Үргэлжлэл. Өмнөх нь “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи биш чиний фракцтай тэмцэх хүн дарга болмоор байна” гарчигтай нийтлэлд
Спортын холбоодоор дамжуулан үнэгүй газар авч, түүнийгээ мөнгө угаадаг шиг дамнуулан халаасладаг бохир жишиг Монголд тогтоод удлаа. Энэ нь бүр төгөлдөршиж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нийслэлийн дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтайгаа бүлэглэн улс орныхоо нэрийг шалбаагтай хутган байж мөнгө хулгайлсан байж мэдэх хэргийн өмнөтгөлийг өмнөх дугаарт хүргэсэн.
Сануулах үүднээс цухас дурьдъя.
…2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтад Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхийлөгч Д.Е.Глушко, тус хорооны дэд Ерөнхийлөгч, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Олимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн М.М.Бариев, Гүйцэтгэх захирал В.В.Максимов, Олон Улсын “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.А.Хатылыков нар оролцсон байдаг.
Уулзалтад оролцсон холбооны төлөөлөгчид “Самбо, жудогийн нэртэй тамирчид ОХУ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нь спортыг дэмжин хөгжүүлэхэд чухал зүйл юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин спортын наадмууд зохион байгуулахыг ихэд дэмждэг” хэмээн олзуурхаад “Азийн хүүхдүүд” нь зөвхөн спортын наадам бус, хөрөнгө оруулалтын том боломж юм гэж байв.
Тэрчлэн тус наадмыг зохион байгуулахаар олон орноос хүсэлт ирсэн боловч Монгол Улс нь ОХУ-тай хөрш төдийгүй Азийн бүх оронтой сайн харилцаатай, монгол хүүхдүүд спортод авьяастай зэргийг харгалзан Олон улсын “Азийн хүүхдүүд” наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсныг ч онцолж байлаа.
Хариуд нь Х.Баттулга ч уг наадам хоёр улсын Засгийн газрын түвшинд хүртэл тавигдсан, нөгөөтэйгүүр өөрөө спортын хүн тул Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаа мэдэгдээд зочдыг буцаасан.
У.Хүрэлсүх Засгийн эрхийг авсан байсан үе учраас төрийн тэргүүдийн түвшинд зөрчилдөх зүйлгүйгээр ойлголцож “Азийн хүүхдүүд” наадмын бэлтгэл ажил эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ч Х.Баттулгатай худ ургийн барилдлагатайг хэлэх үү, чих зөөлөн хандаж Усан спортын төв барих 50 метр, 25 метрийн хоёр усан сантай, олон улсын стандартад нийцсэн усан спортын төвийн газрыг Яармагт нэрлэн, үнэгүй олгосныг өмнөх нийтлэлд тодорхой өгүүлсэн.
Улмаар Олон улсын тэмцээн наадмуудын үеэр нүүр улайхааргүй Усан спортын төв барих болсон тул гээд төрийн өмчит компани болон спортын холбоодоос хандив нэхэж, “АПУ”, “Эрдэнэс тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, Нийслэлийн төсөв зэрэг эх үүсвэрээс 20 гаруй тэрбум төгрөг босгосныг ч “Л.Оюун-Эрдэнэ ээ, чи биш чиний фракцтай тэмцэх хүн дарга болмоор байна” гарчигтай нийтлэлээс сөхөж харна биз ээ.
Азийн 37 орны тамирчин оролцдог, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн уг наадам ОХУ-д уламжлал ёсоор хэвийн зохион байгуулагддаг байхад манай улсаас нийт 650 гаруй тамирчин оролцож, 193 медаль хүртсэн амжилтаар Азийн орнуудаас 3 дугаар эрэмбэлэгддэг байв.
Гэтэл өдгөө төрийн эрхэнд сандайлсан гуйлгачин сэтгэлт цөөврүүдийн, хэн ч хэзээ ч төсөөлөн үйлдэж чадахгүй гутамшигт үйлийн балгаар Азийн бүсэд зохион байгуулагддаг “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд хүүхэд залуучууд маань омог бардам оролцох ч нүүргүй боллоо.
1996 оноос хойш дөрвөн жилд нэг удаа тасралтгүй зохиогдсоор ирсэн энэ сайхан наадмыг хийж чадаагүй атлаа зовох юмгүйгээр Засгийн газрын 376 дугаар тогтоол гээчийг үйлдэн “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам гэсэн нэрийг “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам” хэмээн нэрийг нь өөрчлөөд зохио гэсэн нь бүр гутамшигтай…
Үүнийгээ Монгол Улс түүхэндээ анх удаа үндсэн 20 төрөл, үзүүлэх 3 төрлөөр “Олон улсын залуучуудын наадам”-ыг зохион байгуулна гэж далийран сурталчлах нь ард түмнээ хууран доромжилсоор ирсний өнгө юм.
Тэд “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам” гээчийг ч бас хийхгүй, харин энэ нэрээр мөнгө зувчуулах, хулгайлах арга саамаа үргэлжлүүлнэ гэчихэд гүтгэсэн хэрэг болохгүй. Учир нь Усан спортын төв байгуулахаар шийдвэрлэсэн уг газрын бүтээн байгуулалт өөрчлөгдөж Залуучуудын ногоон наадмын спорт цогцолбор болж хадуурсан байгаа.
(Х.Баттулгын худ С.Амарсайхан бүтээн байгуулалт ид өрнөж байгаа Яармагт газрыг үнэгүй олгосон талаар өмнө мэдээлсэн)
Улмаар усан бассейны барилгын суурийг тэгшлэх зориулалтаар 3.8 тэрбум төгрөг гаргасныг ч шилэн данснаас харж болно. Энэ мөнгийг “Энх төгөл бэх” ХХК руу, мөн дээрх наадмын нэрээр хөлбөмбөгийн талбай тэгшлэх ажилд гээд 873 сая төгрөг төсөвлөснөөс 791.8 сая төгрөгийг нь “Даблью экс пи” ХХК шилжүүлээд авчихсан байгаа.
Эл мөнгө луйварчдын халаас руу орсон гээд хардчихад ч гэмгүй…
Дээрх тэгшилсэн гэх хөлбөмбөгийн талбай нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд тавьж хэдийнэ ашиглалтад оруулчихсан газар. Тийм байтал тэгшлэх нэрээр дахин мөнгө гаргасныг хулгай, луйвар гэхгүй өөр юу гэж ойлгох юм.
Яармагийн хөлбөмбөгийн талбай тэгшлэх тендэрт шалгарсан гэх “Даблью экс пи” ХХК-ийг улсын нээлттэй мэдээллийн сангаас шүүвэл Энхтүвшингийн Жавзандулам гэх ганц эзэмшигчтэй юм билээ.
Юун газар шороо тэгшлэх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон техник тоног төхөөрөмж ч үгүй компани байх…
Гэсэн атал 9.6 тэрбумын өртөгтэй Орхон-Хишиг-Өндөр сум чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл, 8.9 тэрбумын төсөвтэй Өмнөговь аймгийн Ноён сумаас Сухайт хүртэлх сайжруулсан шороон зам, 20 км, 20.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх хатуу хучилттай авто зам гэх мэт томоохон тендэрүүдэд оролцдог сүрхий компани.
Тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2020.12.29-нд “Халиун Бурхан Буудай Групп” нэмэгдэж орж ирсэн талаар эл сэдвээс тусдаа, дараа өгүүлнэ.
Үүнээс гадна бассейны автомат цаг нийлүүлэлт, суурилуулалтад 404 сая төгрөг “Си эм жи ти эс” ХХК-д шилжүүлсэн байх боловч энэ ажлын тендэрийг цахим худалдан авалтын хэлбэрээр зохион байгуулаагүй зөрчил илэрсэн талаар аудитын дүгнэлтэд бий.
Ингэж их төлөвлөж, газраа үнэгүй олгож, холбогдох төсөв хөрөнгийг гаргачихсан хэрнээ өдгөө Усан спорт төв барих суурин дээр “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдлагууд Спорт цогцолбор нэрийн дор өөр байгууламж барих шийдвэр гаргасан байгаа нь ард түмнээ, улс орноо хэтэрхий дорд үзэн басамжилсных…
Биднийг хэн хэлж, банхрыг хэн саахав гэгчээр Буянт-Ухаа спорт цогцолбор байсаар байтал дахин нэг Спорт цогцолбор барих нэрийдлээр “ӨВМТХ” ХХК гээчид 16.8 тэрбум төгрөг төсөвлөн гаргаж өгөөд барилгын ажлыг эхлүүлсэн байгаа нь ингэсхийж мэдээлээд орхиж болохгүй ноцтой асуудал юм.
Тайлбар нь, Азийн наадмыг мурьж монголчилсон Ногоон наадам гээчээ хийх цогцолбор юм байх.
Улмаар хэзээ, хэн оролцох нь тодорхойгүй эл Ногоон наадмынхаа брэнд бүүк хийх ажилд 48.5 сая, Маскоттой цагтай хөшөө бүтээхэд 33.2 сая, ногоон захидал хөтөлбөрийн цуврал видео бүтээх 79.5 сая төгрөг гэхчлэн хахаж үхмээр цацлан “идэцгээж” байна.
2020 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх Залуучуудын ногоон наадмын спорт цогцолборын бүтээн байгуулалттай танилцаж байна хэмээн попорч явсныг олон нийт мартаагүй байх. Гэтэл тэр нь “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадмыг мурьж, улмаар усан спорт төвийн газар, бүтээн байгуулалтыг цавчилж хаяад 376 дугаар тогтоол гээчээ үйлдчихээд гарч явсан нь тэр байж.
Тухайн цогцолборын үлгэр нь 10000 м3 талбайтай бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 60 хүнийг хүлээн авах хүчин чадалтай буудал, олон улсын стандартад нийцсэн фитнесс төв болж 2021 оны II, III улиралд ашиглалтад орно гэж эхлээд төгсчихдөг.
Ашиглалтад орох 2021 он нь ингээд дуусч байгаа тул Л.Оюун-Эрдэнээрээ өөр нэг “376 дугаар тогтоол” гээчийг үйлдүүлээд өнгө төрхийг нь өөрчлүүлэх биз…
Дүрээ өөрчлөөд ч баригдаагүй атлаа хөрөнгө мөнгийг урсгасан хэвээр байгаа энэхүү Усан спортын төв нь үнэн хэрэгтээ эрх баригчдын ичгүүртэйгээр мурьсан “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадамд бус 2023 онд Монголд зохиогдох Зүүн азийн залуучуудын спортын II наадмын голлох төрөл болох усан спортын тэмцээнд зориулсан байдаг.
Гэтэл уг төвийг барихаа больж, огт ондоо зүйл яриад мөнгө цохсоор яваа нь амташсан хэрээ 13 дахидгийн үлгэрээр Зүүн азийн залуучуудын спортын II наадмыг ч Монголд зохиолгүй мурихаар шийдсэн юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байна.
Учир нь төвийн бүтээн байгуулалтаа нэхэж, асуулга тавьсан Усан спорт сонирхогчдын холбооныхонд “Улаанбаатар спорт менежмент” ХК-иас Зүүн азийн залуучуудын спортын II наадмыг зохиохдоо үлээж хийлдэг түр бассейн барьчихна гэх хагас галзуу хариултыг өгсөн байгаа. Энэ солиотой шийдвэртээ ч хөрөнгө мөнгө зарцуулж яваа гэдгийг Усан спорт сонирхогчдын холбоонд ирүүлсэн албан бичигтээ дурьдахын зэрэгцээ аль хэдийнэ нийслэлээс үнэгүй олгогдсон газарт “газрын мөнгө” нэрээр 7 сая төгрөг авсан гэдгийг тэмдэглэсэн байгаа нь эрх баригчдын идэлт, уулт ил цагаандаа гарсныг харуулсан бодит факт юм.
Усан спортын төвийн бүтээн байгуулалтыг өөрчилж, суурин дээр нь ямар нэгэн байшингийн шинэ “балгас” эхлүүлчихээд байгаа “Улаанбаатар спорт менежмент” ХК нь Нийслэлийн өмчит гэх тодотголтой. 2019.05.20-нд байгуулагдсан уг компанийн Гүйцэтгэх захирал нь Батнямын Тамир гээч.
1983 онд төрсөн түүнийг эрх баригч топоруудын цүнх баригчдын нэг гэдэг юм билээ.
Жилийн 56.5 сая төгрөгийн орлоготой энэ залуу улстөрд хол явъя гэвэл морь сонирхож, аль нэг уяачдын галд харьяалагд гэдэг намын ах нарынхаа дүрмээр хурдан удмын 3 адуутай (бизнесгүй улстөрчдийн хөрөнгө орлого хэдийд ч огцом нэмэгдэж болзошгүй байдаг тул тогтсон үнэ, үнэлгээгүй байдгаар нь хурдан удмын морь, хөөрөг сэлт тэргүүтнийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зоргоороо бичдэг арга заль ч бас бий)…
Нийслэлийн өмчит компани удирдаад завгүй байх байтал мөн л “ах” нарын жишгээр “ТУМ интернэйшнл” гэх компанитай. Газар тариалан, мал аж ахуй хослон эрхлэнэ, Үнэт эдлэлийн худалдаа, Аялал жуулчлал, Барилгын засвар хийх, Гадаад худалдаа, Барилгын засвар, засал чимэглэл хийж ч магадгүй хэмээн компанийнхаа үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байх нь сонирхолтой. Тариа тарьж, мал маллахаар аж ахуйн нэгж байгуулсан байж яахаараа ч нийслэлийн өмчит “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн захирал болчихсон явж байдаг юм.
Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард “Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор”-ын төвийн барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байгааг НИТХ дээр танилцуулж байсан ч яг үнэндээ өнөөх нь сураг ч үгүй байгаа. Тэгэхээр хувийн аж ахуйдаа зүтгээд, улс нийтийн ажлыг хаячихсан нэгэн байж мэдэх.
Ямартаа ч энэ бүхний эцэст Х.Баттулга нь “Азийн хүүхдүүд” спортын наадмын хорооны удирдлагуудад “Би ивээгээд зохиогоод өгье” гэж худлаа амлан азийн 37 орны өмнө шившиг болсон, худ С.Амарсайхан нь спортын хөгжлийн төлөө хэмээн нийслэлээс үнэгүй газар гаргуулсан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд байхдаа “Азийн хүүхдүүд олон улсын спортын VII наадмын нэрийг Олон улсын залуучуудын ногоон наадам хэмээн өөрчилж, холбогдох мөнгө хөрөнгийг тасралтгүй олгосугай” гэх ичгүүртэй тогтоолыг гаргасан, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан атал өнөөг хүртэл үл мэдэгчийн дүр эсгэн 376 дугаар тогтоолыг мөрдлөгө болго гэсээр төсөв мөнгө батлалцсаар яваа нь энэ нөхдийг ашиг сонирхлоор нэгдсэн бүлэглэл мөн гэдгийг нотолж байгаа хэрэг юм.
Гэтэл үүнийг нь үл анзааран Усан спорт сонирхогчдын холбооны хүүхэд залуус Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан усан спортын төвийн газар, түүнд зориулсан төсөв мөнгө хэн нэгний хэтэвч рүү шингэн алга болж буйд анхаарал хандуулаад өгөөч хэмээн захидал бичиж суугаа нь даанч өрөвдөлтэй бөгөөд эмгэнэлтэй…
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо