Ерөнхий сайд, Тагнуулын байгууллага, ikon.mn гурвын хоршил үнэмшилгүй харагдаж эхэллээ

Тагнуулын байгууллага үе үеийн улстөрч, эрх баригчдын танил талын шахаас, чигжээс болсоор эцэстээ мэргэжлийн чадварлаг боловсон хүчингүй, сул дорой, арчаагүй, бүр дархлаагүй гэсэн ч болохоор болсныг өрнөж буй үйл явдлууд харуулж байна.

Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар зарах зар хакеруудын гэгддэг сайт дээр тавигдсан мэдээллийн мөрөөр хоёр сарын хугацаа өнгөрч байхад юу ч хийж чадаагүй хэвээр. ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга нөхөр нь ийм урт хугацаа өнгөрчихөөд байхад УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр “Шалгасаар байна, ХААН банк л мэдээллээ алдсан болов уу” гэхчлэн эцэслэн нотлоогүй байж бусдын бизнесийн нэр хүндэд халдаад зогсч байх нь эмгэнэл юм.

Тэрбээр энэ хариултаараа Монголын насанд хүрсэн бүх иргэний мэдээлэл алдагдсан нь үнэн бөгөөд Тагнуулын байгууллага IT технологийн хөгжлөөс зуун дамнан хоцорч үлдсэн, мэдлэг чадвартай боловсон хүчин үгүй болсон гэдгийг батлахыг оролдох мэт харагдана.

Уг нь мэдээллийн үнэн мөнийг олоход шаардагдах системүүд худалдан авахад л хэдэн төгрөг зарцуулагдахаас бус энэ зэргийн зарын эзнийг байг гэхэд алдагдсан мэдээлэл аль байгууллагын бүртгэл вэ гэдгийг IT технологийн чиглэлээр суралцаж буй оюутан ч олчих юм.

Тэгэхээр энд хоёр л дүгнэлт бий…

Монголын Тагнуулын байгууллага иймхэн мэдээллийн учрыг олж дөнгөхгүй дорой буурай болсон, эсвэл энэ нь Засгийн газраас хэн нэгэнд зориулан шидсэн АНХААРУУЛГА!!! бөгөөд Тагнуулын ерөнхий газар нь хамтарч байгаа юм биш байгаа гэсэн хардлага юм.

Хоёр дахь хардлага дээр тогтож харъя…

Монголын насанд хүрсэн бүх иргэний мэдээлэл алдагдчихаад байхад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байхад УИХ-ын гишүүн Д.Ганбатаас бусад нь яагаад ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын даргад асуулга тавьсангүй вэ?…  

Үнэхээр ийм ноцтой явдал болсон бол УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооныхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  нарыг “бариад идчихдэггүй” юм уу!!!

УИХ-ын гишүүн Д.Ганбат л ганцаараа асууж, бусад нь тайван суугаа нь эрх баригч намынхан “2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан” гэдэг худлаа, хэн нэгэн рүү шидсэн тэвнэ гэдгийг мэдэж байгаа гэсэн бас нэг өгүүлэмж биш үү...

Насанд хүрсэн бүх иргэний овог нэр, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар, тэрчлэн тухайн иргэний нэр дээрх аль нэг дансны дугаар бүхий биометр мэдээлэл хакерчдын гарт орчихоод байхад шүү дээ!!!

Эдгээр мэдээлэл хэн нэгэнд байгаа нь үнэн бол хүссэн инфлүүнсэрийнхээ хаягийг гартаа хийхээс эхлүүлээд хэнд ч, юу ч учруулж мэдэх ноцтой хэрэг мөн юм.

Гэтэл яагаад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг явагдаж байхад бүгд дуугүй, долоон буудлын Долгор амбаараасаа идэшний гуяа алдчихсан төдий хэрэг шиг үл тооно вэ?!

Алдагдсан гэх мэдээллийн бүртгэлийн ерөнхий загварчлал нь ХААН банкны бус харин ч Е Mongolia системийнхтэй, нарийн ярьвал вакцинд хамрагдсан иргэдийн дансанд 50000 төгрөг шилжүүлж байсан үеийн мэдээлэл биш үү, Ерөнхий сайд аа!!!

Л.Оюун-Эрдэнэ “Цахим Монгол” болох уриалга дэвшүүлж, энэ хүрээндээ цар тахалд туйлдсан улсынхаа хэтэвчийг гамгүй сэгсэрч чамгүй хөрөнгө урсгаж байгаа. Эцэстээ, гуравхан сая иргэнтэй улсад хэтэрхий далдайсан өргөн бүтэц бүрэлдэхүүнтэй шинэ яам байгуулахдаа хүрч, төсөв хөрөнгөө батлуулчихсан.

Одоо шинэ яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад газар хэлтсийн дарга нар хэн байх талаар бүлэг фракцууд булаацалдан, занчилдаж байна.

Ийм эгзэгтэй үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагийн гэх тодотголтой www.ikon.mn сайт дээрх мэдээллийг эхэлж цацсан нь сэжгийг улам бүр лавшруулаад байгаа юм.

Уг нь аль нэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлч олж хараад шуугичих болов уу гэж тооцоолон аравдугаар сарын 6-нд хакеруудын гэгдэх сайтад хачин зарыг байршуулсан байх… Гэтэл хэн ч олж харалгүй нэг сар өнгөрчихөв. Аргаа ядаад Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн гэх сайт мэдээллийг олж хараад мэдээлсэн болж, тэр өдөр нь Тагнуулын ерөнхий газар яаран тэвдэн зохиогүй мэдээлэл өгөх зэргээр үйл явдлын өрнөлийг хүчээр өрнүүлсэн байж мэдэх.

Энэ нь улс төрийн өнцгөөс Л.Оюун-Эрдэнэ шинэ яамны сайдаар генсэк Д.Амарбаясгалангийн энгэрийн сарнай, эрх сарнай ч гэгддэг Б.Болор-Эрдэнийг томилох сонирхолгүй байгаагийн илрэл гэсэн үг.

Дижитал шоу зохион байгуулж олныг бөөгнөрүүлэн цар тахлын үеийн хууль журмыг ноцтойгоор зөрчсөн, ойн медаль арилжиж ёс зүйн алдаа гаргасан, төсөв хэлэлцэх үеэр хөрөнгө оруулалт хайж байна гэх хошин юм яриад алга болсон зэрэг хэтэрхий их алдаан дээр 2.3 сая иргэний мэдээлэл арилжааны зар болж хакеруудын сайт гээчид тавигдсан нь хүсвэл Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг огцруулах байтугай шоронд илгээх хангалттай үндэслэл мөн.

Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг нугын хүүхэн, генсэкийн татаас, өвгөн С.Баярын өтөл болсон хойноо өөгшүүлэн түшиж буй сүүлийн түлхээс гээд Б.Болор-Эрдэнийг оролдохгүй байх шалтаг даанч олон. Тиймээс чигчийн чинээ хүүхэнг чимээгүйхэн зайлуулчих зай завсар Л.Оюун-Эрдэнэд хомс байгаа биз.

Ядахад нөгөөх нь яаманд очиж тамгаа гардах өдрийн дээлээ захиалчихсан гэлцэхийг хэлэх үү…

Ямартаа ч 3 сая иргэнд огтын хүртээлгүй, зөвхөн тухайн үеийн эрх баригчдын тагнах чагнах хэрэгсэл төдийхөн ажиллана гэх шүүмжлэлийг дагуулж буй Цахим яамыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөр хүнд буюу өөрийн бүлэглэлдээ товлосон нь тодорхой.

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат (женкогийн хүн гэгддэг) ганцаархнаа эл асуудлыг асуулт болгон тавьж, түүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчийн гэгддэг ikon.mn сайт мөн ганцаар мэдээлснийг зогтусан анхаарахад илүүдэхгүй.

Тэгвэл эл болхи сценарийг Ерөнхий сайдын баг хийсэн гэж хардвал яагаад алдагдсан мэдээлэл ХААН банкных байж болзошгүй хэмээн Тагнуулын ажилтнаар удаа дараа хэлүүлэн ХААН банкны хувь эзэмшигч болсон гэгдээд буй зөвлөх Х.Баттулга (женко) руугаа мушгиулаад байна вэ гэх асуулт гарна.

Энэ нь Ц.Нямдорж Консул асан Д.Мөнх-Эрдэнийн ард байгаа гэх хардлагыг холдуулахын тулд үзэсгэлэнт амбааруудаа лайвдуулсан гэдэг шиг хөгийн хавчуулалт буюу товчхондоо хар пиарчдын баг тарсан, ахлагчид нь төсөл хөтөлбөрүүдийн ашиг унацын амтанд ороод тархи нь гүйцэд ажиллахаа больсон алдаа төдий юм…

Эс бөгөөс баталж нотлоогүй байж бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдлаа гэхээс эхлээд ХААН банк Тагнуулын Ерөнхий газар руу чичрэн давчдаж болох хангалттай хугацаа өнгөрч байна!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!