АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төслөөр нийслэлийн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дархан-Уул, Хэнтий аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд нэгжийн үнэ нь 122,641,000 төгрөг бүхий нийт 981,128,000 төгрөгийн өртөгтэй Япон улсын Olympus корпорацид үйлдвэрлэгдсэн Ходоодны дуран оношилгооны иж бүрдлийг гардуулан өгөв. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Б.Буянтогтох, АХБ-ны ЭМСХХ-4,4+5,5+ НТХН-ийн зохицуулагч А.Мөнхтайван, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2020 оны 7 дугаар сараас эхлэн хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн төсөл нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж арга хэмжээг идэвхтэй дэмжин Шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн лавлагаа шатлалын 67 эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо, эмчилгээг сайжруулахад зориулан амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай 138,5 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулав.
Монгол Улс 100,000 хүн амд ногдож байгаа хорт хавдрын өвчлөлийн түвшинээр дэлхийд өндөр, нас баралтаараа хамгийн өндөр улс юм. Манай улсад 2010-2019 оны хооронд 38119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байна. 2019 онд хорт хавдрын нас баралтын 4801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ. Хорт хавдрын шалтгаант нас баралтын бүтцийг судалж үзэхэд сүүлийн 10 жилийн дунджаар 2-р байранд ходоод 15.6 хувь, 4-рт улаан хоолой 7.6 хувийг тус тус эзэлж байна. Хорт хавдрыг эрт илрүүлэн оношлоход хүн амын хавдрын талаарх мэдлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол давтамжтай үзүүлэх нь чухал ач холбогдолтой. Нөгөө талаар ДЭМБ-ын 194 орны засгийн газар нэгдэж баталсан “Хорт хавдрын эсрэг шийдэл” тогтоолд “…хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянахтай холбоотой асуудалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.. нь улс орнууд нэн тэргүүнд тавих, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал гэж заасан билээ. Иймээс АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үе шаттайгаар хийснээр хөдөө орон нутгаас хот руу чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой урсгалыг багасгах, ард иргэдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг оршин буй нутаг дэвсгэрт нь цаг алдалгүй үзүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.