Өлсгөлөн цөөврүүд хар усан борооноор айлын хоттой хонь руу мөлхдөг шиг өлөн зэлмэн сэтгэлтэй эрх баригчид тахлын тархалт, өвчин хямрал дундуур татвар төлөгчдийн төвлөрүүлсэн таван төгрөгөөс цөлмөхөөр гэтэж яваад баригдсаны нэг нь “Богд зонхова” хөшөө…
Баригдмагц хулгайн дүнг 32 тэрбумд хүргэх санал санаачилгыг гаргасан эзэн олдохоо байж, өвчтэй эрүүл, галзуу солиотой нь мэдэгдэхгүй тайлбарыг ээлж дараалан хийж зувчуулахыг завдсан гэмээ дарахаар алиагаа алдаж байгаа.
Богд Зонховын хөшөөгөөр тогтохгүй экспортын тээвэр зогсч, дэлгүүр худалдааны төвүүдийн агуулах хоосорч, лангуунууд хаагдаж байхад элдэв тендэр, төсөл санаачилгад хэдэн зуун сая, тэрбумаар нь төсөвлөн, бүлэглэн хулгайлахаар гөлийтөл хүлээж суугааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн төлөөлөл болсон хүчтэй инфлүүнсэрүүд баримт, факттайгаар гаргаж тавьсаар байна.
Харамсалтай нь авлигачидтай, албан тушаал урвуулан ашиглагчидтай өршөөлгүй тэмцэнэ хэмээн цээжээ дэлдэгч Л.Оюун-Эрдэнэ намынхаа Их хуралд ухаанаа тавьж, хэрхэн яаж жинхлэхээ бодон улайрахаас өөрийг үл хийн, үл ойшоох нь өөрөө төсвийн хулгайчдын толгой нь юм биш үү гэчихмээр хөгийн, дорой харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.
Хөшөөгөөр хөрөнгө гаргаж, мөнгө зувчуулж сурсан эрх баригчдын луйвар булхай хэрээс хэтэрч спортын арга хэмжээ, уралдаан тэмцээний нэр барьж иддэг, энэ нь Монголын жалга довноос хальж гадныхныг ч хуурдаг, хулхиддаг болсон бололтой.
Зүүн Азийн залуучуудын спортын II наадам 2023 онд Монголд болно.
Үүнээс өмнө буюу өнгөрөгч 2020 онд Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам болох байв.
Гэвч спортын наадмын голлох төрлийн нэг болох усан спортын тэмцээн уралдааныг явуулах байгууламж улсын хэмжээнд байхгүй. Ямартаа улсаа төлөөлж олимпод оролцох хоёр тамирчин Туул голд бэлтгэл хийж байхав. Тиймээс олон улсын усан спортын бүхий л төрлийн уралдаан тэмцээнийг явуулах шаардлагыг хангасан усан спортын төв барих шийдвэрийг тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын худ Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан яаран сандран гаргаж, бүтээн байгуулалтыг нь 2019 онд эхлүүлээд байсныг бүгд мэдэх байх.
Усан спорт төвийн цогцолбор 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын спортын II наадамд зориулагдсан ч гэлээ Х.Баттулгын ивээл дор болох байсан “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмаар давхар ашиглачих санаатайгаар ийнхүү яаравчилж, ажлыг нь “Азийн хүүхдүүд спортын наадмыг зохион байгуулах үндэсний хороо” гээчийг байгуулан хариуцуулж байж.
Тус хороо ч шуурхайхан ажиллаж, юун төлөө төрийн тэргүүн хотын мээр хоёр нь худ ургууд билээ болж С.Амарсайхан нь Нийслэлийн Засаг даргын эрх мэдлээ ашиглан 50 метр, 25 метрийн хоёр усан сантай, олон улсын стандартад нийцсэн усан спортын төвийн газрыг Яармагт нэрлэн, үнэгүй олгож байлаа.
Улмаар Монголын усан спорт сонирхогчдын холбооны тэргүүнээр ажилладаг П.Батсайханыг шахан олон улсын өмнө нүүр улайхааргүй усан спортын төвтэй болох ажлын эхлэл тавигдаж байхад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд АПУ компаниасаа мөнгө гаргуул гээд өөрсдөө ч Эрдэнэс тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Нийслэлийн төсөв зэрэг эх үүсвэрээс 20 гаруй тэрбум төгрөг босгуулсан байдаг.
Ингэж их ажил чирэгдэл болгон газар, төсөв мөнгө гэхчлэн бүгдийг гаргуулсан хэрнээ Х.Баттулгын ивээл дор өнгөрөгч онд зохиогдох байсан “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам гэнэт шалтгаангүйгээр цуцлагдсан. Яагаад гэдгийг хэн ч ойлгоогүй.
Энэ талаар “Азийн хүүхдүүд” олон улсын хорооны ерөнхийлөгч Дмитрий Глушко Фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараахь байдлаар тайлбарласан байдаг.
…2016 онд Монгол улсын спортын сайд болон Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нартай 2020 онд Улаанбаатар хотод “Азийн хүүхдүүд” VII наадмыг зохион байгуулах талаар хэлэлцээрт гарын үсэг зурсан.
Гэвч гурван жилийн дотор Монголд спортын асуудал эрхэлсэн сайд дөрвөнтөө солигдсон, энэхүү улс төрийн халаа сэлгээ наадам зохион байгуулахад саад болсон.
Улмаар 2017 онд Монгол улсын Ерөнхийлөгч солигдсон ч наадмыг зохион байгуулах асуудалд биечлэн оролцож, наадам зохион байгуулна гэж хувийн зүгээс баталгаа өгсөнд бид баяртай байлаа.
Төд удалгүй наадмын зохион байгуулах хороо байгуулагдаж, даргаар нь Парламентын туршлагатай гишүүн, хүндэт хүн болох Энх-Амгалан томилогдон, жил хоцорсон ч ажлаа эхлүүлсэн. Тиймээс бидний зүгээс зохион байгуулах хорооны ажлын бичиг баримт, төлөвлөгөө, төсөл, бүхий л тэмцээнүүдийн хөтөлбөрийн төслүүдийг бэлтгэж, наадам зохион байгуулахад шаардлагатай объектуудын жагсаалтыг гаргаж өгч байлаа гээд, үргэлжлүүлэн
” Дөрөвдүгээр сард наадмын зохион байгуулах хорооны тэргүүнээр удирдуулсан төлөөлөгчид Сахалинд болсон “Азийн хүүхдүүд” өвлийн наадамд ажиглагчаар ажилласан. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байтал гэнэт л болохоо байчихсан. Монгол улсын тав дахь спортын сайд /2016 оноос хойших/ албан тушаалдаа орж, түүнийг наадмын зохион байгуулах хорооны даргаар томилсон.
Гэтэл тэр гэнэт л шалтгаанаа тайлбарлалгүйгээр наадмын захиргааг тарааж, шинээр байгуулсан юм. Захиргааны даргаар өмнө нь энэ төрлийн ажлын туршлагагүй хүнийг томилсон. Энэ ч сайдын эрх л дээ.
Гэхдээ гайхамшиг үүгээр дууссангүй. Сайд болон захиргаа бидний хүсэлт, утасны дуудлага, захидалд хариу өгөхөө больсон. Бид ээлжит хяналтын айлчлал хийхийн тулд Улаанбаатарыг зорьсон юм. Харамсалтай нь тэнд Наадмыг зохион байгуулах ямар ч хүсэлгүй байгааг олж харлаа.
Тайлбар авах гэж оролдсон ч , хүсэлт гаргасан ч биднийг огт хайхарсангүй. Монголын тал уулзалтаас байнга зайлсхийж байв. Ингээд л зохион байгуулалтын арга хэмжээний төлөвлөгөө батлагдсангүй, Наадмыг зохион байгуулах концепц алдагдав. Улмаар бид 2020 оны наймдугаар сарын 15-25-ны хооронд Улаанбаатарт явагдах байсан “Азийн хүүхдүүд” наадмыг зохион байгуулах эрхийг Монголоос татах ажиллагааг эхлүүлэхээс аргагүй болсон.
Наадмыг зохион байгуулахаа цуцалж байгаа талаарх албан ёсны шийдвэрийг хорооны үүсгэн байгуулагчидтай зөвшилцөн гаргана” хэмээн бичиж байв.
“Азийн хүүхдүүд” олон улсын хорооны ерөнхийлөгч Дмитрий Глушко фэйсбүүк хуудсаараа ингэж бичсэнээсээ хойш зохион байгуулах эрхийг нь цуцлаж болзошгүй талаарх мэдэгдлийг 2019 оны наймдугаар сард Монголын талд илгээсэн ч Монгол улсын Засгийн газар энэ асуудлаар тус хороонд хариу өгөөгүй байдаг. Тиймээс 10 дугаар сард нь Азийн Олимпийн зөвлөлөөс Монгол улсын наадам зохион байгуулах эрхийг цуцалж, 2022 онд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулахаар болсон байгаа юм.
Гэтэл дэндүү ичгүүртэй, гутамшигтай нь Монгол Улсын Засгийн газраас Азийн Олимпийн зөвлөлд ганц ч удаа хариу өгч байгаагүй атлаа 376 дугаар тогтоол гээчийг баталж “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам гэсэн нэрийг “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам” болгон өөрчилсүгэй хэмээн далийрсан байдаг.
Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулдаг энэхүү нэр хүндтэй наадмыг зохион байгуулаагүй байж юу гээчийн НОГООН НААДАМ бэ… Азийн олимпийн зөвлөлд ингэтэл хүндэтгэлгүй хандсан байхад “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам” гээч элийрэлд нь аль улс тоож оролцох юм бэ? Ер нь ч ийм ногоон, улаан наадам зохиогдох уу…
Дотоод байтугай гаднах зах зээлд ийм увайгүй, хариуцлагагүй хандаж, спортод эхнээсээ элэгтэй байгаагүй эрх баригчид “Улаанбаатар спорт менежмент” ХК гээчийг яаран сандран байгуулж “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг зохион байгуулах үндэсний хороо гээчийн ажлыг тус компанид шилжүүлсэн болгож дүрийг өөрчилсөн нь гайхалтай.
Тэрчлэн У.Хүрэлсүхийн гарын үсэгт дээрх тогтоолоор “Олон улсын хүүхдийн спортын наадам зохион байгуулах тухай” Засгийн газрын 2016, 2017 оны 145, 354 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай гэсэн байгаа юм.
Эндээс буюу У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 376 дугаар тогтоол гээчээс эрх баригчид олон улсын хүүхэд залуучуудын спорт, урлагийн наадам гээч хий хоосон нэрнээс мөнгө босгодог, босгосоор ч ирсэн, цаашид ч босгохоор төлөвлөсөн байна гээд хардчихад буруутаад байхааргүй бололтой.
“Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам болох албан ёсны арга хэмжээг хийлгүй мурьж, зугтсан хэрнээ “Олон улсын залуучуудын спортын ногоон наадам” гэх оргүй хоосон зүйлийг бий болгоод түүндээ 2024 оныг хүртэл буюу УИХ-ын ээлжит сонгууль болтол мөнгө босгож байгаад ямар нэг аргаар сугалаад авчих юм байна л даа. Тэгж л ойлгогдож, хар төрүүлж байна.
Тэрбайтугай 2023 онд Монголд зохиогдох ёстой гээд байгаа Зүүн Азийн залуучуудын спортын II наадмыг хийхгүй байж мэдэхээр байна. Учир нь тус наадмын голлох төрлийн нэг болох усан спортын тэмцээнд зориулсан газрын зориулалтыг өөрчилж, усан спортын төв барина хэмээн АПУ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, Нийслэлийн төсөв зэрэг эх үүсвэрээс босгосон 20 гаруй тэрбум төгрөгийг ч газрын гаваар үгүй болгочихсон бололтой.
Ингээд зогсохгүй нийслэлээс үнэгүй өгч байсан газрыг худалдаж авсан мэтээр 10 сая, улмаар бассейн барихад тохирохгүй тул тэгшилж зассан гээд 4 орчим тэрбум төгрөг гаргаж авсан байна. Энэ талаарх баримт факт нэг нийтлэлд багтахгүй тул дараагийн дугаараар хүргэнэ. Харин ийм гарцаагүй факт, ийм увайгүй үйлдэл нүдэн дээр нь ил байхад эрхэм Л.Оюун-Эрдэнэ гуай өөр ямар ичгүүргүйтэй тэмцэх гэж худлаа попрон, намын даргын сэнтий рүү давчдан зүтгээд байгаа нь ойлгомжгүй. Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох бус эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ болон түүний нөхөдтэй тэмцэх хүн эрх баригч намын дарга болж, их цэвэрлэгээг эхлүүлэх цаг болсон бололтой.
Үргэлжлэл бий…
Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо