Олигархиудын цодгор ХҮҮ

Өсөхийн өлөн нь арилаагүй нөхөд мөнгөний эрх мэдэл атгахаараа хулгайч муур шиг увайгүй аашлах аж. Тод мөр, тодорхой факттай нь Барилга хот байгуулалтын яам байна.

МУИС-ийн нэр дээр бүртгэлтэй авто машины зогсоолын төлбөрийг Барилга хот байгуулалтын яамнаас гаргаж 1.620.000 төгрөгийг шилжүүлсэн байх юм. Хар өнгийн 05-79 УНҮ улсын дугаартай Соната-7 маркийн автомашин Баянзүрх дүүргийн 16-р хороо, Улаанхуаран Да хүрээ гудамж 105а байрны зоорийн давхрын 7 тоот авто зогсоолд тавигддаг байх бөгөөд төлбөрийг нь Барилга хот байгуулалтын яам ийнхүү төлдөг байна. Хоногийн төлбөр 9000. Сард 270.000 төгрөг. Өвлийн улирлын хэмээн тодотгож 6 сараар төлбөрийг авахаар тохиролцсон 2020/242 тоот гэрээ тэдэнд бий.

Тэрчлэн хар өнгийн 07-81 УБЗ улсын дугаартай “Ланд-200” маркийн автомашины зогсоолын төлбөрийг ч мөн Б.Мөнхбаатар сайдын яам хариуцдаг юм байна. Алфа  моторсын барилгын авто зогсоолын сарын төлбөр 267.000 төгрөг. Мөн 6 сараар төлбөр төлөхөөр гэрээлж 1.602.000 төгрөг шилжүүлсэн баримттай. Ёстой нөгөө, хургандаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байна гэдгийн торгон жишээ, хөгийн зувчуулалт энэ.

Цар тахлын улмаас барилгын салбар уналтад орж, бараа материалын үнэ тэнгэрт хадсан. Олон ч компани хаалгаа барьж, тэр хэрээр ажилгүй иргэд олширсон байхад Б.Мөнхбаатар сайдын үрэлгэн байдал даанч хэтэрхий.

Эрхэм сайдын “өлөн” зан дарагдалгүй жуух бичигт 5.5 сая, ахмадуудад хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулахад 4.9 сая, өрөөгөөрөө орсон гарсныг цайлахад хагас сая гэхчлэн халгиж, цалгина.

Нааш харж инээн, цааш харж идэж яваа тэрбээр Монголд байгаа төмөрлөгийн 15 үйлдвэрийг салбар яам бодлогоор дэмжинэ гэж ярьсаар бүтэн жилийг барав. Эрээн хот хаалгаа барьмагц барилгын материал хомсдож, байгаа жаахан нь тэнгэрт хадан энэ салбар тэг зогсолт хийхэд хүрсэн.

Монголыг дээшээ биш доошоо сүндэрлүүлнэ гээд ирэх оны төсвийн ихийг нь Барилга хот байгуулалтын яам батлуулахыг бүгд харлаа. Нүдэнд харагдах өндөр барилга бус газар дорх дэд бүтцийг бий болгоход Монгол Улс анх удаа өндөр дүн хаяж байгаа нь энэ. Доодох байтугай дээдэх барилгаа олигтойхон барьчихаж чадахгүй байхад улс төр судлаач мэргэжилтэй Б.Мөнхбаатар бүр барах уу.

Насаараа намын хаяа бараадсан тэрбээр Н.Энхбаярын уналтын үеийн хорыг гарамгай хутгалцсан гэх гавьяагаар хээр хонож, хэц дэрлэлгүй энэ хүрч яваа.

Оюутны ширээнээс улс төрд хөл тавьж, тухайн үеийн МАХН залуучуудыг намдаа элсүүлэх ажиллагааг ид өрнүүлэх үеэр Б.Мөнхбаатар улаан батлах өвөртөлсөн байдаг. Улмаар Монголын Ардчилсан социалист оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргын сэтэр зүүж жижигхэн карьерээ эхлүүлсэн нөхөр.

Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Т.Билэгт нь Б.Мөнхбаатарын эцэг, эхтэй нэг нутаг нуга төдийгүй угсаа гарал нэгтэй.

Улс төр судлаач бацаан нэг л өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч даргаар томилогдсон нь “Хотын фракци”-д хаяглагдах болсны нь шошго байв.

Улмаар 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшин Засаг ноён болсон. Ажлаа аваад удаагүй “Би Э.Мөнх-Очирын хийсэн балгийг цэвэрлэх ажил л хийж байна” хэмээн мэдэгдэж, нам дотроо танигдах алхмаа тавьж байсан. Үнэндээ ажлыг нь авчихаад өмнөх даргынхаа араас угаадас цацахыг улс төр гэж ойлгож явдгийнх нь илрэл тэр.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр өрсөлдөж, ялагдал хүлээсний гол шалтгаан намынхан нь, тэр дундаа төв аппарат нь түүний эсрэг хүчтэй ажилласан явдал хэнд ч нууц байхаа больсон. Нийслэлийн намын хороо хуруугаа ч хөдөлгөөгүй.

Нийслэлийн намын хорооны даргаар Т.Билэгт ажиллаж байсан бөгөөд Б.Мөнхбаатар түүний энгэрийн халаасанд эвхээтэй явж байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Т.Билэгт хариуцлагыг хар толгойгоороо хариуцаж, Нийслэлийн намын хорооны даргын суудлаа өгч байгаагаа мэдэгдсэн ч түүний оронд Б.Мөнхбаатарыг томилсон нь нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй гэгч болоод дууссан.

Т.Билэгт өргөдлөө өгч, оронд нь Б.Мөнхбаатар болон тэр үеийн хотын дарга Г.Мөнхбаяр нар өрсөлдсөн ч санал хураах мөчид Г.Мөнхбаяр нэрээ татан Б.Мөнхбаатарыг нийслэлийн намын хороон дарга болгож байсан хошин үзэгдэл.

Тэрчлэн Т.Билэгтийн өргөдөлд сонгуульд ялагдал хүлээсэнтэй нь холбоотой үг өгүүлбэр байгаагүй бөгөөд нас явсан, залуучууддаа боломж олгоё гэх мэтийн золбин шалтгаанууд л тоочсон байсан гэдэг. Энэ нь Н.Энхбаярыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн Б.Мөнхбаатарыг шагнаж урамшуулсан цагаандаа гарсан үйлдэл л байж.

Намын хууччуул олонд танигдаагүй шалдан бандид нийслэлийн намын хороог атгууллаа гэж ширээ өшигчиж байсан ч “Хотын фракци”-ийн эсрэг хэр удаан тэлчлэх билээ дээ.

Түүнээс хойш зам мөр нь тэгширч, буян заяа нь дэлгэрч АН-ын засаглалын үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, МАН төрийн эрхийг авахад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын дэд сайдын алба хаших зэргээр сэгсийтэл жонжуулав.

Жил хүрэхгүй хугацааны дараа салбар хариуцсан сайд болж томорсон нь энэ.

Гэвч өсөхийн өлөн арилдаггүй гэгчээр татвар төлөгчдийн мөнгийг тэр энэний зогсоолын төлбөр, тавгийн чихэрт урсган увайгүйтэж явна.

Т.Билэгтийн гараас хөтөлж улс төрд хөл тавьсан Б.Мөнхбаатарыг М.Энхболдын гэж хаяглах нь олонтаа. Гэхдээ түүнийг Барилга хот байгуулалтын яаманд оруулсан хүн нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гэдэг. Говь-Алтайн гэх ижил шошготой тэд тун ч ойр.

Б.Мөнхбаатарын эхнэр Б.Нарантуяа мөн Говь-Алтайнх. Сонгуулийн одгүй Б.Мөнхбаатарыг генсэкийн татаасаар барилгын салбарт сампин тэврээд мэддэг чаддаг, ойлгодог дүр эсгээд, зонховын царайн гарган үл мэдэгчээ нуун суудаг хөөрхийлөлтэй эр хэмээн намынхан нь дүгнэх аж.

Тэрчлэн Б.Мөнхбаатарын бусдыг татах зүйл нь мөнгө гэх тодорхойлолтыг дайж байгаа юм. Дэд сайд байхдаа жилдээ 260 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр 2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 27.3 сая төгрөг олдог хэмээн огцом бууруулан мэдүүлсэн. Харин гэр бүлийн орлого нь 148.5 сая.

Сайдын орлого буурсан нь эхнэрийнхээ нэр дээр дахин нэг барьцаалан зээлдүүлэх компани байгуулсантай холбоотой биз. Банк бус санхүүгийн байгууллагаас гадна хоёр ч барьцаалан зээлдүүлэх компанитай.

Эхнэрийнх нь нэр дээр бүртгэлтэй дээрх компаниуд гадаад худалдаа, кофе шопын л эрхтэй төдий.

Банк бус, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг сайдыгаа барилгынхан битүүхэн егөөдөж байна. Барилгын салбар уналтад орох тусам манай сайдын гэр бүлийн орлого өснө. Модоо барих шахсан компаниуд сайдын гэр бүлийнхний эрхэлдэг компаниудаас зээл авах нь тодорхой. Тиймээс Б.Мөнхбаатар сайд барилгын салбарыг босгох талаар зүүдэлж ч үзээгүй байх гэлцэн маазардаг аж.  

Тэрчлэн оюутны ширээнээс улстөр, төрийн албан хаагчийн ширээ рүү шилжиж, ганц ч жил хувиараа бизнес эрхэлж үзээгүй хүн яахаараа 2.5 тэрбумаас дээш дүрмийн сантай банк бус, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хэд хэдэн компанитай болж үнэт эдлэл, газар, үл хөдлөх хөрөнгөөр бялхчихсан суудаг юм бол гэх хардлагыг ч сайддаа хаяглаж байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Орчуулах »
error: Content is protected !!