ЖДҮ-гээс хумсална, албан тушаалын бялууны аль амттайг хүртэнэ. Ах дүүгээ төрийн албаар дүүргэж, Хөгжлийн банкийг дампуурахад хүртэл нь хувийн шахам болгочихоод байгаа. Гэсэн атал У.Хүрэлсүхийн түрийн дэх бөөс шиг шигдэж, төрөл саднаараа тойрон үржсээр байгаагийн учир юу юм бол… Эсвэл огт эсрэгээрээ тэр У.Хүрэлсүхийн хэтэвч, сейф байх. Хүн хэтэвчээ шидэж, сейфээ гаргаж хаядаггүй шүү дээ. Төр, төсвийн аль л шимэгчилж болохуйц сан хөмрөгтэй, эрх мэдэлтэй газарт сейфээ байршуулаад, сейф нь төрөл үүлдрээрээ олшрон яваа нь энэ байх.
Физикч мэргэжилтэй, ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж явсан залуу Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх болох үед нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллах болсон байдаг.
Үүнээс хойш энэ хоёр салсангүй.
Хадгаламж банкны дуулианы үеэр жинхэнэ хоршиж тоглосон нөхөд. Тухайн үед Я.Содбаатар дипломат паспорттой байсан нь олны анхааралд өртсөн ч 14 тэрбумаар казинодсон явдлын дуулианд дарагдан тэгсхийгээд намжив. МАСЗХ-ны нарийн бичгийн даргын албан тушаалаас Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх рүү үсэрч, удалгүй салбарын дэд сайдаар томилогдоод байсан үе нь.
Хэрэг явдлын дараахан, Хадгаламж банкны мөнгөөр тоглосон хэрэгтээ ял зэм сонсохын оронд тэрбээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын суудлаар “шагнуулсан”. Түүнийг энд ирсэн он цагаас эхлэн энэ газарт авлига, албан тушаалын наймаа жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэдгийг мэргэжлийн хяналтын байцаагч нар хэлдэг юм билээ.
МАН Засаглаж, У.Хүрэлсүх намын эрхийг Засгийн эрхтэй хослуулан барих үед Я.Содбаатар Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилогдов. Ашиг сонирхлын хэлхээс нь аль эрт очоод шигчихсэн байсан салбартаа ил суух боломж олдсон нь тэр.
Олны, нийтийн төлөөх шийдвэрт удаан болхи хандах атлаа өөрийн хамаарал бүхий хувийн асуудлыг яралзтал шийддэг нэгэн гэдгийг тэр энд суух хугацаандаа харуулаад авсан. Түүний суудал гуравхан сарын настай байв. Хэдийгээр тэр хариуцлага хүлээгээд буусан мэт тухайн үедээ харагдаж байсан ч үнэндээ Хөшигийн хөндийн катерингийн барилгын ажлыг хувийн компанидаа шийдэж өгчихөөд гарсан хэрэг байж… Анхнаасаа ийм зорилготой орсон бөгөөд У.Хүрэлсүх үүгээр нь найздаа ч хатуу хандаж, хариуцлага тооцож чаддаг гэж харуулан попроод олон нийтийг, намын бүлэглэл фракцтай юутай нь хуураад авсан байж гэдгийг түрүүч нь одоо л ойлгон, ярьж бичиж байна.
МИАТ-ийн эсрэг талд орших “Мongol airways” хаягтай дөрвөн давхар байшинг Я.Содбаатарын эзэмшлийн “Химон констракшн” өөрсдөө эхэлж бариагүй атлаа Улсын комисст хүлээлгээд өгчихсөн баримт бий. Тэр барилга дотор дайны эрсдлийн даатгалын мөнгөөр тоглосон гэгддэг Ч.Хоролсүрэнгийн ажлын өрөө байршдаг гээд олныг дурьдаж болно.
Нэгэн үе хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаж байсан “Химон констракшн”-оо Я.Содбаатар хэзээ хойно “Минийх биш. Сургуулийн найзынх” гэдэг. Эхнэрээ танихгүй, таньсан ч юу хийж бужигнуулж явдгийг нь мэдэхэгүй хэмээн мэлздэг түүнд найзынх гэж хэлэх юу ч биш биз.
МИАТ-ийн катерингийн үйлчилгээг Ч.Хоролсүрэн халааслаж амжсан нь Я.Содбаатарын гавьяа гэчихэд тэгтэл хол зөрөх хардлага биш.
2017 оны 11 сард зарлагдсан концессын уралдаант шалгаруулалт сунжирсаар Я.Содбаатарыг Зам тээврийн сайд болсны дараахан эцэслэгдсэн нь тохиолдол гэдэгт ямар ч тэнэг итгэхгүй биз.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед буюу 2018.11.30-нд Үндэсний хөгжлийн газар, “Скай катеринг” компанийн хооронд гэрээ байгуулагдсан. Сонгон шалгаруулалтын нэг, хоёрдугаар шатанд шалгаруулалт явж байх үед Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд орон сууц болон мөнгө нийт 300-аад сая төгрөг, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт бэлнээр 500 сая төгрөгийн авлига өгч ялуулсан гэх Ч.Хоролсүрэнгийн үг шалгаж хөөн эцэслэх авлигын ноцтой асуудал байтал зүгээр л хамхуул мэт хэнд ч хэрэггүй сул яриа болоод өнгөрснийг бид тухайн үед мэдээлж байв.
Ийнхүү Я.Содбаатарыг гуравхан сарын хугацаанд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаанд “Химон констракшн” болоод хэд хэдэн компани МИАТ-ийн эргэн тойронд зарлагдсан тендэрт эзэн суугаад амжсан.
МИАТ-ийн катерингийн үйлчилгээг мөн “Нүхт тур” нийлүүлдэг бөгөөд захирал Ч.Хоржав нь У.Хүрэлсүхийн дотны найзуудын нэг. “Нүхт тур” МИАТ-т нийлүүлэлт хийж эхлэх үед мөнөөх Ч.Хоролсүрэн Коммер эрхэлсэн захирал байсан талаарх мэдээллийг ч бид өмнөх нийтлэлүүдээр хүргэсэн тул энд дэлгэрүүлэх илүүц юм.
Улмаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ч “Нүхт тур” руу их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хэд хэдэн удаа хийгдсэн.
Цар тахлын үед дотоод, гадаадын нислэг цуцлан, тусгай үүргийн хэдхэн нислэг үйлдэж байсан цаг… Тэрчлэн халдвар хамгааллын дэглэм сахих нэрээр зорчигчдод өгдөг хоол хүнсний үйлчилгээ зогсчихсон байхад л зорчигч болон нисэх багийнхны хоол хүнсний зардал нэрээр “Нүхт тур” руу мөнгө урссаар байсныг шилэн данс гэрчилнэ. Бид ч хөндөж байв.
Дайны эрсдлийн даатгалын сангийн мөнгийг угааж, шамшигдуулсан хэргээр хамтрагч, бүлэглэлүүдээ нуугаад ганцаар үүрээд гарсан Ч.Хоролсүрэн нь Я.Содбаатартай нутаг ус нэг бөгөөд энэ хэлхээсээрээ олон зүйл дээр нэр холбогддог.
Ч.Хоролсүрэн, Я.Содбаатар, З.Энхболд, “Голомт”-ын Д.Баясгалан, Х.Баттулга нарын хоршил Иргэний нисэх, агаарын тээврийн холбогдолт асуудал бүрт хэлхээтэй явдаг.
Хэргийг ганцаараа л үүрчихсэн болохоос бус Ч.Хоролсүрэн “Изинис”-ийн ерөнхий нягтлан н.Мандахбаярын нэр дээр Богд банкинд хадгаламжийн данс нээгээд анхаарал татахуйц их хэмжээний үнийн дүнтэй хувийн шилжүүлэг хийснийг мөрдлөгийн явцад тогтоосон байдаг. Улмаар “Скай катеринг”-ийн барилгын ажил эхлээд удаагүй байхад Мандахбаярын мөнөөх данснаас “Жаргал констракшн” компанийн данс руу 150 сая төгрөг, гүйцэтгэгч “Химон констракшн”-ийн данс руу 200 сая төгрөг орсон баримт байхад ухаж, хөөлгүй хаясан нь дагалдах олон хардлагын эхлэл юм.
“Скай катеринг” компани Пүрэвийн Батхүү гэх давхар эзэмшилтэй.
Түүний нэр дээр “Скай катеринг” компаниас гадна “Скай капитал групп”, “Рэд рок катеринг” ХХК бий. “Рэд рок катеринг” ХХК нь “Өндөр улаан трэвел” гэх хуулийн этгээдийн давхар эзэмшилтай. Харин “Өндөр улаан трэвел” ХХК-ийн мэдээлэлд 2011.11.22-нд өөрчлөлт орж “Бодь-Интернэшнл” нэмэгдсэн байдаг нь “сүлжээний бизнес”-ийг сонирхолтой болгож байгаа юм.
“Бодь-Интернэшнл”-ийн хаяг дээр Пунцагийн Цагааны “Чулуун шастир” ТББ, Ц.Эрдэнэбилэгийн “Бодь хотелс энд резортс”, Л.Болдын “Эйч Ди Ди Жи” ХХК гээд олон компани бий. Ийнхүү харагдах байдлаасаа өөр өөр нам, бүлэг фракц болж хэмлэлдээд байдаг харагдавч тайзны ард хэтэвч нэг, хэлхэлдсэн групп компаниуд нэгтэй, нэг л аалзны торон дээр уяатай тоглодог “ураг төрлүүд” гэдэг нь албан ёсны аж ахуйн нэгжийн бүртгэлээр нотлогдоод байдаг.
Я.Содбаатарын эзэмшлийн гэгддэг “Химон констракшн”-ны захирал нь Шоовдорын Энхтөр. Энэ хүний нэр дээр олон компани бий. Анхаарал татахуйц нь “Цэргийн андууд сан”. Энэ сан У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын харилцааг тодотгож өгдөг.
Я.Содбаатарын гэх тодотголтой хоёр компани ЖДҮ-гээс зээл авсан баримтууд нэгэнт ил болсон. Эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компанийг мэдэхгүй гэж мэлзээд үнэнд гүйцэгдэж байсан түүний ЖДҮ-гээс зээл авсан “Ти Эс Эм” компани нь Шоовдорын Энхтөрийнх гэх улсын бүртгэлтэй. Мөн “Бес Инфраструктур Холдинг” хуулийн этгээдийн давхар эзэмшилтэй бөгөөд захирал нь мөн Ш.Энхтөр.
Харин Янгуг Содбаатар гэх бүртгэл дээр “Тех 92” клуб, “Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл” ТББ, “Үйлчлэгч, үйлчилгээний ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо” зэрэг гэмгүй хэдэн нэрс бий.
Үйлчлэгч, үйлчилгээний ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоогоо 2019.06.24-нд байгуулсан бөгөөд өөрөө Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг юм билээ. Хувьцаа эзэмшигчид нь Содномдоржийн Ундрах гэж бий.
Тэр нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаас гадна “Оюуны цэнэг гэр бүл хүний хөгжлийн академи”-ийн Удирдах зөвлөлийн дарга бололтой. Тэгэхээр энэ нөхөр дээр түшиглэн мөнгө зувчуулдаг холбоо юм биш байгаа гэх хар эрхгүй төрж байгаа. Тиймээс тус холбооны холбогдох мэдээллийг анхаарлын гадна үлдээлгүй сонирхон судлах болно. Бусад хувь эзэмшигчид нь Өвөрхангай аймгийн ИТХ болон Засаг даргын Тамгын газар алба хашдаг тул орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн данс тооцоог анхаарчихад гэмгүй.
Я.Содбаатарын төрсөн ах Янгугийн Сод-Эрдэнэ Хөгжлийн банкннаас сар бүр 8.5 сая төгрөг тоншчихдог Дэд захирал. Түүний жилийн орлого 102.6 сая төгрөг хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгт бий.
Ингээд сэтгэл нь ханадаггүй бололтой тэдний хувьцаа эзэмшдэг “Монголиан инвестмент корпорэйшн” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Сайжруулсан шахмал түлшний тендэрт оролцохоор материалаа бүрдүүлж өгсөн байгаа. Дүү Я.Содчимэгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүүгийн бүртгэлийн хэлтсийн Даатгал хариуцсан мэргэжилтнээр, бас нэг дүү Я.Содсоёмбоо Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд төслийн мэргэжилтнээр “чихчихсэн” энэ гэр бүлд Монгол төр, монголын ард түмэн нэн их өртэй байх.
Түүний ах дүүс, ашиг сонирхлын хэлхээс бүхий чөтгөрийн тойрогт дээр дурьдсанчлан “Монголиан Эйрлайнес” группийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг “Бодь интернэйшнл”-ийн эзэн Лу.Болдоос гадна нэмэлт тайлбартай, тайлбаргүйгээр Зам тээврийн салбараас хусаад ч нэр нүүр нь салахаа больсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга үйлийн үргүй орж ирдэг.
Х.Баттулгыг дагаад “Хүннү тур”-т эцэг Бат-Өлзий нь хувь эзэмшдэг гэх мэдээллээр уягдан “Херо” Б.Баатар, эцэг нэгт дүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бичигдэнэ.
Ингээд харахаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар М.Энхболдыг зайлуулж, УИХ-ын даргаас огцруулахаар “5 тэмцэгч”-ийн дүр бүтээн парламентын ордонд танц эргэж явсан нь хэдийнээсээ хэтэвч нэгтэй бүлэглэлийн “Херо” Б.Баатараар найруулуулсан улстөрийн драм байсан нь харагдаж байгаа юм. Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарыг Н.Багабандиас салгаж ойлгох ямар ч боломжгүй. Тиймээс энд нөгөө л титэм үг тэрлэн дүрээ төөрүүлэгч Н.Багабанди байсаар байгаа хэрэг. Тэр хэрхэн холбогддогийг тусад нь бичих тул “Херо” Б.Баатарын хэсэг рүү эргэн оръё.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болохтой зэрэгцэн Б.Баатарын эзэмшлийн компаниуд оролцоогүй, аваагүй тендэр нэн ховор. Тэрбайтугай Л.Оюун-Эрдэнийн баг өмссөн Б.Баатар Засгийн эрх барьж байгаа гэх яриа ч сүүлийн үест хүчээ авч байгаа.
Б.Баатарын нэр дээр “Херо пикчерс” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК, “Алтан агсарга” ТББ, “Бествишн” ХХК, “Монгол жиргээчдийн нийгэмлэг” ТББ, “Үндэсний хит“ТББ, “Хүрэнхад нөхөрлөл” ББН, “Эйч И Ар Өү” ХХК, “Хүүхдийн төлөө фонд” ТББ гэхчлэн түмэн аж ахуйн нэгж бүртгэлтэй.
Өнгөрөгч 2020.12.03-нд “Бэрс” гэх компанийг хүртэл байгуулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бэрс” сургуулийг сэтгүүлчийн ангиар дүүргэсэн тул удахгүй дүүдээ төгссөн сургуулийг нь бэлэглэчихлээ гэвэл цочирдох хэрэггүй биз.
“Херо пикчерс” ХХК, “Бествишн” ХХК-ийг эх нэгт төрсөн дүү Б.Өнөржаргал, нагац эгч Г.Оюунтөгс нартай хамт эзэмшдэг бол “Херо энтертайнмент” ХХК-ийг эцэг нэгт төрсөн дүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй эзэмшдэг.
Харин “Үндэсний хит” ТББ-ыг нам намын лидерүүдийг нармийтал унагаж, шалаар нэг хөглөрүүлдгээрээ алдартай А.Амундра, “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн Б.Батнягт нартай эзэмшдэг байна.
“Эйч И Ар Өү” ХХК-ийг өмнөх эхнэр, жүжигчин Ч.Ундралтай эзэмшдэг. Эдгээр компаниуд хачин идэвхтэй ажилладаг бөгөөд олон арван тэрбумыг төсөл, тендэрийн замаар халаасалдгийг шилэн данснаас харж болно. Тухайлбал, “Херо пикчерс” ХХК кино хийхээр гэрээлж 78 сая, “Херо энтертайнмент” ХХК УИХ-ын даргаас гэрээт ажил гүйцэтгэсэн гэх утгаар 65 сая төгрөг шилжүүлэн авсан.
Тэрбайтугай Соёлын яамнаас “Зэв эв партнерс” 9.900.000 гаргуулан авсан нь ч Б.Баатартай холбогдох бөгөөд мөнгө гаргах боломж л байвал дүн голдоггүй нь эндээс харагдаж байгаа юм. Уг компани 2019.05 сард байгуулагдсан бөгөөд Ц.Баасанжав гэгч захиралтай. Ц.Баасанжав нь “Херо” багийн гишүүн. Үүнийг “Херо” Б.Баатарын найруулсан “Мэдээллийн урсгал” контентийн ивээн тэтгэгчээр “Зэв эв партнерс” ХХК ажилласан баримт нотолно.
“Мэдээллийн урсгал” контентийг “Би Ар Би” ХХК мөн ивээн тэтгэсэн бөгөөд “Би Ар Би” ХХК-ийн захирал нь Ж.Энхжаргалан. Соёлын сайд Ч.Номин, түүний төрсөн дүү Ч.Батхүү нар хувь тус компаниас хувь эзэмшиж байгаад, саяхан нэрээ хасуулсан байгаа юм.
Ах Б.Баатарынхаа “Херо пикчерс”, “Бествишн” ХХК-д хувь эзэмшдэг хэмээн дээр дурьдаад өнгөрсөн Б.Өнөржаргал Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагчаар ажилладаг. Мөн “Алтан говийн элс”, “Жи Эн Ти Эл” ХХК болон “Дорнын их говь” компанийн хувьцаа эзэмшигч. Эдгээр компанийн давхар хувьцаа эзэмшигч нь Нэргүйн Ялалт гэж бий.
Женкогийн “хүн”, Б.Баатарын фитнесийн хамтарч гэгддэг Н.Ялалтын нэр дээр “Виннэр трейд монголиа”, “Гаруда Сэд”, “Өнөд дэгжих Буян” зэрэг компани бүртгэлтэй. Тэрбайтугай өөрийгөө Х.Баттулгын хуурай дүү гэж сайрхдаг Д.Алтанхуягийн “Зэс эрдэнийн хувь” компани ч эл тойргоос хол өнхрөхгүй.
Зэс эрдэнийн хувь, Ачит Ихт гэх хоёр компани Эрдэнэт үйлдвэрийг аудитын шалгалтад бүдрэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж, олон но бүртгүүлснийг аудитын дүгнэлтээс харж болно.
Х.Баттулга монгол эхнэрийн Б.Намуун, Б.Номин, Б.Хүлэгт гэх гурван хүүхэдтэй. Тэд “Түмэн хишигтэн” компанийнх нь эзэд. Тэрбээр хүү Б.Хүлэгтдээ зар сурталчилгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, баримтат болон уран сайхны кино хийх “Кинисмос” компанийг 2020.06.17-нд байгуулж өгсөн нь Херо Б.Баатарын зөвлөгөө байсан гэдэг.
Авиа компаниудын зорчигчдын хоолыг нийлүүлэх компаниар хэтэвчээ нийлүүлж байсан гэгддэг Я.Содбаатар, Х.Баттулга, херо Б.Баатар, Л.Оюун-Эрдэнийн аав Бат-Өлзий нарын гэр бүлүүд өдгөө улстөрийн гол тоглогч, гал тогооны “хутгуур”-ууд болсон байгааг бид харж байна.
Тэдний багт алгуураар орж ирсэн Х.Нямбаатар бол Бэрх тосгоны шороот гудамжинд хамт тоглож өссөн Л.Оюун-Эрдэнийн “үеэл” нь. Энэ мэтчилэн Я.Содбаатарыг тойрсон мөөгөн хүрээнээс өмнөх нийтлэлд дурьдсанчлан УИХ-ын дарга Г.Занданшатар болон Сү.Батболд, З.Энхболд нарыг ч орхигдуулж болохгүй.
Х.Баттулгын үнэнч албатуудын нэг А.Гансүх УИХ-ын гишүүн Сү.Батболд нар базууд. А.Гансүхийг улс төрд оруулж ирсэн хүн нь харин З.Энхболд. З.Энхболд өөрөө Сү.Батболдын бизнесийн хамтрагч гээд эл бүлэглэлийн чөтгөрийн тойрог хүн хүчээр дутахгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Х.Баттулга Сү.Батболдын эсрэг хөдөлж, оффшор, Оюутолгойн гэрээ гэхчлэн олон асуудал гаргаж шидсэн нь үнэндээ “хүүхэлдэйн кино” л байв.
Шинэ баримт өчүүхэн ч үгүй, өнөөх л улиг болсон сэдвийг дэврээж М.Энхболд тэргүүтний толгойг эргүүлсэн төдий явдал болсон биз. Үүнийг Сү.Батболдод холбогдох Нью-Йорк болон Английн шүүхэд нээгдсэн хавтаст хэрэг У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хаагдсанаар нотолж болно.
Харин З.Энхболдын нүүрс сонирхож, Монголын “Страто” нь Хятадын төрийн өмчит “TTJVCo”-гийн адил дархлагдсаныг Сү.Батболдгүйгээр ойлгоход төвөгтэй. Хятадын компани З.Энхболдтой хэрхэн холбогддог фактыг эдийн засагч Л.Наранбаатар хангалттай тайлбарлаж, баримт нотолгоо үзүүлсээр ирсэн тул энд давтаж нурших илүүц…
“Хишиг арвин” болон “Страто” компани нэг эзэнтэй. “Страто” компанийн захирал А.Баттүшиг, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нар хамтран ажилладгийг нэг оффист зэрэгцэн суудгаас нь эхлээд хэвлэлүүд бишгүй тайлбарлаж ирсэн.
“Страто” нь “Эрдэнэс Тавантолгой” компаниас сард 50 мянган тонн нүүрс авч угаадаг бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гол өрөм болсон нүүрсийг л авдаг гэх мэдээлэл нь ч улиг боллоо.
З.Энхболдын дүү З.Хишигтогтохын нэр дээр “Ховосино Трак”, “Браунрок”, “Инфра-Инженеринг”, “Болдсекьюрити”, “Грей Рок”, “Эм Пи Өү” зэрэг 10 гаруй компани байхаас гадна Ц.Анандбазарын оролцоотой “Содмонгол Газ” ч Зандаахүүгийн Хишигтогтох гэсэн бүртгэлтэй.
“Хишиг арвин” компаниар дамжуулан М.Тулгат, З.Энхболд нар холбогдчихно.
Тэд “Ардчилсан хүчний холбоо”, “Алсын хараа бодлогын төв” ТББ-ыг хамтран байгуулсан. З.Энхболд Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хөрөнгө оруулалт хэрэггүй. Нүүрсээ олборлохдоо “Хишиг арвин” мэтийн сайн компаниар олборлуулах хэрэгтэй гэсэн нь хэсэгтээ олны дургүйцлээд төрүүлээд авсан.
З.Энхболд Сү.Батболд нарын хамтрал дээр Б.Нямтайшир нэмэгдэнэ. МАК-ийн Б.Нямтайширын охин Сү.Батболдын хүүтэй тоонот гэрт толгой, тостой тогоонд хошуу холбочихоод байхад худууд зөрчилдөнө гэж үү…
Ийнхүү ураг төрөл тэлж, улс төрийн эрх ашиг нь нэмэгдэн тэлсэн нөхдийн тойрог дотор дураараа дургин, дунд чөмгөөрөө жиргэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болох хүртлээ өндийчихөөд байгаа Я.Содбаатарыг У.Хүрэлсүхийн сүүдэр гэхээсээ илүү сейф гэж нэрлэвэл илүү онож мэднэ.
Түүний ах дүүсийн хувь эзэмшдэг компаниуд төсөл тендэрүүд, тэр дундаа Өвөрхангай аймагт хуваарилагдсан төсөв дээр хэрхэн танц эргэдэг баримтууд нь энд дурьдаад багтамгүй их тул дараагийн нийтлэлээр хүргэнэ. Тэрбайтугай Багануурын нүүрс, жоншны уурхайд хэдий үеэс яаж гар хөлөө дүрсэн, агаарын тээврийн авиа компаниудаас УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хамт хэрхэн хувь хүртдэг талаарх мэдээллийг ч хавсаргах юм.
Тэрчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ыг шалгах ажлын хэсгийг эхлээд тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дараа нь Шадар сайд Я.Содбаатар ахалж байсан бөгөөд дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго гэхчлэн мөн л У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Багабанди нарын гар хөлүүд ажилласан байдаг бөгөөд шалгалт нэртэй тус “жүжигчилсэн тоглолт”-ын талаар ч орхигдуулалгүй хүргэнэ.