GOOGLE-ийн хайлтад Намын даргын үүрэг гүйцэтгэгчээр үлдчих вий, ТЭР

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдаасаа салахаар шийдэв бололтой. Ц.Нямдоржийг Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа урьж байсан бол өдгөө тэр өр рүү нь өшигчин, өөдийн бараа харуулахгүй чулуу нүүлгэж байх шиг байна. Мал тэжээвэл ам тостож, хүн тэжээвэл толгой цустана гэдэг.

Яг долоо хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн, цаашлаад МАН-ын хувь заяа шийдэгдэх нэн хариуцлагатай чухал өдөр…

МАН-ын дүрэмд зааснаар намын даргыг Их хурлаас сонгоно. Жинхлэх тухай ойлголт энд байхгүй.

Л.Оюун-Эрдэнэ намын даргад нэр дэвшигч төдий. Тэр эрх баригч намын дарга биш.

Заалнаас хэн ч дэвшиж болно. Тиймдээ ч Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар өрөг хийн Хотын фракцийнхан хөдөлгөөнд орлоо. Үүнтэй зэрэгцэн Сү.Батболдын “МЕГМО” нар ч уулзаж, учран үймэлдээд эхэлсэн. Увс бүлэглэл бүхнийг анхааралтай ажиглаж аль аль фракц дээр бооцоо тавьчихлаа, яг л банкныхан шиг…

Эвгүйтвэл бүгдээ алдаж мэдэхээр байгаа Л.Оюун-Эрдэнэ Их хурлаас урьтаж бүлэглэлүүдийг базаж, хайрцаглахын төлөө улайрч байна. Үүнийг генсэк Д.Амарбаясгалан Их хурлын тов зарлах үеэрээ хэлчихсэн. 

Тэрбээр “Их хурлаар намын даргыг батламжилна” хэмээн хальтирсан нь хашир бурхиудын анхаарлыг татав. Л.Оюун-Эрдэнэ гэж нэр заагаагүй ч угтаа батламжлах биш сонгоно гэж хэлэх ёстой байсан. Ингэж намын дүрмээс гажсан зар дуулгасан нь эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга дүрмээ мэдэхгүйдээ бус бүлэг, фракцуудад Л.Оюун-Эрдэнэ өөрөөр нь юу хийлгэх гээд байгааг эвтэйхнээр ойлгуулсан хэрэг биз.

АН-ын 21 жилийн ойн өдрөөр МАН Их хурлаа хийхээр товлолоо гэх Д.Амарбаясгалангийн мэдээллийг олон хүн нэгтгэн харсан нь нууц биш. Энэ өдөр улс төрд тэсрэлт болох нь зайлбаргүй.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар эртнээс таарамжгүй харилцаатай ч У.Хүрэлсүх, Х.Баттулга, С.Баяр нарын оролцоотойгоор инээж, уйлахын завсар хөтлөлцөн яваа чипакууд. Үнэндээ Л.Оюун-Эрдэнийг намын даргад жинхлэх процесст Д.Амарбаясгалан гэх хувь хүний санаа зорилгоос үл хамаарч бүх зүйл хийгдэж байгаа.

Гэхдээ зөвхөн өнөөдрийн түвшинд. Маргааш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг Д.Амарбаясгалангаас өөр хэн ч хэлж мэдэхгүй.

Үеийн үед капитануудын хоолон дахь хорыг ахлах тогооч нар л хийж ирсэн нь үнэн.

Д.Амарбаясгалан Их хурлаар намын даргыг “батламжлах”-аас гадна авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хүний эрхийн талаар голчлон хэлэлцэнэ гэснийг анхаарлын гадна үлдээж болохгүй. Энэ нь авлига, албан тушаалын хэргээр чирэгдэн одсон Д.Хаянхярваа болон түүний нөхдөд хаягласан Л.Оюун-Эрдэнийн дайвар шиг сонсогдоод байгаа ч эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэд чиглүүлсэн “сум” ч байж мэднэ.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод 10, намын даргын түр орлон тоглогч болоод 5 сарын нүүр үзэв. Түүний эрх барих хугацаанд урд, хойд хөрш хилээ хааж, Монгол Улсын эдийн засаг, иргэдтэйгээ цар тахлын тогоонд авралгүйгээр үйгдэж байгаа нь үнэн. Цаашид хэр хугацаанд тэсч байж гэрэл гэгээ харахыг чөтгөр ч мэдэхгүй биз.

Яг энэ нөхцөл байдал үргэлжилбэл 2024 онтой золгоход бэрх. Эл ганц шалтгаан Л.Оюун-Эрдэнийг намын дарга болгохоос татгалзах, Ерөнхий сайдаас буулгах хангалттай үндэслэл болно, уг нь.

2050 хөгжлийн хөтөлбөр, 10 их наядын хөтөлбөрөөс нь эхлээд дижитал монгол, ковидгүй зун, тахалгүй ёолк гэх амнаас гарсан бүгд нь худал хуурмагаар дүүрсэн хөөс төдий хөгийн тохуурхал гэдгийг бүгд ойлгох болсон. Тэрбээр залуу байхдаа google-ээс тэмдэглэл хөтөлдөг байсан хэмээн баримжаагүй залсан нь түүний үг бүрт итгэж болохгүй худалч, мэдлэг боловсролгүй таг харанхуй нэгэн гэдгийг нь нотолж байгаа юм.

GOOGLE 1998 онд ураг болон бүрэлдэж, 2004 онд ертөнцөд дөнгөж мэндлэн IPO-гоо танилцуулснаас хоёр жилийн дараа буюу 2006 оноос л трэнд болон хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд монголчууд бид ч мөн үеэс YAHOO-гоос GOOGLE-рүү бүдчин тэмтчин шилжсэн байдаг.

Ийм ил тод, ердөө саяхны түүх дээр улаан цагаан цуурч байгаа нөхөрт нам нь тэр аяараа итгэл үзүүлбэл шинэ цагийн хэллэгээр ёстой энэ нам 2024 онд “дуус, дуус” биз дээ.

2012 оны сонгууль шиг үсгүй арчуулах биз.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хувийн товчоо байгуулж ирээд л авлига албан тушаалтай тэмцсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан өнөөх авлигын эсрэг бүлэглэлийн ажлын үр дүн одоогоор байхгүй. Харин ч Монгол Улс авлигын индексээрээ нэг байр ухарсан үзүүлэлттэй.

МАН-ын дотоодод бол энэ бүлэглэлийн ач гавьяа их бий. Нам доторх бүлэг, фракцийн амыг барьж, тонгочуулж тонтогнуулахгүй байх мэргэн ухаан болсон уу гэвэл болсоон. Генсэк ч энэ торонд хүлэгдсэн гэдгийг намынхан нь хэлж байгаа.

Намын дотоодод ийнхүү хүлээстэй болсон бэрх цагт Д.Мөнх-Эрдэнэ нарын “борголт” хашааны гаднаас нэмэр болж байна гэдгийг спикерийн тойрон хүрээлэгчдийн дундаас ам алдсан байна билээ.

Д.Мөнх-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатар нар ч нутаг нуга төдийгүй сайн яривал садан төрөл гэх мессэж өнөөдөр эрх баригч намын дотоодод эрчтэй түгэж байна.

Ямартай ч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мөрийг консул асан залуу ийнхүү шиншилж эхэлсэн нь Л.Оюун-Эрдэнийг зайлуулах сонирхол мөр зэрэгцсэн нөхөд байтугай эрхэм нандин зөвлөхүүдийн нь дунд ч байгаагийн илэрхийлэл гэлцэж байгаа юм.

Мөрийтэй тоглоом тоглож, байнга гулгаа массажинд ордог л гэнэ…

Найзыгаа Шүүхийн ерөнхий зөвлөлд хэрхэн оруулж, хэрхэн хамтардаг, Хэнтий аймагт газраар яаж гараа угааж яваа гэхчлэн Ерөнхий сайдын дэргэдэх авлигын эсрэг тэмцэгч албан тушаалтныг нүүр хийх газаргүй болголоо.

Нэг үгээр бол энэ нь Л.Оюун-Эрдэнийг намын Их хурал дээр хэлэх үггүй болгож дөнгөлсөн явдал гэж дүгнэхэд хол зөрөхгүй.

МАН-ын Бага хурлын үеэр Ц.Нямдорж “Л.Оюун-Эрдэнэ 1980-аад оны төлөөлөл. Жижүүрээс намын дарга хүртэл явж байгаа нөхөр. Залуу хүн учраас жаахан “салхи”-тай. Салхи ихэдвэл гэмтэй тул хэт салхилбал би торгооно оо” гэж байсныг энэ зуурт саная. Тэр хэсэг бусаг нэр бүхий нөхөдтэй хамсан, хэлсэндээ хүрч байгаа нь энэ биш үү.

Намын Их хурлын маргааш Засгийн газар шинэчлэгдэж, дараагийн ээлж хоолондоо орох тул эрхэм консул асан маань Хэнтий нутагт бужигнуулж яваа нь тохиолдол гэхэд даанч үнэмшилгүй хэрэг билээ…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!