Л.Оюун-Эрдэнийг засагласан үед дижитал чадвар буурч, араасаа 3-т жагслаа

Цар тахлын тархалтаа хянаж, хумиж чадахгүй, олон зуун хүнээ алдчихаад байж уучлал гуйж, хариуцлага хүлээхийн оронд эрүүл мэнд, амь насыг нь улам бүр эрсдэлд оруулан шоудсан Ерөнхий сайд, эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ, тэс хөндлөн мэргэжилтэй байж дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голдоггүйн үлгэрээр Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга сэтэр зүүсэн Б.Болор-Эрдэнэ нарын зарлан тунхагласан ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН нь дижитал өрсөлдөх чадвараараа 64 улсаас 62-т жагсчээ.

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс дижитал ертөнцийн өрсөлдөх чадварыг мэдлэгтехнологиирээдүйд бэлэн байдал гэсэн гурван үндсэн шалгуур үзүүлэлт, 9 дэд хүчин зүйлс гэхчлэн нийт 52 үзүүлэлтээр тооцсон байна.

52 үзүүлэлтийн 32 нь статистик судалгаанд суурилж, 20 нь санал асуулгаас бүрдсэн бөгөөд Монгол улсын хувьд үндсэн гурван шалгуур үзүүлэлт тус бүр нь хойш ухарсныг мэдээллээ.

Ингэхдээ мэдлэгийн түвшний чанар маш доогуур гарч, технологи болон ирээдүйн бэлэн байдал нь 1-3 байр ухарч шившиг болов.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дижитал өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2020 онд 43,68 байсан бол өөрийгөө бүрэн дижитал хэмээдэг Л.Оюун-Эрдэнийг Засаг тэргүүлснээс хойш буюу энэ онд 40,69 болж 2.99 оноогоор буурч, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Ерөнхий сайд хоёрын ам ажлын зөрүүг олон улсад харууллаа.

Тэрчлэн манай улсыг хэлбэр хөөсөн дүр эсгэгчид гэдгийг ялгаж тодруулсан үзүүлэлт ч тусгагдсан байна.

Үүнд, мэдээлэл технологийн байгууллагууд ажилтнуудаа сургахад зарцуулсан хөрөнгө оруулалт болон ухаалаг утас хэрэглэдгээрээ тэргүүлсэн атлаа түүнээ эргээд ашиглах мэдлэгийн солилцоо, кибер аюулгүй байдал, олон улсын туршлага, оюуны өмчийн зохицуулалт, судалгаа шинжилгээнд зарцуулсан хөрөнгө зэрэг үзүүлэлтээрээ сүүл мушгиж араасаа гуравт жагсч, ёстой л эсрэг тэсрэгийн туйл болов.

Ам л ангайвал цахим үндэстэн, дижитал монгол гэж далийрдаг Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нарын үед Монгол улсын дижитал өрсөлдөх чадвар дэлхийд гурван байраар ийнхүү огцом ухарсан нь дэндүү ичгүүртэй, шившигтэй мэдээлэл юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!