяар 5-хан уулзварт түмэн ажил удаж байж шар тэмдэглэгээ хийхэд тань нийслэлчүүд чимээгүй л байсан. Тэр үед литр будаг 1000 төгрөг байсан байх. Таван уулзварыг туушаар будахад яагаад ч 56000 метр болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Тэгэхэд будагны үнэ, будах ажилчны хөлс гэж бүхэл бүтэн 200 саяыг гаргуулсан асуудлыг хэрэг болгон судалбал сонирхолтой л юм гарах байх.

Яг үүнтэй адил анхаарал татсан олон төсөв хөрөнгөний захиран зарцуулалтууд Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт бий гэдгийг хотын удирдлагууд өөрсдөө ярьж байгаа. Энэ ул мөрөөр бид нэхэн орж, эргэн сурвалжлах болно.

Харин одоо болно, С.Энхтөр өө!!!

Хөргүүрийн инженерээр хотын авто замыг шийдүүлмээргүй байна. Бидэнд чаддаг мэддэг мэргэжилтнүүд нь хэрэгтэй… Би зүгээр л хөргөгч засварчин, тиймээс үүнээс цааш чадахгүй нь гэж үнэнээ хэлээд мэддэг салбартаа очих зориг гарга!!!

Замын цагдаагийн албаныхан замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн чиглэлийн сургуулиудыг төгсч ирсэн Б.Тамир нарын хичнээн олон мэргэжилтнүүдийг ажиллах боломж нөхцөлийг нь хаан хавчиснаас ажлаасаа гарцгаасан гэгддэг. Сая гаруйхан хүн амтай жижигхэн хотын иргэд бид хотдоо түгжрэл сааталгүй ажиллаж амьдармаар байгаа тул чиглэлийн сургуулийг нь дүүргэж, номыг нь үзсэн хүмүүст Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрыг, Нийслэлийн Зам, тээврийн асуудлыг хариуцуулмаар байна, Д.Сумъяабазар аа!!!

Хотын автозамын түгжрэлийг бууруулж, 0 зогсолтгүй болгоно гэж молиго үмхүүлж хөрөнгө завшдаг бүлэглэлтэй болчихоогүй л бол орлогч нараа сольж, мэддэг мэргэжлийнхнээр багаа бүрдүүлээд 2024 оныг хүртэл жил бүр төсөвлөгдөн ирэх 420 тэрбум руугаа ханцуй шамлаад ор!!!

Барилгачин, хөргөгч засварчин хоёр хотын авто замын өргөтгөл, зогсоол, гүүр, хурдны зам, парк шинэчлэлтийг хийчихнэ гэх үлгэрээ өөртөө үлдээгээд, өөрөөр ажилла…

Хэрэв, хотын дарга “би чадна” гэх орлогчуудаасаа салахгүй бол бид хотын даргын суудлыг Д.Сумъяабазараас салгахын төлөө дуу хоолойгоо хүргэсээр байх болно.

Эс бөгөөс газрын наймаагаар гаршсан гэгддэг М.Энхболдыг зөвлөхөөрөө суулгаж, Иргэний хөдөлгөөний намын гишүүн, хөргүүрийн инженер С.Энхтөр, IT технологийн мэргэжлээр номын дуу сонсч, айл амьтны зуслангийн байшин барьсаар ирсэн Б.Одсүрэн нарыг тойруулчихаад түгжрэлээс салгах гүүр барина аа гэвэл эрхэм мээр Д.Сумъяабазараас үр дүн, стандарт нэхэж цаг үрэх шаардлагагүй биз.

Татвар төлөгчдийн мөнгө ЦААС биш… Бид хяналтыг хатуу тавьж, хариуцлага нэхсээр байх болно.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!