Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах саналыг боловсруулжээ

2021-11-30
2 мин уншина

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг.

Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна.

Түүнчлэн “Агаарын тээврийн либералчлал, иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн зөвлөгөөн”-өөс гаргасан зөвлөмжид Аялал жуулчлалын чиглэлээр улирал харгалзахгүйгээр жуулчдын урсгалыг тогтвортой өсгөх, агаарын тээврийн компанийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаатай уялдаатай төлөвлөж, аялал жуулчлалын захиалгат нислэгийн зохицуулалтыг өргөжүүлнэ гэж тусгагдсан. Үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хэрэглээ цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын төсөлтэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинэ нисэх  онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 14 дүгээр тогтоолын 1 дэх хэсэгт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилгоор охин компани байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгасан. Тус тогтоолын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/81 тушаалаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн охин компани болох “Эрчис ойл” ТӨХХК-ийг байгуулсан.

“Эрчис ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын онгоцны түлшний хангамжийн үйл ажиллагааг эрхлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах явцад ОХУ-ын “Роснефть” НХН-аас өөрийн охин компани болох “РН-Аэро” компаниар дамжуулан хамтран ажиллах санал ирүүлсэн байна.

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно.” гэж заасан.

Хуулийн энэхүү заалт нь “Эрчис Ойл” ТӨХХК нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн түлшний хангамжийн байгууламжийн үйл ажиллагааг гадаадын нийлүүлэгч, хөрөнгө оруулагч талтай хамтран хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа юм.

Иймд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсад агаарын тээвэрлэлт хийж буй дотоод, гадаадын агаарын хөлөг болон дайран өнгөрч буй агаарын хөлгүүдийг өрсөлдөхүйц үнэтэй шатахуунаар цэнэглэх үйл ажиллагааг дэмжих хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт нэмэлт оруулах саналыг боловсруулжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Орчуулах »
error: Content is protected !!