Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр ломбардтай сайдын нэр намын даргад яригдаж эхлэв

Эрх баригч нам XXX их хурлын товоо зарлахтай зэрэгцэн дараагийн Ерөнхий сайдаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарыг нэрлэж байна.

Хотын фракци дахин намын толгойд гарч ноёрхлоо тогтоох далдын хүсэл байлгүй яав гэж… Тиймээс нааш харж мишээн, цааш харж ярвайлдан энд тэндгүй, булан тохойд сэм уулзалтууд хийж эхлэхтэй нь зэрэгцэн жиргэсэн эл мэдээлэл огтын үндэсгүй зүйл биш биз.

Тэгээд ч мань эрд ганцаараа, гэр бүлээрээ мөнгө хүүлээд байлгүй энэ хүртэл чирч ирсэн фракцдаа хоолны төлбөрөө төлөх цаг болсныг зарим нэг нь хатуухан сануулсан дуулдана. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг…

Т.Билэгт, М.Энхболд хоёрын дунд тэлээ хурга мэт гүйж, албан тушаалын лифтээр ааг амьсгаагүй өгсөж яваа Б.Мөнхбаатарт ч намын даргын суудал тэгтэл хол санагдахгүй байгаа бололтой. Дээр нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дэмнээд өгнө. Дараагийн намын дарга, Ерөнхий сайдад Б.Мөнхбаатарыг нэрлэж байгаа хүн нь ч Д.Амарбаясгалан гэдгийг Тусгаар тогтнолын ордныхон хэлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсэк Д.Амарбаясгалан нарын зөрчил битүүхэн хурцдаж, хоноц хоноцдоо дургүйн үлгэр болоод удаж байгаа. Тэгээд ч хүний өөрийн намын хутгууруудын үүр уурхай болсон гэгдэж буй намаа аврах ганц гарц нь Л.Оюун-Эрдэнээс салах, түүний багаас эрх мэдлийг авах гэдгийг захын чавганц мэднэ. Эс бөгөөс МАН гэдэг улстөрийн хүчин бус, албан тушаал хуваарилдаг, худалддаг ТҮЦ, ТББ төдийхөн болж хувирах өнгөндөө хэдийнэ орчихоод байгаа нь үнэн.

Үүний төлөө генсэк хотын фракцтай үгсэж, хор найруулахаар зэхсэн бөгөөд энэ удаад сонирхолтой нь женко Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шилгээж, гарман дээр морио юүлнэ гэх яриа намын дотоодод хүчтэй яригдах болов.

Хотын фракцийн гол толгой М.Энхболд буюу Худалдаа хөгжлийн банкныхны бүлэглэл + Женко гэсэн гарчигтай сценари энд тэндхийн ширээнд харагдаж эхэлсэн нь МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг жинхлэх бус сэлгэхийн дохио байж мэднэ.

Энэ ажиллагаанд намын фракциуд дор бүрнээ бэлтгэлээ базаачихсан гэх тул дараагийн хүний нэрийг цахим орчинд ийнхүү хаяж үзэж буй нь энэ биз. Хэрэв Л.Оюун-Эрдэнийг жинхэлж, нөгөөх нь хорь, тавь гэх жингүйдлээрээ урагшилбал 2024 оны сонгуулиар нам ташраараа шалны алчуур болно. Тиймээс түүнийг шилгээж, Б.Мөнхбаатарыг ч болов гаргаж ирэх сонирхол хэд хэдэн бүлэг фракциудад бий болсон хэрэг.

Харин бүлэглэлүүдийн санаа чилэх болсон зүйл нь дэмжье, татъя гээд хартал мөнөөх Б.Мөнхбаатар нь гэр бүлийн хамт мөнгө хүүлэгч, барьцаалан зээлдүүлэгч төдийхөн болчихсон, хариуцсан салбараа өөд татах байтугай төсөвлөгдсөн хэдэн төгрөгийг нь цай, кофе, шагнал урамшуулал төдийхөнд цацлан энд тэндэхийн зогсоолын төлбөр жил сараар нь төлсөн шиг цаг өдөр аргацаан сууж.

“Өлөн зэлмэн” эл үйлдэл нь хэр хэмжээгээ давж улсын бүртгэлд хаяггүй компанид ч хөрөнгө гаргасан байгааг намын дарга сануулж, Танхимын тэргүүний суудалд бус АТГ-ын үүдний сандалд аваачиж мэдэхээр байгаа шүү гэдгийг анхааруулсан гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна.

Үнэхээр өнгөрөгч хавар, гуравдугаар сарын 11-нд “Үсэг хороо” ХХК гээчид Барилга хот байгуулалтын яамнаас хэвлэх зардал нэрээр 9 сая төгрөг шилжүүлсэн байх ч хачирхалтай нь ийм компани улсын бүртгэлд алга.

Тэрчлэн сайдаар томилогдсоныхоо дараахан, 2020.07 сард “Эрхэм инээмсэглэл” төрийн бус байгууллагаар ямар ажил гүйцэтгүүлсэн нь тодорхойгүйгээр 5 сая төгрөг шилжүүлсэн нь Ерөнхий сайдын чихэнд хүрч.

Мөнөөх ТББ нь уруул тагнайн төрөлхийн эмгэгтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд туслан зөвлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч Барилга хот байгуулалтын яаманд юу зөвлөж, ямар үйлчилгээ үзүүлээд мөнгө авсан нь ойлгомжгүй.

Салбарынхаа тендэрт нэг ч удаа ялалт байгуулж үзээгүй эл төрийн бус байгууллага яаж явахаараа Барилга хот байгуулалтын яамтай холбогдчихсон явдаг юм.

Тэрчлэн бадарчин явсан газар балагтай гэгчээр Б.Мөнхбаатарын хашсан албан тушаал, албан байгууллага өөдөлсөн түүхгүй тул хэрхэн дараагийн Ерөнхий сайдад яригдах юм хэмээн фракц хооронд үл ойлголцол үүссэн байна.

Тухайлбал, Оюутолгойн Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх “үүрэгтэй” гурван хүний нэгээр томилон явуулж байхад үр өгөөжийг нэмэгдүүлэх бус нэрмээс болгосон бүтэлгүй нөхөр гэх шүүмжлэлийг олон хүнээс гаргаж.

Үнэхээр ч тухайн үед Оюу толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын дэргэдэх Ажлын хэсгийн ажлын үр дүнгийн талаар Д.Дамба-Очир “Монгол Улсын 34 хувийг төлөөлж байгаа нь “Эрдэнэс Оюутолгой” компани. Захирлаар Б.Мөнхбаатар гэдэг хүн ажилладаг. Зөвхөн 34 хувийг хамгаалах үүрэгтэйгээр байгуулагдсан бүхэл бүтэн компанийг удирдаж байж ямар ч ажил хийж, үр дүн гаргасангүй” хэмээн айхтар бухимдаж байсан билээ.

Тэгэхэд Б.Мөнхбаатар “Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан. Тодорхой хэсгийг Оюутолгой компани хүлээн зөвшөөрч байгаа. Нийтдээ 25 татварын шийтгэлээс 21 дээр маргаан үүссэн. Тохиролцож чадвал асуудлаа шийднэ, чадахгүй бол Арбитр дээр очих байх” гэсэн доожоогүй, сул дорой юм яриад сууж байв. Тэгэхээр Монголын Засгийн газар болоод “Рио Тинто”-гийн өнөөдрийн маргааны эх үүсвэр түүний болхи, асуудал шийдэж, яриа хэлэлцээд орж чаддаггүй унхиагүй зангийн уршгаас үүдэлтэй нь үнэн.

Гадныхантай хэл амаа ололцох байтугай дотоод асуудлаа ч шийдэж чаддаггүйг гэрчлэх факт бий.

Түүнийг “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн Үндэсний худалдан авалтын хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаа гэгч ямар ч тендэргүйгээр “Оюутолгой” компанид 10 сая долларын 3000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх эрхийг авсан байдаг. Улмаар хөдөлмөр хамгааллын гутал, хувцас хэрэгсэл зэрэг 600 нэр төрлийн 5 сая долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг 2016 оны есдүгээр сард Ханбогд суманд бүртгэлтэй “Ханбогд Хөгжил” компанид мөн ямар ч тендэргүйгээр өгсөн байхад эрхэм Б.Мөнхбаатар гуай нүд чихгүй мэт гүлдийсээр буусныг хэвлэлүүд шүүмжилж байв.

Уг нь гэр бүлдээ барьцаалан зээлдүүлэх төв нэмж байгуулж чадсан шигээ улсынхаа төлөө ур ухаан гаргаж ажилласан бол иргэдийн халаасан дахь үхмэл 1072 ширхэг хувьцаа амь орж, амьдрал цэцэглүүлэх байлаа.

Өдгөө барилгын салбар ч өнгөрсөн жил гаруйн хугацаанд өөдлөх битгий хэл улам уналтад орж, олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан.

Харин салбарын сайдын хэтэвч зузаарч, барьцаалан зээлдүүлэх төв буюу иргэдийн хэлж заншсанаар ломбардынх нь тоо нэмэгдсэн байх жишээтэй. Тэрбээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар томилогдсоныхоо дараахан “Их инжирийн үр” ХХК, “Прайм Лөүн” ББСБ-тай хэмээн АТГ-т хөрөнгө орлогтоо мэдүүлж байсан бол Барилга, хот байгуулалтын дэд сайд болохдоо дээрх хоёр компаниас гадна “Инжирийн үндэс” ХХК, “Төгөлцамхаг констракшн” ХХК-ийн талаар нэмж мэдүүлсэн байв.

Нэмсэн “Инжирийн үндэс” компани нь мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Ингэснээр банк бус санхүүгийн байгууллагаас гадна хоёр ч ломбард ажиллуулж байгаа сайд юм.

“Төгөлцамхаг констракшн” ХХК нь барилгын засал чимэглэл хийдэг бөгөөд энэ нь ашиг сонирхлын ноцтой зөрчил юм. Банк бус, барьцаалан зээлдүүлэх, барилгын салбарт үйл ажиллагаа явуулах компанитай гээд Авлигатай тэмцэх газрын босгыг хэзээ ч давахааргүй энэ нөхөр Салбарын сайдаар томилогдохын өмнө Төгөлцамхаг констракшнаас эхнэр Б.Нарантуяагийнхаа нэрийг сугалан авч, Г.Мөнх-Эрдэнэ гэгч рүү шилжүүлсэн болж бүртгүүлээд л сайд болчихсон…  Ингэлээ гээд ашиг сонирхлын зөрчилгүй болчихдог гэж итгэдэг манайхны хууль журам ч гэж өрөвдөлтэй.

Улсын бүртгэл дээрх нэр хасуулахад л тухайн нөхөрт хамаагүй, хүртээлгүй болдог гэх тэнэглэлийг эвдсэн цагт л энэ улсын төсөв хөрөнгө хямгатай, хяналттай болох биз!!!

Сайдын эхнэр Бат-Очирын Нарантуяа нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ болон банк бус санхүүгийн байгууллагаа өөр хүнд итгэж шилжүүлж чадаагүй шиг байгаа юм. Төрийн сайдын гэр бүл ломбард ажиллуулж мөнгө хүүлэх нь энэ сайд эрх мэдлийнхээ хүрээнд төр, төсвийн мөнгийг угааж, эргэлдүүлдэг юм бишүү гэх хардлага эрхгүй, хэнд ч төрөх нь ойлгомжтой.

Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт мөнгө хүүлэх бизнестэй, гэр бүлийн ломбардаа хэрхэн сан хөмрөгийг нь арвижуулах вэ хэмээн цаг үргэлж бодож, тооцоолж суудаг нөхөр байхад 10 их наядын хөтөлбөр зөв замаар хэрэгжинэ гэдэг лөөлөө, ёстой хөх инээд хүргэж байна гэж гоочлогчид бишгүй байсныг буруутгах аргагүй…

Ийм л жижигхэн тоглолтой, гэр бүлийн гишүүн нь мөнгө хүүлэхээс өөр шидгүй нөхөр өнөөдөр намын дарга, дараагийн Ерөнхий сайдад огцом яригдаж эхлэв. Хэдийгээр энэ нь бүлэг, фракцийнх нь санаа байлаа ч эр хүний дотор эмээл хазаартай морь бүхлээрээ багтдаг гэгчээр эрхэм Б.Мөнхбаатарын толгойд эрх баригч намын даргын суудал, энэ Засгийн тэргүүнтэй юутайгаа багтан, горьдлого тээн яваа ч юм билүү, хэн мэдлээ…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!