Аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлт нь эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үзүүлэлт байдаг.https://www.facebook.com/plugins/quote.php?app_id=1218772921574279&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1ddd4f96bfd63c%26domain%3Dupdown.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fupdown.mn%252Ff168d714b004c2c%26relation%3Dparent.parent&container_width=688&href=https%3A%2F%2Fupdown.mn%2F175084.html&layout=quote&locale=en_US&sdk=joey
Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нярайн эндэгдлийн төвшнийг 1,000 амьд төрөлтөд 12, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшинг 25-аас бага, эхийн эндэгдлийн төвшинг 100 мянган амьд төрөлтөд 70-аас бага болгон бууруулахаар зорилтыг тодорхойлсон.
Монгол Улсын их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтод сэргийлж болох эхийн эндэгдлийг 2030 он гэхэд 100 мянган амьд төрөлтөд эхийн эндэгдлийг 15, нялхсын эндэгдлийг 1,000 амьд төрөлтөд 8 болгон бууруулах зорилтуудыг дэвшүүлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг дөрвөн удаа, Эхийн эндэгдлийг бууруулах стратегийг хоёр удаа, эх нярайн эрүүл мэнд стратеги хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 1990 оны төвшинтэй харьцуулахад эхийн эндэгдэл 4.3 дахин, нялхас болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 4-өөс 5 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Эхийн эндэгдэл, урьдчилсан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Эрүүл мэндийн яам цаашид Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт тусгасан эх хүүхдийн эндэгдлийн хөгжингүй орны төвшинд хүргэж бууруулах зорилготойгоор бодлого шийдвэрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Ялангуяа эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж төрөлжсөн мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, эх барих хүүхдийн салбар шинжлэх ухааныг өргөжүүлэн нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэн эмчилгээ оношилгооны шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэн нутагшуулахаар ажиллаж байна” хэмээн онцлов.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд эхийн эндэгдэл тогтвортой буурахгүй эхийн ноцтой хүндрэл өндөр байгаа нь жирэмсний хяналтын чанарт нөлөөлж байна. Мөн жирэмсний хавсарсан эмгэгтэй эмэгтэйчүүдийг цаг алдалгүй эмчлэх төрөх насны эмэгтэйчүүдийн эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгийг жирэмслэхээс нь өмнө оношлох, эрт илрүүлгийг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд хийснээр жирэмсний тээлтийн хугацаанд төрөх явцад болон төрсний дараах үед үүсэх эрсдэл хүндрэл эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой болно гэдгийг мөн дурдав.
Эхийн эндэгдэл бүс нутгийн онцлог соёл заншлаас шалтгаалж харилцан адилгүй байгаа бөгөөд эхийн эндэгдлийн хожимдол болох дэд бүтэц харилцаа холбоо зам тээвэртэй холбоотойгоор эмнэлгийн тусламж авч чадалгүй эндэх тохиолдлууд байсаар байна. Монгол Улсын Засгийн газар эх хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж 2021 онд улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 964.2 сая төгрөгийн барилгын засвар 33.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч санхүүжилтийг цаашид тогтвортой нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна. Иймд 2022 оны төсөвт ЭХЭМҮТ болон Улсын хүрээ амаржих газруудад иж бүрэн засвар өргөтгөлийн ажлууд хийхээр тусгажээ.
Эрүүл мэндийн яам эх хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор 2020 онд Эх барих эмэгтэйчүүд хүүхдийн судлалаар 79 эмч төгсгөснөөс 61 эмчийн сургалтын төлбөрийг төрийн сангаас даасан. Мөн эх барих эмэгтэйчүүд судлал хүүхэд нярайн тусламж үйлчилгээний шинэ технологитой танилцаж туршлага судлах зорилгоор БНХАУ, Солонгос, Орос, Тайланд, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамруулж мэргэжил дээшлүүлсэн.
Цаашид эх барих хүүхдийн тусламж үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх шууд удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд байдаг нийслэлийн гурван амаржих газрыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлснээр нэгдсэн удирдлага бодлогоор хангаж ажиллах үүрэг шийдвэрийг өгсөн билээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд эх барихын тусламж үйлчилгээний чанар сайжирснаар эх нярайн өвчлөл эндэгдэл буурч дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030 Алсын хараа 2050 зорилтод хүрэх томоохон алхам болно. Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар хүртээмж эх хүүхдийн эндэгдэлд гол нөлөө үзүүлдэг хэдий ч иргэдийн эрүүл мэндийн боловсрол нийгэм эдийн засгийн хүчин зүйлс салбар дундын хамтын ажиллагаа бодлого боловсруулагч шийдвэр гаргагч нарын манлайлал оролцоо нэн чухал болохыг онцолсон.
Иймд үр дүнтэй чанартай эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд бүх шатны удирдлагын манлайлал салбар дундын оролцоог хангаж чадвал эх хүүхдийн эндэгдлийг бууруулж, тогтвортой хөгжлийн зорилт 2030 болон Алсын хараа 2050 хөтөлбөрийн зорилтод хүрч чадна гэж үзэж байна хэмээв.
Эх сурвалж: ЭМЯ